Гэмтлийн эмнэлэг өөрөө гэмтжээ

Twitter Print
2014 оны 03-р сар 27-нд 13:46 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн сайд Н.Удвалын ивээлд багтаж жил гаруй ГССҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж, энэ чухал хариуцлагатай эмнэлгээр жинхэнэ холион бантан хутгасан Ц.Энхбаярыг гэгчийг ажлаас нь чөлөөлж түүний оронд тус төвийн мэс заслын тасгийн эрхлэгч А.Өлзийбаатарыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Уг нь Ц.Энхбаярын оронд ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалтад тэнцсэн А.Мөнхтайван ажиллахаар болоод байсан. Гэтэл тэрээр "Ар гэрийн гачигдалтай" гэх шалтгаанаар энэ сарын 25-нд даргын албан тушаалаасаа татгалзжээ.

Байдал дахин буруугаар эргэсэн тул Эрүүл мэндийн сайд Н.Удвал "ГССҮТ-ын даргын сонгон шалгаруулалтыг дахин явуулна" хэмээн өчигдөрхөн мэдэгдсэн. Ингээд ГССҮТ-д шинэ дарга томилогдтол мэс заслын тасгийн эрхлэгч А.Өлзийбаатар үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болж байна.

Уг нь Монголдоо ганцхан энэ эмнэлгийн бүтэн нэр нь Гэмтэл согог судлалын үндэсний төв. Гэхдээ өнөөдөр энэ эмнэлэг гэмтэл согог судлахаасаа илүүтэй өөрөө өрөөл татанхай болжээ. Эмнэлгийн түүхийг сөхвөл Улаанбаатар хотын хүн амыг 500 мянга орчим байхаар төлөвлөсөн 1991 онд клиникийн эмнэлэг болон өргөжсөнөөр одоогийн зургаан давхар шар тоосгон байрандаа оржээ.Түүнээс хойш бүхэл бүтэн 23 жил өнгөрч, Улаанбаатар хотын хүн ам бараг гурав дахин өсчихөөд байхад анх байгуулагдсанаасаа өчүүхэн ч өөрчлөгдсөнгүй. Байгуулагдахдаа 360 ортой байсан бол 23 жилийн дараа 80 орчмоор  нэмэгдэж өнөөдөр 450 гаруй л өвчтөн хэвтүүлж эмчлэх боломжтой болж.

2006 оны 11-р сард Гэмтэл согог судлалын үндэсний төв хэмээх сүрхий догь цол  гуншинтай болсон ч тэр жилдээ л өөрийн мэдлийн эргэн тойрны газраа бусдад булаалгаж, клиникийн эмнэлгээ өргөжүүлэн томруулах ямар ч боломжгүй болсон гэдэг.

Монгол Улс тун удахгүй гурван сая дахь иргэнээ тосон авна. Тэгвэл тэр бүх хүнд тохиолдох хүндэвтэр гэмтэл, согогийн яаралтай тусламжийг үзүүлэх үндэсний хэмжээний ганцхан төв маань өнөөдөр ёстой л “үүрээ эвдүүлсэн шоргоолж” мэт бужигналдаж, гэмтэж бэртсэн өвчтөнүүдээ хүлээж авч дийлэхгүй шар нар, бор хоногийг төөрүүлж явна.

Гэмтэл согог судлалын үндэсний төв өнөөдөр хагалгааны 10 хэсэг, 15 ортой сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний клиник, эмчилгээний 16 тасаг, нийт 490 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэй ажиллагсадтайгаар жилдээ 12,000 өвчтөн хэвтэн эмчлүүлж, 7,500 гаруй төрөл бүрийн мэс ажилбар хийж, 90,000 хүнд осол гэмтлийн яаралтай тусламж үзүүлж байгаа ажээ. Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 40% нь хөдөө орон нутгийн иргэд байдаг гэнэ.

Өглөөний 11 цагийн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үүдээр орвол хүлээн авахын гурван залуухан эмч дээр дөч гаруй гэмтэж бэртсэн өвчтөнүүд орь дуу хадааж, тэднийг эмнэлэгт хүргэж ирсэн ар гэрийхэн нь нарийхан коридорт багтаж шингэхгүй жинхэнэ эх толгой нь мэдэгдэхгүй аймшигтай орчин угтсан.

Нүдэн дээр минь Төв аймгаас авто ослын улмаас хүргэгдэж ирсэн нэгэн өвчтөн сэхээний тасаг руу хүргүүлэх тэрүүхэн замд  амь нь тасрахыг харсан. Бараг найдваргүй болсон түүний амийг торгоохоор гүйн ирсэн Монгол улсын гавьяат эмч, анагаах ухааны доктор, порфессор Р.Шагдарсүрэнтэй тавхан хором уулзахыг хүстэл яаралтай хагалгааны тасаг руу гүйх зуураа “Орой 18 цаг хүртэл ямар ч боломжгүй. Ар араасаа маш хүнд хагалгаанууд хүлээгдэж байгаа” гэчихээд харайж одсон.

Тэгтэл эмнэлгийн  нарийхан хонгилыг  нураачих нь халгүй орилсоор нэгэн залуу хоёр найзаараа тэврүүлсээр хар гүйхээрээ орж ирлээ. Нэг талынх нь хацрын товгор яс хуга үсэрч  сэрийгээд наашаа гараад ирчихсэн түүнийг харах ч юм биш. Ёстой жинхэнэ аймшиг гэдэг чинь тэнд л буцалж байлаа. Харин тэр зэргийн гэмтэлд дөжирсөн хүлээн авахын залуухан эмч нөгөө залууг хэнэг ч үгүй орилуулж байж боолт хийж өгөөд “Коридорт ч хэвтүүлэх боломжгүй. Амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа маш хүнд өвчтөнүүдээ багтаах ямар ч боломжгүй байгаа. Өрхийн эмнэлгээрээ боолт хийлгээд яв. Үгүй бол аль нэг хувийн эмнэлэгт хэвтэж боолтоо ирж солиулж бай” гээд хэнэг ч үгүй хөөх шахам гаргачихлаа.

Үнэндээ бусад клиникийн эмнэлгийн эмч нар өдөрт 15-20 өвчтөнд үзлэг, эмчилгээ хийдэг бол Гэмтлийн эмнэлгийн хүлээн авахын нэг эмч өдөрт доод тал нь 70-80 өвчтөнд анхан шатны тусламж үзүүлдэг ажээ. Хүлээн авахын гурван эмчийн хоёр нь залуухан эмэгтэй эмч байх юм. Сонирхоод Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүний нөөцийн албаны мэргэжилтэнтэй уулзаж тодруулга авах гэтэл цайны цаг болсон гээд халгаасангүй. Харин үүдэнд нь өлгөөтэй байгаа тодруулгаас нийт 490 гаруй эмч, мэргэжилтний 409 нь буюу 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд, тэдний 63.5 хувийг 39 хүртэлх насны залуучууд эзэлдгийг олж мэдсэн юм.

Үхэл, амьдралын заагт золгүй тохиолдлоор орж орь дуу хадаасан янз бүрийн осол гэмтэлд өртөгсөдтэй хамгийн эхлээд улаан гараараа халз тулж амь насыг нь торгоодог халширмаар энэ ажилд бүсгүйчүүд голдуу ажилладаг нь бас л нэгийг бодогдуулсан юм.

Үнэндээ халуун нүүрээрээ тулсан аймшигт учрал, гэнэтийн барьц алдмаар тохиол болгонд эмэгтэй хүн эрчүүд биднээс илүү зориг зүрхтэй, сэтгэлийн тэнхээтэй байдаг нь өнөөдрийн Улаанбаатарын амьдралын аймшигт толь болсон Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр ороод гарсан хэдхэн хоромд бүр ч илүүтэй анзаарагдсан юм.

Монголдоо ганц гэгдэх Гэмтэл согог судлалын үндэсний төвд хөл гишгэх зай үнэндээ алга. Зургаан давхар эмнэлгийн урт нарийхан коридор битүү боолттой, босч чадахгүй гэмтэж бэртсэн өвчтөнүүдийн сэтгэл сэглэсэн тарчлаантай орилоон, ёолох дуунд дайвалзаж байна цаана чинь.

Уг нь бид чинь Азийн цагаан дагина гэгддэг байсан Улаанбаатар хотдоо дайн дажингүй энх амгалан л амьдарч байгаа ухаантай юм сан. Гэтэл ямар гээч аюул нүүрлэхээрээ дайны хөлд сүйдэж байгаа Сири, Афганистан, Ирактай адилхан эмнэлэгтээ багтахгүй гар хөлөө тасдуулж, битүү боолтны цаанаас аврал эрсэн аймшигт дуунд тарчилж хэвтээ өвчтөнүүдээ эмчилж дийлэхгүй болтлоо бэртэж гэмтэцгээнэ вэ.

Өдөрт 250-300 гаруй хүн янз бүрийн осол авараар бэртэж гэмтэн, орь дуу хадаасаар зорин ирж байгаа Гэмтлийн эмнэлэг өвчтөнүүддээ дарагдаж хөл гишгэх газар байтугай амьсгалах агаар ч алга. Шинээр гэмтэл согогийн томоохон эмнэлэг барих газар нь ч алга. Дээр нь тогтсон даргагүй эмч, ажилчид нь сүүлийн үед цалингаа ч авч чадахаа больсон дуулдана. Одоо яах вэ хотын дарга аа, Эрүүл мэндийн сайд аа!

Д.Монгол

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.