Х.Тэргэл - Гал асаагч /Өгүүллэг/

Twitter Print
2019 оны 02-р сар 10-нд 12:41 цагт
Мэдээний зураг,

Би хайр, дурлал гэдэгт огтхон ч итгэдэггүй нэгэн байсан юм. Тэр ч бүү хэл би заавал аз жаргалтай амьдрах албатай ч биш гэх зэргээр этгээд боддог нэгэн байлаа. Энэ бодол минь намайг лавтай 30 нас хүртэл минь дагасан юм даг.

Яагаад ч юм бүү мэд, би маш их шохооромтгий хүүхэд байсан. Тиймдээ ч багадаа гимнастик, хөгжим, дуу, гээд ер нь тоолохын аргагүй их дугуйланд ордог байсан ч алинд нь ч тэгтлээ дурлаагүй. Ингэс тэгсгээд л сурсан ч юмгүй замхарсан. Түүн шигээ би хэн нэгэн царайлаг нуруулаг хүүг хармагц учиргүй шохоорхон тэмүүлдэг ч нэг хоёр хоногийн дараа л юу ч болоогүй мэт унтарчихдаг хачин хүүхэд байлаа. Заа тэгээд энэ зан минь одоо ч арилаагүй шахуу.

Арваннайман настай байхдаа би өөрөөсөө их олон эгч нэг сайхан эгчтэй танилцаж найзалсан юм. Тэр эгчийг Сэндмаа гэх. Ганган дэгжин, хөөрхөн бас гэр орон нь их гоё. Эгчийн хийсэн хоолны амттайг яана. Хүн яаж ийм хөөрхөн мөртлөө бүх юм нь арван хуруу тэгш байж болдог байнаа гэж би ихэд гайхдагсан. Сэндмаа эгчийн нөхөр Боргил гэж бас л их царайлаг сайхан цэмцгэр ах. Тэр хоёрыг л ёстой нөгөө таарсан сайхан хос гэж л энэ байх гэмээр харагдана.

Надтай танилцсан цагаас эхлээд л Сэндмаа эгч анхны хайр, бас дурлалын тухай яриа өрнүүлнэ. Анхны хайр ямар сайхныг, бас дурлал ямар хүчтэйг. Мөн хүн болгонд заавал тэр хайр, дурлал гэгч ирдэг талаар цагаан шүдээ яралзуулан, тас хар үсээ сүмбэн цагаан хуруугаараа засан кофе ууж суугаад хуучилдагсан.

-Эгчээ тэр хайр дурлал гэдэг чинь надад лав ирэхгүй байх. Энэ олон шохоорхлын алийг нь би хайр дурлал гэж ялгахын. Хэдхэн хоногийн настай шохоорхолоо л хайр дурлал гэхгүй юм бол, таны хэлдэг шиг тийм хайр дурлалыг би амсахгүй байхаа.

-Үгүй дээ, дүү минь хайр дурлал хүн бүхэнд заавал ирдэг юм. Хэдэн настайд чинь ч ирж магадгүй гэж ирээд л тас тас инээх Сэндмаа эгчийг би дотроо худлаа яриад л надад лав тэр хайр дурлал чинь ирэхгүй гэж тохуурхаж суудагсан.

Гучин нас хүрдэг жилээ би аль хэдийн ганц бие ээж болчихсон байсан юм. Өвлийн тэр нэг үдэш театрт концерт үзэхээр яваад түүнтэйгээ би учирсан юм. Өндөр цагаан, ганган дэгжин гээд түүнд миний шохоорхдог бүхэн байлаа.

-Чи уг нь бол үнэхээр сайхан бүсгүй юм. Үзэсгэлэнтэй, хөөрхөн, ганган дэгжин. Ганц л юм дутуу юм. Нүдний чинь гал бөхчихөж... хэмээн түүнийг нүд үрүү минь ширтээд хэлэхэд өөрийн эрхгүй хоолой минь сааралтан, юм хэлэх гэтэл уйлчих гээд байгаагаа мэдэрсэн болохоор би хий дэмий л хоолойгоо засан түүнээс холдохын түүс болтол

-Би чиний нүдэнд гал асааж өгье. Нэг сарын дотор гэж хэлээд инээмсэглэн утсаа гаргаж ирээд алив чи утсаа өг дөө гэхэд би өөрийн эрхгүй утсаа гаргаад өөдөөс нь ховсдуулсан мэт сарвайлаа.

Гэр лүүгээ таксидаж байхад л түүнээс анхны сайхан үгтэй зурвас ирсэн юм.

-Хөөрхөнөө, чи бол хамгийн үзэсгэлэнтэй. Ямар үзэсгэлэнтэй гэдгээ ч чи өөрөө ядаж талыг нь мэддэг гэж найдая. Ийм гоё бүсгүйн нүдэнд гуниг хургах ёсгүй...

Энэ үгийг байн байн уншсаар өөрийн эрхгүй инээмсэглэн гэртээ ирэн толинд өөрийгөө сайтар харлаа. Өөдөөс минь үнэхээр хөөрхөн бүсгүй ширтэх ажээ. Гэхдээ яг л түүний хэлсэнчлэн нүд дүүрэн гунигт харцыг би анх удаа өөрөөсөө олж хараад өөрийн эрхгүй өөрийгөө өрөвдөн уйллаа. Нөхрөөсөө салаад гурван жил өнгөрсөн болохоор би гуниг шаналлаа аль хэдийн давчихсан тэр гутрал холоо үлдсэн гэж бодож байтал нүдний минь гүнд гүн батаар шигдээд үлдчихсэн ажээ.

Нүүрнийхээ будгийг арчин, мөсөөр жин тавьж, чийгшүүлэх тос түрхчихээд унтах гэтэл нүдэнд минь өнөөх л их зантай эсвэл их бардам гэмээр, гэхдээ бас мөнгөгүй тийм сүрхий боловсрол ч гэхээр зүйлгүй байх гэмээр өнөөх эрийн тухай таамаглан бодсоор нойрондоо дийлдэв.

Хас. Түүнийг Хас гэдэг аж. Би чамин нэртэй хүмүүст бас л дуртай. Тэр бол зураач. Хас амалсан ёсоороо миний нүдэнд нэг сарын дотор оч асааж өгсөн. Түүний өдөр бүр чин сэтгэлээсээ эмэгтэй хүнийг магтаж хэлэх сайхан үгс, халамж, энхрийлэл үнэхээр гайхалтай.Тэнгэр минь, би урьд нь ямарч эрээс авч үзээгүй таашаал, ханамж бүгдийг тэрч бүү хэл анх удаа эр хүн надад орондоо байхад минь хоол унд зөөж,шар тосонд хуушуур хайрч хөлийн ул, чихэнд минь жин тавих гэх мэтээр үзээгүй олон хайр халамжийг би түүнээсээ мэдэрсэн юм. Ингэхэд би өмнө нь ямар амьтастай учирч байсан болох нь энэ вэ ч гэж өөрийн эрхгүй харьцуулан бодож үзэв.

Хэдийгээр үгээр хэлэхийн аргагүй аз жаргал, сэтгэлийн биеийн таашаал гээд бүгдийг эдэлж байсан ч энэ бүх сайхан зүйлс үүрд минийх байх учиргүй гэдгийг энэ хайр дурлал удаан үргэлжилж, тэр надад хань болохгүй гэдгийг яагаад ч юм бүү мэд зөн совин минь надад шивнэж байсан юм.Түүнээс би зурсан зургуудыг чинь үзий гэж гуйх ч огт үзүүлдэггүй байв.

Хасын зурсан зургуудыг би нэг удаа нууцаар үзчихэж билээ. Тэр дандаа л эмэгтэй хүний янз бүрийн нүд зурсан байлаа. Том жижиг, хөгшин залуу янз бүрийн нүднүүдээс эмэгтэй хүний жаргал, цөхрөл, гуниг, баясал, итгэл, найдвар, үзэн ядалт гээд юу эсийг олж харсан гэхэв.

Тэр яахын аргагүй хүний тэртусмаа эмэгтэйн нүдэнд гал оч л асааж бадрааж өгөх гэж ирсэн, бүтээгдсэн сайхан эр гэдэгт би бүүр итгэсэн.

Түүний өөрийнх нь нүд ч яг л бүсгүй хүнд баймаар тийм гоё ялгуун тунсаг. Ямарч эмэгтэй түүнийг ширтэхэд өөдөөс нь инээмсэглэх тийм л идтэй шидтэй гоё нүдтэйсэн. 

Тэр бол эмэгтэйн харцанд гал асаагч. Харин амьдрал туршид нь өрдөгч байхаар заяагдаагүй нэгэн байлаа.

Багаасаа ээж аавын хайр аз жаргал энхрийлэл амсаж үзээгүй түүнд минь хүчээр өөртөө бий болгохыг хичээсэн сайхан бүхэн нь яалт ч үгүй түр зуурынх, нимгэн хөшиг мэт сиймхии явцуухан. Хичээж зүтгэх ааш зан нь ялдам ч цаад араншин хахир хатуу хүн болох нь цухас хэдий ч надад харагдаад байх л. Хүний хань болох, ачаа үүрээд гүйх сэтгэл ноён нуруу нь дэндүү хэврэг. Яг л салхи шиг, эсвэл урсах усны долгис шиг санагддаг тийм гэж хэлэхийн аргагүй барьцгүй нэгэн болохыг би өдрөөс өдөрт мэдэрч нэг л өдөр түүнийг өөрөөсөө түлхэж баяртай гэж явууллаа. Тэр минь эргэж ч харалгүй гараараа даллаад л яваад өгсөн.Тэртээ тэргүй түүнд нүдэнд нь гал асааж өгөх өчнөөн олон сайхан, хөөрхөн бүсгүйчүүд хүлээж буйг би мэднэ. Тэднийхээ нэг рүү явсан буй заа.

Харин түүнийг мартах гэж зүрх сэтгэл минь үнэхээр их тарчилсан. Гэвч тэр миний сэтгэл зүрхний гүн ховдлын нэгэн зайнд шигдэж орчихоод яг л Сэндмаа эгчийн хэлсэнчлэн хүн болгонд хайр дурлал ирдэг юмаа заавал гэж инээж байсан үгийг батлах мэт одоо ч гэсэн би түүний тухай надад нүдэнд минь асааж өгсөн гал очсоо харах бүрдээ түүнийг би дурсан бодох дуртай. Олон жил өнгөрчээ, гэвч дурсамж минь хуучирсангүй арилсангүй.

Сэндмаа эгчийн зөв байсан. Үнэхээр хүн бүрд хайр, дурлал заавал ирдэг гэж. Эргэн эргэн дурсагдаж байхыг бодоход энэ л миний анхны хайр, бас анхны дурлал ч байсан гэж би боддог юм.

Хас... Бүсгүйн гунигт харцанд гал цог асаагч тэр минь хаана явдаг бол өөрийнхөө нүдэнд, зүрхэнд гал бадраагч нэгнийг олсон л болов уу. Хайр, дурлалд итгэдэггүй байсан надад халбагадуулж амсуулж, дурлал гэгчийн шидийг амсуулж өгсөнд чинь баярлаж явдаг аа. Хэрэв би чамтай учраагүйсэн бол... Би өөрөө ч өөрийнхөө нүдийг ямар гал дөлгүй болчихсоныг мэдэхгүй, харц минь үүрд гунигтай чигээрээ үлдэх байсан биз ээ.

Харин би чиний асааж өгсөн нүдний галыг унтраачихгүйг хичээн алхаж л явна даа дахиад ганцаараа. Амьдралд минь олон олон нүдний гал унтраагч эрс таарсан ч харин түүн шиг асаагч дахин огт таараагүй юм.

Гэхдээ би түүнээс хэнд ч яаж ч үлээлгэсэн унтархааргүй нүднийхээ гал очыг үргэлж бадрааж байх нууцыг сурч үлдэж чадсан юм. Хас надад ямар их үнэтэй бэлэг өгөөд явснаа өөрөө ч тэр мэдээгүй ээ.

ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ

2019 он, Чикаго хот

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.