Д витамин илүүдэх нь дутахаасаа илүү хор уршигтай

Twitter Print
2019 оны 06-р сар 16-нд 10:14 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед Д витамины тун, шинжилгээний талаар манайд хандах болсон үйлчлүүлэгч нараас дүгнэн дараах мэдээллийг хариуцлагатайгаар хүргэж байна. Эцэг эхчүүд маань маш олон мэдээлэл, зөвөлгөөнөөс хүүхэд нь өдөрт яг ямар тунгаар Д3 аминдэмийг ууж рахитаас сэргийлэх талаар учраа олохгүй байгааг сайн ойлгож байна. Гэхдээ доорх мэдээлэл нотолгоонд суурилсан үнэн зөв гэдгийг хэлэхийг хүсэж байна. Д витамин илүүдэх нь дутахаасаа илүү хор уршигтай!

Д3 витаминыг 0-4 настай хүүхдэд 400 о.у.н-ээр өдөр бүр өгөхөд Д витамины өдрийн хэрэгцээг 100% хангана гэж Ди-Вайт, Три-Вайт, Поли-Вайт витамины хайрцаг дээр хүснэгтээр цагаан дээр хараар тун ойлгомжтой бичсэн байдаг.

Үүнээс тооцоолоход:

500 о.у.н-ээр өгвөл 125%
600 о.у.н-ээр өгвөл 150%
800 о.у.н-ээр өгвөл 200%
1000 о.у.н-ээр өгвөл 250%
2000 о.у.н-ээр өгвөл 500% хангана гэсэн үг. 

Хүүхдийн өдрийн хэрэгцээ бол 100% гэдэг нь хэнд ч ойлгомжтой. 1000-2000 о.у.н бол өдрийн уух хамгийн дээд хэмжээ. Ийм тунгаар Том хүн ялангуяа 40-50 -аас дээш насныхан өдрийн тунг болгон уудаг, учир нь Д витамины нийлэгжилт мууддаг байна.

Хүүхдийг хөлөрдөг, толгойгоо ширгээдэг, дагзны үс нь унадаг, цочидог гэх мэт шинжээр Д витамины дутагдал буюу Рахитын шинж гэж онош тавих нь буруу гэдгийг Анагаах ухаан тогтоосон. Тэгэхээр эдгээр шинжээр Рахит онош тавьж Д витамины тунг 1000-2000 о.у.н-ээр өгч болохгүй гэсэн үг. Харин хүүхдийн бугуй нь товойж бугуйвч зүүсэн юм шиг болох, хавирга мөгөөрсний уулзвараар товойж эрх зүүлэн юм шиг болоход Рахит гэдэг онош тавьж 2000 о.у.н-ээр 6 долоо хоног буюу ердөө 1,5 сар л уулгаж эмчилнэ. Үүний дараа буцаад 400 о.у.н болгох ёстой.

Гэтэл манайд бараг хүүхэд болгонд Д витаминыг рахитаас урдчилсан сэргийлэх тун гэж 1000-2000-аар өг гэнэ, эцэг эхчүүд ингэж өгнө. Эсвэл хөлөрч байна рахит гээд 2000-р удаан хугацаагаар уулгана. Энэ буруу.

Д витаминыг өдөр бүр 250-500%-аар хангаж өндөр тунгаар уусан хүүхдийн Д витамины хэмжээг цусанд үзэхээр мэдээж өндөр гарна. Тэгэхээр нь Д витамины хордлогод орлоо одоо зогсоо гэнэ.

Д витаминаа угаагүй 1-2-3 сар болбол Д-гийн хэмжээ цусанд бага л гарна шүү дээ. Хүүхдийнхээ судсыг хатгуулж байхын оронд Д витаминаа л 400 о.у.н-ээр тогтмол өгнө биз дээ. 

Д витаминыг өндөр тунгаар уухад Д-ийн хэмжээ цусанд өндөр л гарна. Шинжилгээ өгч судсыг нь хатгуулж байхын оронд тунгаа багасгаад 400-аар л өгнө биздээ. 

Ийм л энгийн тооцоо байна шүү дээ.

Д витамины тунг ихэсгэхэд тэр хэмжээгээр мөнгө зарна, шинжилгээ өгөхөд мөнгө зарна, бөөн явдал болно.

Манайд 1 хүүхэд гадаадын 5 хүүхдийн Д-г ууж байна. Энэ бол хий хэрэгцээ үүсгэж байна гэсэн үг.

Одоо бүүр Д витамины шинжилгээ хийгээд бага гарахаар нь нэг удаа тариагаар Д витамин тариад эмчлэх шинэ мод дэлгэрлээ. Нэг удаагаар өндөр тунгаар тарих /200,000-300,000 о.у.н/, уух нь үр дүнгүй харин ч эрсдэлтэй, бөөрний эд эс гэмтэнэ гэж Анагаах ухаан нотолчихсон байна шүү дээ. Д витамин илүүдэх нь дутахаасаа илүү хор уршигтай!

Хий хэрэгцээ үүсгэж бизнес хийнэ, Д витамины тунг ихэсгэж бизнес хийнэ. Энэ хооронд хэн хохирч, хэн нь монжиж байгаа нь тодорхой.

Зинт Клиникийн хүүхдийн эмч Д.Солонго

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.