Цагаан сарын баярын үеэр хятадууд нийт 76 тэрбум ам. доллар зарцуулжээ

Twitter Print
2019 оны 02-р сар 11-нд 16:40 цагт
Мэдээний зураг,

Цагаан сарын баяр тохиосон өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын иргэд дотооддоо нийт 415 сая удаагийн аялал хийж, 513.9 тэрбум юань буюу 76.21 тэрбум ам. доллар зарцуулсан тухай Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас мэдээлжээ.

Сонирхуулахад ОУВС-аас 2018 онд гаргасан тоон статистикаар Люксембург улсын ДНБ 69 тэрбум ам. доллар, Латвийнх 34 тэрбум, Киприйнх 23 тэрбум, БНХАУ-ын хөрш Монгол улсынх гэхэд л 13 тэрбум доллар билээ. Ингээд харахад хятадууд ганцхан долоо хоногийн дотор Монголын ДНБ-ийг бараг 6 нугалсантай тэнцүү их мөнгийг үрсэн байна. Хаврын баяр буюу Цагаан сар Хятадад энэ жил 2-р сарын 5-нд тохиож, гахай жил гарсан билээ.

Цагаан сарын баяр Хятадад өнгөрсөн ням гарагт албан ёсоор дууссан ч иргэд баяраа шинийн 15 буюу Дэнлүүний баяр хүртэл үргэлжлүүлэн тэмдэглэдэг заншилтай аж. Баярын долоо хоногт хятадууд нийт 415 сая удаагийн аялал хийсэн нь 2018 оныхтой харьцуулахад 7.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Цагаан сарын үеэр хятадууд соёлын арга хэмжээнд оролцож, үндэсний ёс заншил бүхий тоглолтууд үзэхийг илүүд үзсэн ба жуулчдын 40 орчим хувь нь музей үзсэн хэмээн Соёл, аялал жуулчлалын яамнаас мэдээлжээ.

Хятадуудын хувьд Цагаан сар нь гэр бүлийн уламжлалт баяр бөгөөд сая сая иргэд гэр бүлийнхэнтэйгээ баяраа тэмдэглэхээр замд гардаг нь Хятадын дэд бүтцэд маш том ачаалал үүсгэдэг.

Энэ жилийн хувьд энэхүү ачааллын үе 1-р сарын 21-ээс эхэлсэн ба 3-р сарын 1 хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа гэжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

С.Энхзаяа, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.