БНСУ-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөсөн нь маш олон үйлдвэрийг хаалгаа барихад хүргэлээ, тэр дундаа...

Twitter Print
2019 оны 02-р сар 04-нд 14:15 цагт
Мэдээний зураг,

Солонгос улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөсөн нь маш олон үйлдвэрийг хаалгаа барихад хүргэлээ. Тэр тусмаа угаасаа л амь тавьж байсан гар утасны олон үйлдвэрийг “эцсийн замд нь үджээ”. Нэмүү өртөг өндөр учраас өдрөөс өдөрт үнэ нь унаж байгаа гар утаснуудыг Солонгост үйлдвэрлэх нь ашиггүй болж вьетнам, индонез зэрэг улс руу үйлдвэрүүдээ шилжүүлэв. Одоо Энэтхэгт үйлдвэрээ гаргахаар бэлтгэл ажлууд явж байгаа юм байна. Захын надад хүртэл нөлөөллөө үзүүлж, би ажилгүйчүүдийн эгнээнд элслээ. 4 жил гар утас үйлдвэрлэсэн үйлдвэрлэгч шүү, би. 400 ажилтантай байсан манай үйлдвэрт 150 орчим ажилтан л үлдсэн. Самсунг бол 8000 гүйцэтгэгч үйлдвэртэй маш том орон зай байлаа.

Самсунг хөдөлмөрийн өртөг багатай орнууд руу үйлдвэрээ гаргаснаар бүтээгдэхүүний үнээ бууруулж, ашгаа тэр чигээр нь авч үлдсэн юм. Бизнес эрхлэгчид хаана л бизнесийн таатай нөхцөл байна тэр зүг рүү явдаг, Улс орны эрх ашиг энэ тэр бол үнэндээ 33 дугаар асуудал гэдгийг солонгосын үйлдвэрлэгчид харууллаа. Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөдөлгөснөөр улсаа хүнд байдалд орууллаа. Солонгосын хамгийн олон үйлдвэрийг өөртөө татаж чадсан вьетнамчуудад баяр хүргэе.

Монгол Улс энэ давалгааг ашиглаад нэг үйлдвэрээ манай улсад байгуулаач гэж хичээнгүйлэн гуйж болох юм шиг ээ. Бид яагаад Самсунгийн үйлдвэрлэгч болъё гэж хэлж болохгүй гэж. Тэртэй тэргүй манай улсад ч гэсэн хөдөлмөрийн өртөг бага шүү дээ. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй долларын ханшийг барих экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж ч юм бил үү? Би Самсунгийн гар утасны үйлдвэрийн шөнийн ээлжийн ажилтан байлаа.

Орой 8 цагт ажилдаа гараад өглөөний 8 цагт ажлаасаа бууна. Бид нэг шөнө 200 хүн 3000 ширхэг гар утас үйлдвэрлэдэг, бидний шөнөжин үйлдвэрлэсэн утас өглөө дэлгүүрийн лангуу руу ачигддаг байлаа. Хүний тавилан ямар баялаг билээ дээ. Шөнө нь Самсунгийн үйлдвэрлэгч компанид ажиллаж, өдөр нь толгой компанийхантай мөр зэрэгцэн суралцана. Тиймээс тэдэнд үе үе манай оронд үйлдвэрээ байгуулаач гэдэг үгийг цухалзуулна, тандана. Тэд үйлдвэр байгууллахад юу юу хэрэгтэй байдгийг, яагаад вьетнам, индонез, энэтхэгт үйлдвэр байгуулж байгаагаа тайлбарлана. Монголд үйлдвэр байгуулж болохгүй байгаа шалтгааныг нь мэдэж байгаа ч шийдэж болохоор асуудал учраас битүүхэндээ болох юм байна гэдэг “сигналтай” сууна. Миний хүч дутах учраас ядаж мэдээлэл хүргэх нь миний үүрэг юм байна гэж бодон энэхүү тэмдэглэлийг бичлээ. 

Монголчууд Самсунг монгол руу гэж урин, бид чадах бүхнээр дэмжих болно, бид сайн ажиллаж чадна гэдгээ амлан, гуйцгаая. Чимээгүйхэн суулгүй гуйгаад ч болохноо улсаа үйлдвэрлэгч орон болгоцгооё. Улс төрийн тэмцэл шигээ үйлдвэрлэлийн төлөө тэмцэцгээе. Бид хичээн чадварлаг тэмцэгч үндэстэн билээ дээ. Хэрэгтэй байгаа зүйлээ бие биеэсээ эвтэйхэн гуйж, зэрэгцэн оршъё. Бидэнд үйлдвэрлэл хэрэгтэй байна. Өөрсдөө чадахгүй бол чаддагаас нь зүгээр л гуйя. Эрх баригчид маань гадаад руу явахдаа мөнгө биш, төлж чадах зүйлээ гуйгаасай. “Үйлдвэрээ оруулаад ир, бид ажиллаад өгье” гэж гуйх нь илүү шударга. “Үйлдвэр оруулж ирэх нөхцлийг чинь бид улсаараа хэлэлцье” гэж гуйх нь илүү шударга. 

Солонгосчууд өөрсдөө ажил олгогч компанийг онилон авч, манай хот руу нүүж ирээч, биднийг авраач гэж хотын иргэд, хотын дарга, их дээд сургууль, цагдаа, эмнэлэг бүгд нийлээд гуйдаг юм билээ. Хар хүйтэнд мөстэй усны челлэнж явуулж, онилсон компаниа “Манай хотод нүүгээд ир бид бүх талын дэмжлэгийг үзүүлнэ, компанийг чинь хайрлаж өгнө, шударга бусаас бид хамгаалж өгнө” гэж дуу хоолойгоо нэгтгэн, хичээнгүйлэн хашгирч тэмцэнэ. SK компанийг Гүми гэдэг хот урин дуудаж байгаа бичлэгүүд хаа сайгүй.

Дүрэмт хувцсаараа ижилдэн гоёсон цагдаа нар хүртэл SK Гүми рүү гэж хүндэтгэлтэйгээр ёсолно. Манай профессорууд, сургуулийн маань захирал хүртэл дуу хоолойгоо нэгтгэн, SK Гүми рүү гэж орилох нь цаанаа л нэг хөөрхөн. Соёлтой бөгөөд хүндэтгэлтэйгээр хот даяараа SK-ийг дуудан компани бүр SK-ийн эмблэмийг гаднаа өлгөсөн байх нь хэрвээ би SK-ийн захирал байсан бол сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Тэмцлийн ийм хэлбэр хөөрхөн юм аа. Бид өөрсдийнх нь аргаар тэднээс гуйж болно шүү дээ. Бусдыг амьдруулсан нэгэн амьд үлддэг жамтай. Самсунг Монгол руу ирж, SK Гүми рүү ирээсэй гэж мөрөөдөн мөрөөдөн залбирнам.

КIT их сургуулийн оюутан С.Болортуяа

БНСУ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.