Шинийн гуравнаас айл хэсэхийг зогсоодог...

Twitter Print
2019 оны 02-р сар 05-нд 15:42 цагт
Мэдээний зураг,

Шинийн нэгэнд үйл үртэс хийх, хуучин хувцас оёж шидэх, усанд явах, эд мал зээлээр өгвөл эд гарз гарна хэмээнэ. Айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүй тэнэнэ. Архи сархадыг хэтрүүлэн хэрэглэж агсам согтуу тавих, тухайн айлын идээ шүүсийг нураах, зохисгүй байдлаар хүрэх зэрэг нь муу ёр зөгнөдөг тул цээрлэдэг. Сар шинийн үеэр уйлах, хэрэлдэх, хараал хэлбэл тэр жилдээ гэр оронд хэрүүл тасрахгүй, шинийн нэгэнд үнс хог хаях, өдрийн цагаар унтаж, хэвтэж өнгөрүүлбэл тухайн жилдээ өвчин зовлон тасрахгүй. Шинийн гурванд тахил болон тавгийн идээг буулгаж, шүүсээ хурааж, айл хэсэхийг зогсоодог заншилтай. Шинийн долоонд айлд очдоггүй, хол явдаггүй бөгөөд Долоон бурхан одыг хүндэтгэж сүүн цацал өргөдөг.

Өвлийг өнтэй давсан, хавартай хавтай сайхан золгосон энэхүү баяр нь “Монголын нууц товчоо”, “Хуа И Ю”, “Цагаан түүх” зэрэг түүхийн эх сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. XIII зууны эхэн улаагчин туулай жилийн цагаан сарын шинийн нэгэнд Чингис хаан хулгана цагт дээшилж, биеэ ариутган шинэ хувцас өмсөж, тэнгэр газарт ёсолж, Өүлэн эхдээ мөргөн золгож, дараа нь төрийн их ордондоо залран, анхилам үнэртэй арц хүжийг багцаар шатаан зуун түшмэлийн хамтаар гурвантаа мөргөн их ёслол үйлдсэн тэр цагаас хойш Цагаан сар нь төр ёсны баяр болжээ.

Рашид Ад Дин: “1216 оны хулгана жилийн Сар шинийн баяраар Чингис хаан 60-аас дээш настай хүмүүст өөрийн сангаас мянган лан алт, түмэн лан цагаан мөнгө гаргаж хувь хүртээснээр “Хувь сар буюу Цагаан сар” гэж нэрлэсэн. Хаврын урь орж, барс сар гарах цагаар Есөн хөлт цагаан тугаа тахиж Их хуралдай хуралдуулах болсноор харъяат аймгуудын олон ноёд түшмэд бэлэг хүргэн ирж хааны амгаланг эрдэг ёсон тогтсон” ... гэж тэмдэглэжээ.

Марко Поло: “Цагаан сарын өдөр хээ угалзтай тохош нөмөргөж, алт мөнгөөр чимэглэсэн гоё сайхан авдар сав ачсан заанууд, бэлэг сэлт бүхий тэмээн жин хааны ордонд хүрэлцэж ирнэ. Их хаанд бэлэг сэлт барьсны дараа найрын ширээнээ бүх хүн найрлаж цэнгэнэ. Илбэчин, бүжигчид ордны цэнгүүнийг хөгжөөнө. Их хаадын өмнө сургуультай арслан эзнээ таньсан ноход мэт эрхлэн хэвтдэг ...” гэж бичсэн байдаг.

Ч.Буянбадрах

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.