Тамир, Тайхар хоёр

Twitter Print
2019 оны 02-р сар 11-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

Хүмүүс өөрийн дүрсээ тунгалаг усанд харж тольддог байсан тэр цаг үед Болор гэдэг нэртэй нэгэн гол байж гэнэ. Тэр голын эрэг дээр уулын цээнэ, усны лянхуа шиг үзэсгэлэн төгөлдөр гоо зүстэй Тамир хэмээх бүсгүй хөгшин буурал ээжийн хамт амьдран суудаг байв.

Хосгүй төрсөн Тамир охин тэр тунгалаг сайхан Болор голоос ус авахаар ирэх бүртээ үзэсгэлэн гоо царайгаа усанд тольдож, уртын сайхан дууг уяхан хоолойгоор аялж, урт хар гэзгээ самнан суудаг байсан бөгөөд нутаг усныхаа хөгшин залуу бүх л эрчүүдийн зүрх сэтгэлийг догдлуулдаг байжээ. Түүний ийнхүү очиж саатдаг байсан газар нь гайхалтай тув тунгалаг устай нэгэн тохой байсан бөгөөд нутгийнхан тэр тохойг “Болор толь” гэж нэрийддэг аж.

Гэтэл нэгэн хөгшин баян Тамир охинд санаархаж өдөр бүр арга сэдэн зовоодог байв. Залуу бүсгүйд дурлалт хархүү байсан тул хөгшин баянаас үргэлж зугтана. Эл байдалд дургүйцсэн хөгшин эр хорсохдоо Тамир бүсгүйн өөрийгөө тольддог байсан өнөөх тунгалаг сайхан усыг нь булингартуулж, хавийн шороогоор булж орхижээ. Бүсгүй толь усан дээрээ иртэл ямар ч дүрс харагдахгүй нов ногоон ус цэлэлзэж байсанд харамсан цочиж толь мэт тунгалаг усаа яасныг мэдэхээр гол руу шумбаж ороод дахин гарч ирээгүй гэдэг.

Дурлалт хархүү Тайхар нь болзоот газраа олон өдөр ирж гуниг харуусал тээн өнжин хонон хүлээж ядаад том чулуу болон хувирсан нь одоогийн Тайхар чулуу болж, тунгалаг уст Болор гол нь үзэсгэлэнт Тамир бүсгүйн нэрээр нэрлэгдэх болсон ажээ.

Тамирын гол: Хангайн нурууны салбар Гурван ангархай, Цохиотын нуруунаас эх авч Хойд Тамир, Урд Тамир хэмээн салаалан урсаж байгаад нийлдэг бөгөөд зарим үед Гурван Тамир ч гэж нэрлэгддэг.

Урд Тамир гол 165 км, Хойд Тамир гол 180 км урсаж нийлдэг бөгөөд түргэн урсгалтай уулын гол юм. Нийлсэн бэлчирээс 52 км урсаад Орхон голын зүүн гарт цутгана.

Тамир гол доошлох тусам өргөсөж, урсгалын хурд арай саардаг бөгөөд голын өргөн 40-70 метр болдог. Хур бороотой үед усны төвшин богино хугацаанд огцом дээшилж, түргэн татардаг онцлогтой.

Б.Баяр, Тамирын голын хөндий

Ч.Буянбадрах

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.