Үүр цайхад Өнжүүлээ та минь зорино...

Twitter Print
2019 оны 02-р сар 10-нд 21:30 цагт
Мэдээний зураг,

Үүр цайхад Өнжүүлээ та минь зорино! Үргэлжид үүл адил хуруулах тамхины тань утаа хамарт цоргиж, түүх хөврөөж, би хөрвөөнө.

Учиргүй зүйл үгүй гэх, үнэхээр л тийм юм. Монгол Тулгатны хамгийн анхны зочин бол Буриадын алдарт уран барималч Даши Намдаков байсан билээ. Өөрөөр хэлбэл Монгол Тулгатан төслийн хамгийн анхны мотор түүний дугаарыг бүтээхийн төлөө асч байсан. Түүх сөхвөөс, кино үйлдвэрт сүндэрлүүлсэн сүрлэг тайз маань хараахан дуусаагүй, будаг шунх нь хатаагүй ханхалж байхад зочин маань Лондонгоос буучихаж байсан. Анхны зочноо авчирахад овоо хэмжээний зардал гарч, нэвтрүүлгийн санаачлагч, продюсерийн хувьд бүгдийг шийдэж мотороо асааж, төслөө эхлүүлж байлаа... Шинэхэн тайз, шинэ баг, шинэ камер, хамгийн гол нь цоо шинэ хоёр хөтлөгч. Бид хоёр хоёулаа телевизийн салбарын улс биш. "Мотор" гэх дохионоор Лхагва ах руу хартал хирийн сандардаггүй, хашир хүн нилээд тэвдүү харагдсансан. Тэр өдөр бол, агуу найрагч хийгээд эрс өөр мэргэжилтэй энгийн нэгэн бидэн хоёрын " хөтлөгч" болсон өдөр билээ! Мартахын аргагүй.

Бид хоёр зочдоос юу асуухаа хоорондоо огт ярьдаггүй онцлогтой байсан, тэр л барилаараа олон дугаараа бүтээсэн. Өөр өөрийн өнгө намбаар, танхайдуухан туучаад гардаг байж.

Бидэн хоёрыг телевизийн хөтлөгч болгосон тэрхүү дугаар цаг хугацаанд бүтээгдсээр Лхагваа ахыг тэнгэрт халихын өмнө өдөр түмнээ цацагдаж, түүнийг минь үджээ! Эхний бичлэг эцсийнх болох учиртай байж! Дашийн дугаарт яриа дүрс минь баларсан ч болж өнгөрсөн түүх, яриа, дүрс, хөдөлмөр бүхэн минь та бидэн хоёрын сүнс, сэтгэлд оршин буй! Хийж туулсаныг хэн ч үгүйсгэхгүй. Хэн юу гэх хамаагүй, хэн юуг хэрхэн үгүйсгэх ч хамаагүй! Та бидэн хоёр л үнэнээ мэдэж, үйл жаргалаа хувааж, түмэн үзэгчийн өмнө тэс өөр хоёр өнгө нэгэн цул болж очсон юм байна! Бүтээлийг минь өлгийдөн авч, дэм илгээсэн үзэгч түмнээ ахин дахин гялайлаа!

Өнжүүлийн талд шүлэг найргийг тань сонсч, Зоргол хайрханы өвөрт хүүрнэн суух эдгээр зураг ихийг өгүүлнэ...

Төөрөг тавиландаа Талархъюу! 

Таныг нөмөрлөж түүх туурвисны учир! 

Тандаа ихээр Талархъюу! 

Хат сууж, ухаан тэлээсний учир!

Өнжүүлээс урган өндийж Өнжүүлдээ уусав та минь! Уусч найрахын орчлонд бүтээхийн тэнгэр дор нэгдсэн та бидэн хоёрын түүх Гэгээн!

Пүрэв-Очирын Анужин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.