Өвөрмонголын зүүн Үзэмчин хошуунд ажилласан минь...

Twitter Print
2019 оны 02-р сар 09-нд 15:50 цагт
Мэдээний зураг,

Шинэ оны дарааахан Өвөрмонголын соёл зуучийн нэгэн компаниас санал ирсний дагуу би Өвөрмонголын зүүн Үзэмчин хошуунд хорь хоног ажиллалаа. Анх удаа тийшээ очиж байгаа нь тэр! 

Манай соёл урлагийнхнаас багшлахаар тийшээ явж байна гэж дуулж байснаас биш ямар ч төсөөлөлгүй, цалин цагааны баримжаагүй шүү дээ.

Өвөрмонголын компаниас үе үе ви чатаар дуут мессэж ирнэ. Би тэднээс нутаг орных нь тухай асууна. Нэг удаа надаас: -Та, хэдээр ажиллах вэ? гэлээ. Яг тэр үед ажил давчуу байсан тул би Америкт нэвтрүүлэг хийдэг үнэд дөхүүлээд хэллээ. Цаг надад жинхэнэ утгаараа үнэтэй байсан үе давхцсан л даа. Тийм болохоор миний хэлсэн үнийг зөвшөөрвөл яваад үзэж болох юм гэж бодсон. 

Сээриймаа маань бас “тантай бид гэрээ хийж дийлбэл таны асар юм хумыг бэлдэнэ” гэдэг юм байна. Би сандраад:- Асар майханд би амьдарч чадахгүй ээ гэсэн чинь Сээриймаа инээгээд: -Үгүй үгүй багш аа, манайхан байшинг бүр асар гэж ярьдаг аа гэж билээ.

Маргааш нь дахиад л Сээриймаа маань ярьж байна. Бид таны нөхцлийг зөвшөөрч байна. Гэрээгээ хийе. Тэгээд нэг сарын долооноос хичээлээ эхэлье. Бид зарлалаа гаргая гэдэг юм байна. 

Ингээд би сураг төдий ойголттой явсан элэг нэгтнээ зорилоо. Зам зуур хөдөө буйдхан газар л харагдана. Үе үе бидний ярьдгаар “дан тагзан” байшингууд үзэгдэнэ. Хаа нэг хятад бичигтэй улаан туг намирна. Монголчууд гэхэд арай хятаджсан юмуу даа гэж хальт бодогдоно. Явсаар зүүн Үзэмчин хошуунд очлоо. Үзэмчин хошуу жар далан мянган хүн амтай манайхаар аймгийн төвтэй дүйцэхээр суурин газар ажээ.

Манайхаар "Зайсан" толгой дээрээс Зүүн үзэмчин...

Таван давхар саарал байшингийн гадаа очиход “Багш сайн явж ирэв үү?” гэсээр гурван залуухан бүсгүй тосч тохитой буудал руу оруулаад “хоолон гэр” лүү авч явав. Маргаашаас нь хичээл эхэлж би жар орчим хүнд гурван ээлжээр зааж эхэллээ. Хүүхдүүдийн болон томчуудын ангитай байсан юм. Томчуудын ангид тэндхийн телевиз радиогийн нэвтрүүлэгчид, хөтлөгчид байх. 

Томчууд нь монголоор тун гайгүй ярина. Тэд намайг их ажиглана. Завсарлагаар нэг бүсгүй ам нээж: -Багшаа, манай энд ирсэн хамгийн анхны ар халхын кино бол чиний тоглосон “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” сүүдэр ший ш дээ. Чамтай тоглосон хүү одоо хаана байнаа? гэлээ. Багшийгаа “чи” гэсэнд би жаахан гайхсан ч тэгсгээд өнгөрлөө. Хожим мэдэхнээ тэгж ярьдаг юм билээ. Тэгсэн хэрнээ дотносоод ирэхээрээ зарим нь “Багш ээжээ” гэнэ...

За, тэгээд тэр кинонд тоглосон Баяраа хүү бол миний төрсөн хүү гэдгээ би хэлсэн чинь их баярлацгааж байнаа. Дараа нь Ивээлийн тухай яриулсаар завсарлага дууссан юм. Сэрчмаа тэндхийн “Ану” гэдэг компанийн бүтээгдэхүүний нүүр царай юм билээ. Байнга реклам нь гарна. Манай киноны “Ангир ээж” дуу тэнд их түгсэн гэнээ. 

Өдөр ээлжийн хүүхдүүд заримдаа ойлгохгүй үг их хэлнэ. Гэхдээ тэд өөрснийгөө яаж ийгээд ойлгуулдаг байсан. Тэд чин сэтгэлээсээ ярина...

Зарим нь: -Багш ээ, би бүдүүн болохоороо тань шиг жүжигчин болно, авиалагч болно гээд л нүд нь гэрэлтэн ярина. Хаа газрын хүүхдүүд хөөрхөн шүү дээ.

Өмнө нь би Өвөрмонголчуудыг хятад гэж ойлгодог байсан. Яг үнэндээ тийм биш юм билээ. Тэд монгол өв соёлоо авч үлдэх гэж хичээж яваа монголчууд. Үр хүүхдээ монголоор нь яриулна, өөрснөө олон хаваастай монгол дээлээ өмсөнө.  Эмэгтэйчүүд нь оо энгэсэг бараг хэрэглэхгүй. Энгийн талдаа.

Тэгэхдээ тэд хятадаар бүгд ярьж чадна. Бид нэг хэсэг оросоор ярьдаг байсан шиг... Тэдний хувьд хамгийн том баяр нь цагаан сар. Үзэмчингүүд сар шинэ дөхөхлээр хотын байрнаасаа хөдөөх гэр лүүгээ галаа тахихаар явна. 

Ер нь нутгийнхаа гүн рүү суудаг монголчууд бол манай хөдөөнийхөн шиг эвдрээгүй зан ааль, хүн чанартай. Ичимхий бүрэгдүү бас өгөөмөр хүмүүс. 

Үзэмчин дээлтэй сайхан бүсгүйчүүд

Ар монголоос ирсэн хэнд ч болов хүндэтгэлтэй хандана. Тэд манай дуу шүлгийг бараг биднээс түрүүлж сурна. Машиндаа зөвхөн ар монголын дуучдын дууг сонсоно. Жүжигчдийн нэр усыг уран бүтээлтэй нь хэлнэ. Өөрөөр хэлбэл тэдний зүрх сэтгэл чих мэлмий ар монгол руугаа сураг тавиастай. Тэд ар монголд их сургууль төгссөнөөрөө бахархана. Төрийн ордны өмнөх Чингисийн хөшөөний өмнө авхуулсан зурагаараа гайхуулна. “Хоршоо Дэрэм”-ийг уншуулж байхад ар халхын алдарт яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазараар хичээл заалгаж байснаараа бахархана. Тэд ийм л улс... 

Тэдний дундаж цалин 6000 юань. Манайхаар 2,350,000 төгрөг шүү дээ. Тэд байр машиндаа мөнгөө хадгална. Хичээлд маань сууж байсан залуус бүгд машин тэрэгтэй харагдсан. Өвөрмонголчууд зочноо хоолоор их дайлна. 

За, тэгж байтал амралтын өдөр болов оо. Компанийхан маань: “Амралтын өдрөөрөө багш юу хиймээр байна?” гэнэ. Би үзэмчин айлд орж үзмээр байна. Дэлгүүр гудамж үзье гэлээ. Дэлгүүр нь хөдөөгийн хоршоо л гэсэн үг.

Айлууд нь америкийн таун хаус шиг хоёр давхар жижгэвтэр, шалны халаалттай цэвэрхэн байранд суудаг. Тэдний уудаг цай нь аагтай шаргал цай. Аягандаа ээзгий бяслаг, өрөм хийж аяганы хийц болгон ууна. 

Биднийг :-Ар халхчуул нил сүү болсон цагаан цай уудаг гэж ярина... 

Үзэмчингүүд их дууч ард түмэн. Манай оюутнуудын тал нь бараг мэргэжлийн дуучин шиг дуулна шүү. Мөнхбат, Бурмаа, Банзрагч нарын “Заллага” дууг их дуулна. 

Радио телевизийн хөтлөгч оюутнууд дуулж байна

Тэгж байтал өнтэй өвлийн өдрүүд яах ийхийн зуургүй өнгөрч хорь хоногийн сургалт дуусч бид “хариу мэдүүлгийн” тоглолт хийлээ. Төгсөгчдөд гэрчилгээ гардуулж баяр хөөр дуу хуур цалгин байх үед тэдний хэллэгээр “гэрийн ахмадууд” зөндөө бэлэг сэлт өгч халуун дулаан үг хэлж зарим нь баруун үзэмчинд ирэхийг урьж билээ. (“Гэрийн ахмад” гэдэг нь эцэг эхчүүд) 

Өвөрмонголчууд уйгуржин монголоор бичдэг. Би тэрийг нь гаргахгүй. Тэд миний кирилл бичгийг уншихгүй. Тийм болохоор оюутнууд маань хичээлийн материалаа шөнө суугаад уйгуржин болгоод ирдэг байж билээ. Миний оюутнууд дотор нүд нь гэрэлтсэн жижигхэн сэргэлэн охин арай онцгой байдаг байлаа. Түүнийг Мэйлэс гэдэг. Хэдийгээр буудал маань ойрхон ч гэсэн орой болгон багшийгаа буулгачихаад давхиад явчихдаг байсан хөөрхөн Мэйлэс болон авъяаслаг Оюунхуар, Сээриймаа, Ойруу, Наранцогт, Мөнхөө, Жимсээ, Сараа, Өвөлцэцэг, Мядагмаа, Жавзмаа, Тэмүүлэн, Даариймаа, Шарав гээд дотно шавь нарынхаа дуу хуур цалгисан дулаахан үдшээр үдүүлэн маргаашийн нарнаар би гэрээ зорин хөдөлж билээ. 

Тэрхэн агшинд нэгэн эрийн “Ар монголдоо ч төрсөн болоосой” гэж хэлсэн нь бодогдож сэтгэл сэмрэн байлаа. Наран ургах зүгт суугаа халуун дулаан сэтгэлтэй үзэмчин зон түр баяртай. Удахгүй уулзахын ерөөл тавья!

МУГЖ Нацагдоржийн Батцэцэг

2019.1.28

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.123.254) 2019-02-12 11:53
      • 0
      • 0

      Hudlaa l neg ih gadaad hari garigiin hun boloh gej yadsan humuus. Asar gedeg chini mongol l ug, geriin ahmaduud geheer hend ch oilgomjtoi, harin surguulidaa ulig boltloo zaalgasan mongol bichgee medehgui gej heleheesee ichij surah heregtei.

      Хариулах

    • Зочин

      (64.119.16.213) 2019-02-09 22:32
      • 0
      • 1

      Yamar goyo duuldag yum be.mongol ahan duus min saihan bnashuu.

      Хариулах

    • zochin

      (112.72.11.107) 2019-02-09 21:41
      • 0
      • 1

      denduu saihan uzemchin tumen min uuriin erhgui hairlamaar nulims unagamaar mongol ugsaatnuud

      Хариулах

    • Зочин

      (112.72.12.20) 2019-02-09 16:29
      • 0
      • 2

      Good

      Хариулах