Оюун ухааныг дээдлэгч “MNС” телевиз “Шар нохой” жилийн Тэргүүн номыг шалгарууллаа...

Twitter Print
2019 оны 01-р сар 29-нд 15:26 цагт
Мэдээний зураг,

Монголын Хэвлэл мэдээллийн салбарын энэ цагийн томоохон төлөөлөгчдийн нэгэн Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Ц.Мөнхтөр захиралтай “MNС” телевиз нь чөлөөт хэвлэл, нэн ялангуяа Цахим орчин, цахим сэтгүүлзүй Монголын залуу үеийнхний оюун ухааныг хэтэрхий бужигнуулж, номыг дээдлэн шүтдэг байсан Монголчуудын амьдралын хэв маягыг хөл дороо гишгэлэн байгаа өнөөдрийн сэтгэл зүйг нь гэгээрүүлэх, хүнлэг, оюунлаг тал руу нь чиглүүлэхийн тулд Монголын өнөөдрийн олон телевизүүдээс эрс ялгарсан шинэлэг, оюунлаг нэвтрүүлгүүдийг 2013 оноос хойш дорвитойхон хийж, нэвтрүүлсээр байгааг Монголын телевиз үзэгч олон нийт сайшаан дэмждэг болоод байгаа билээ.

Тэрхүү оюуныг дээдлэгч, “Номын цагаан буян”-ыг хөгжөөгч, зоригтой, дорвитой ажил, нэвтрүүлгүүдийнх нь нэгэн өнөөдрийн өдрийн Морин цаг буюу 12:00-т  Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Төв номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд болж, 2018 он буюу улиран одогч Шар нохой жилийн Монголын “Тэргүүн ном”-ыг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа ёстой л жинхэнэ “Номын цагаан буян”-д мөргөмөөр жавхлан төгөлдөр, Монголын оюун ухаант зохиолч, яруу найрагчид, эрдэмтэн мэргэд, хэвлэл мэдээллийнхэн хуран чуулсан оюунлаг сайхан орчинд, сэтгэл тэнийн баясмаар гэгээлэг сайхан болж өнгөрлөө.

“MNС” телевизийн хамт олон нэрт сэтгүүлч, МУСГЗ Ц.Мөнхтөр захирлынхаа удирдлага дор, оны “Тэргүүн ном” шалгаруулах ёслолын үйл ажиллагааны анхны дугаарыг 2017 онд хийж, тэргүүн номын шагналыг До.Цэнджавын "Цэвдэг жаран" ном хүртэж байснаас хойш өнөөдрийг хүртэл 600 гаруй нэвтрүүлэг хийж эрхэм үзэгч олондоо түгээснийг 2018 оны “Тэргүүн ном” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Ц.Мөнхтөр захирал дурдаж байсан.

Тэгээд ч оюуныг дээдлэгч, соёл, шинжлэх ухааны даацтай нэвтрүүлгүүд бэлтгэн үзэгч түмэндээ хүргэдэг “MNC” телевизийн хамт олон Монголын өнөө цагийн хүүхэд залуусын оюуны соёлыг дээшлүүлэх, “Номд мөргөх” гэгээлэг сэтгэхүйг нь дэмжин урамшуулахын тулд өнгөрсөн хугацаанд яг энэ чиглэлийн 500 гаруй нэвтрүүлэг хийж дамжуулсан нь энэ хамт олны уйгагүй бүтээлч үйл ажиллагааны тодорхой нэгэн үзүүлэлт юм.  

Өнөөдрийн 2018 оны “Тэргүүн ном” шалгаруулах ёслолын үйл ажиллагааны хүндэтгэлийн ширээнд Монголын яруу найраг, бичиг соёл, оюун ухааны  нэгэн том “Босоо суварга”  Д.Урианхай гуай болон 2006 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн Монголын анхны хувийн Хэвлэлийн компани болох Баабар захиралтай “Непко”-ын орлогч захирал, Монгол Улсын Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоо, Ардын жүжигчин, Д.Нацагдоржийн шагналт, нэрт кино найруулагч Г.Жигжидсүрэн, Олон улсын кино наадмуудаас “Нохойн орон” бүтээлээрээ 23 тэргүүн шагналыг Монголдоо авч ирж байсан сэтгүүлч, зохиолч, кино найруулагч, Д.Төрмөнх, Япон хэлний нэрт орчуулагч О.Жаргалсайхан, Монгол Улсын Шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн Д.Төмөртогоо, 1998 оны “Болор цом”-ын эзэн, Төв номын сангийн нэгдүгээрт давхарт алдарт “Монголын Их амар амгалан” бүтээлээ алтаар бүтээлгэн залсан нэрт яруу найрагч Ц.Бавуудорж, МЗЭ-ийн дарга, МУСГЗ зохиолч До.Цэнджав гээд оюун ухаан, урлаг соёлын олон шилдэг зүтгэлтнүүд байраа эзлэн сууцгаасан байсан юм.

Шар нохой, 2018 оны “Тэргүүн ном” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг “Болор цом”-ын эзэн нэрт яруу найрагч Б.Ичинхорлоо захиралтай Д.Нацагдоржийн нэрэмжит Төв номын сантай хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа МУСГЗ Ц.Мөнхтөр захиралтай “MNС” телевизийн хамт олон өнөөдрийнхөө үйл ажиллагаанд ихээхэн хүндэтгэлтэй хандаж, ёслол төгөлдөр зохион байгуулсан нь тэд бүгдээрээ шахуу хүрэлцэн ирж, Монголын гайхамшигт бичиг соёл, оюун ухаантнуудад хүндэтгэл үзүүлсэн энэ сайхан арга хэмжээгээр нь бүрэн дүүрэн нотлогдож байсныг хэлэх нь зүйтэй болов уу.

Ингээд 2018 оны Монголын бичиг соёл, оюун ухааныг дээдэлсэн “Тэргүүн ном”-ын эзнээр нэрт яруу найрагч, энэ цагийн Монголын бичиг соёлын энгийн даруу “Босоо суварга” Д.Урианхай гуай 27 ботийнхоо эхний 10 ботиор зүй ёсоор хүртэж, бичиг соёлоо дээдлэгч “MNС” телевизийн захирал МУСГЗ Ц.Мөнхтөрөөс “Тэргүүн ном”-ын “Болор цом”-оо хоёр гардан аваад оюун ухааны дээд, буурал тэргүүндээ мөргөн залбирсан нь энэ өдрийн “Оргил цаг” болсон юм.

Шведийн Нобелийн хорооноос манай улсын Шинжлэх ухааны академид 2018 оны Нобелийн утга зохиолын шагналд өөрийн орны зохиолчоо нэр дэвшүүлэх албан ёсны хүсэлт илгээсний дагуу Монголын зохиолчдын эвлэл тэргүүтэй мэргэжлийн байгууллагууд Дамдинсүрэнгийн Урианхайг 2018 оны Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшүүлээд байгаа билээ.

Англи, Франц, БНСУ-ын мэргэжлийн шүүгчид, эрдэмтэн мэргэдийн 100 хувийн саналаар БНХАУ, Япон, БНСУ-ын гурван өрсөлдөгчөөсөө тасархай түрүүлж, “Азийн шилдэг яруу найрагч” алдрыг хүртсэн Д.Урианхай гуай зүй ёсны оюун ухааны “Тэргүүн ном”-ын дээд шагналаа гардсаны дараа 2018 оны “Хэвлэлийн шилэг компани”-аар шалгарсан “Непко”-ийн орлогч захирал, Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоо Төв номын сангийн захирал, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоогоос “Болор цом”-оо гардсан билээ.

Харин Б.Цэнддоо зохиолчийн дараа 2018 оны “Шилдэг ном”-оор сэтгүүлч, зохиолч, кино найруулагч Д.Төрмөнхийн “Санкара” эссе роман шалгарсан нь бас л зүй ёсны шалгаруулалт байлаа. Учир нь нэгэн цагт “Нохойн орон”-оороо Монголчуудыг болон дэлхий нийтийг шахуу шуугиулж явсан Д.Төрмөнх сүүлийн үед үргэлжилсэн үг, эссе зохиолын төрөлд хүч түрэн гарч ирж байгааг батласан бүтээл нь яах аргагүй түүний энэхүү “Санкара” эссе роман болсныг “Интерном” номын дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгчид бараг л хэлээд өгчихсөн нь тодорхой юм. Харин Д.Төрмөнх зохиолчид 2018 оны “Шилдэг ном”-ын “Болор цом”-ыг нь Монголын кино урлагийн томоохон зүтгэлтний нэг, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн гардуулан өгөхдөө “Энэ чинь нээрээ их хүнд, яах аргагүй Болор цом мөн байна гээч” гэж танхимд цуграрагсадыг хөгжөөсөн билээ. 

Түүний дараа 2018 оны “Орчуулгын шилдэг бүтээл”-ийн шагналыг Японы энэ цагийн шилдэг зохиолчдын бас л шуугиулсан бүтээлийн нэгэн болох “Хайрын ааш”-ыг орчуулан Монголын уншигчдын гарт бариулсан Япон хэлний гарамгай орчуулагч О.Жаргалсайхан бүсгүй хүртсэн юм.

Ингээд шинжлэх ухаан, оюун ухааны “Шилдэг бүтээл”-ийн 2018 шагналыг Монгол Улсын Шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн Д.Төмөртогоо 3700 гаруй Монгол үгийн гарал үүслийг судлан шинжилсэн “Монгол хэлний үгийн гаралын толь” бүтээлээрээ хүртэж, “MNС” телевизийн Үйл ажиллагааны захирал Д.Цэдэвсүрэнгээс “Болор цом”-оо ёслол хүндэтгэл төгөлдөр гардан авсан билээ.

Энд нэг зүйлийг сонирхуулахад оюун ухааныг дээдлэгч, бичиг соёлын эрдэмтэн мэргэдийг хүндэтгэн алдаршуулагч “MNС” телевизийн хамт олон 2016 оноос хойш “Шинэ ном” нэвтрүүлгийг байнга дэлгэцээрээ цацсаар ирснийг туйлын их хүндэтгэн сонирхдогоо МЗЭ-ийн дарга, МУСГЗ, нэрт зохиолч До.Цэнджав энэ үеэр онцолж байсан юм.

Эцэст нь Монголын телевиз үзэгчид, нэн ялангуяа хойч үеийн хүүхэд залуусныхаа оюун ухаанд гэгээлэг бүхнээр хөрөнгө оруулалт хийж, хэзээнээсээ “Номонд мөргөж”, ухаант мэргэдээ бишрэн дээдэлсээр ирсэн Монгол түмнийхээ ухааны цар, билгийн мэлмийг дахин нээгдүүлэхээр чармайн зүтгэж байгаа “MNC” телевизийнхний энэ өдрийн гэрэл гэгээ нэвчүүлсэн, ухаант мэргэдээ баярлуулсан 2018 оны “Шилдэг ном”-ын эзнээр 1998 оны “Болор цом”-ын эзэн, “Монголын Их амар амгалан”-г дуудагч Ц.Бавуудорж “Шувууг сулла” хэмээсэн үргэлжилсэн үг, эссе тууж, яруу найргийн бүтээлээрээ тодрон хүртэж, МЗЭ-ийн дарга МУСГЗ До.Цэнджаваас “Болор цом”-оо гардан авлаа. Ц.Бавуудорж найрагч энэхүү гэгээлэг, оюун ухааныг дээдэлсэн оны “Тэргүүн ном” шалгаруулах үйл ажиллагааг Төв номын сантай хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулсан “MNС” телевизийн хамт олонд баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлж, хамгийн сүүлд зохиосон гайхалтай тунгалаг шүлгээ уншсанаар өнөөдрийн Морин цагт эхэлсэн 2018 оны “Тэргүүн ном” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа жавхлан төгөлдөр өндөрлөсөн юм.

Ер нь эцэст нь дүгнэхэд өнөөдрийн Монголын энэ олон телевизүүд улстөрчдийн хэрүүл тэмцэл, утгагүй шахуу наймаа арилжаа, өдөр бүрийн гэмт хэрэг зөрчил, төрийн эрх баригчдын хулгай луйврыг гайхаж балмагтмаар, дургүй хүрч телевизээ унтраамаар байнга л гаргаж, нэвтрүүлж байхаар оюун ухаан нь өдрөөс өдөрт муудан доройтож, цахим ертөнцийн элдэв эрээн мяраан, шалиг самуун бүхнийг нүдээ улайстал, бөндгөрөө далжийтал үзэн суугаа Монголын хойч үе, хүүхэд залуусынхаа тархи толгойг эрүүлжүүлэх, оюун ухааныг нь гэгээрүүлэх олон сайхан нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байгаа “MNС” телевизийн хамт олноос жишээ авч, хойшдынхоо ажилд бага ч болтугай тусгаж хэрэгжүүлээсэй гэсэн санаагаар энэхүү бяцхан тэмдэглэлээ дуусгаж байнам...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.