Түмний итгэлээр битгий тогло, С.Жавхлан минь!

Twitter Print
2019 оны 02-р сар 01-нд 14:54 цагт
Мэдээний зураг,

Төрөө засах түмний горьдлогоор дөрөөлж, үндэсний үзлээр тугаа хийж, өндөр төрийн ордон руу морьтой давхиж очоод, суран ташуур суялзуулж, сүрийг үзүүлж орчхоод, хийсэн бүтээсэн гавьяагүй, хаана суугаа, юу хийж байгаагаа ч мэдрэхгүй, юу ярихаа ч мэдэхгүй, мэдэн будилж, элий балай аашилж байгаа С.Жавхланг хараад гутав!

Өдийг хүртэл энэ нөхрийн санаачилсан хууль гэж байсангүй, газар нутаг, өв уламжлал, урлаг соёл, уул усныхаа тухай бодлого боловсруулах, хууль санаачлах өчнөөн боломж байсан ч сэтгэл гаргаж ажилласангүй. Хурлаа байнга тасална, Наранхүүтэй хамт ажил таслагчдын магнайд нэр нь цохиж явна, чуулганаар чухал хууль дээр саналаа хэлмээр, Ноён Уул руу ноцож байхад зөв талд кноп дармаар хэрэгтэй үед байхгүй, уул хадаар уйлан дуулж, нус нулимсандаа хутгалдаж явсныг л санаж байна.

Манай талын хоточ нохой гэж итгэж явсан юм. Энхболдын уяаны гөлөг болоо юу?! Хүрэлсүхийн хүүхэлдэй болоо юу?! Ингэж түмний итгэлээр нусан жонхуу зуурахаа боливол таарна! Хамт сонгогдсон хулгайчдаасаа ялгарах юм юу ч алга! Цагтаа Дашбалбар агсан ганц дайчин ганцаарддаггүйн үлгэрийг үзүүлж, Ху болоод АН-ын новшнуудтай ана мана үзэлцдэг байсан. Түүний шийрийг хатаах болов уу гэж олон хүн хүлээж харсан, түмний итгэл найдвар талаар болов. Хайран итгэл! 

Чамайг сайн дуучин гэдгийг дэлхийн монголчууд андахгүй, цагтаа "Хамаг Монгол" төслийг санаачилж, хэрэгжүүлсэний чинь төлөө хаа хол байгаа надаас өгсүүлээд хамаг монголчууд бахархан огшиж, хайрлан дуулж байв. "Сүүлийн 100 жилийн дотор, Соёлын ямар ч сайдын хийгээгүйг хийлээ!" гэж би дуу алдан бичиж байлаа. Эхнэртэйгээ хамт өв соёл, дээл хувцсаа сурталчилж байхад чинь хайрлан бахархаж байв. Одоо ч тэр хүндлэл, хайр минь хэвээрээ. Даанч чи түмний итгэлийг даасан төрийн түшээ байж чадсангүй! 

Өөх ч биш, булчирхай ч биш, тогтсон үзэл бодол, тов тодорхой байр суурьгүй ингэж суудал бөглөж байхаар сул иргэн болоод, дуугаа дуулж, түмнээ баясгаж явбал таарна.

Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ! Хурааж явсан хур бухимдлаа хуудуугүй үнэнээр нь асгав. Үг хэдий гашуун ч хэтийн явдалд тустай гэдэг. Ах зах хүний үг гэж авах гээхийн ухаанаар хандах эсэх нь чиний ухаан мэдэх хэрэг, дүү минь. Хойшдын уран бүтээлд чинь амжилт хүсье!

Сонголтгүй сонгогч Л.Мөнхтөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.