Биед нь биш сэтгэлд нь хэл...

Twitter Print
2019 оны 03-р сар 13-нд 14:34 цагт
Мэдээний зураг,

Эцэг эхийн сургалтын явцад олон давтагдан асуугдсан нэг эмзэг асуудалд хариулт хүргэе.

Эрэгтэй хүүхдээ эршүүд, хатуужилтай, гарын ая даадаг болгоно гээд аав нь "гөвдөг" энэ зөв үү!

Хүүхдэд ямар ч тохиолдолд гар хүрч болохгүйг, зодуулж өссөн хүүхэд хэн болдог тухай маш их хэлсэн тул түүнийг заавал олж уншаарай. Одоо харин хүүхдээ хүч зоригтой, сэтгэлийн тэнхээтэй, өөртөө итгэлтэй, үнэнч шударга болгон өсгөе гэвэл өөр ямар арга байгаа талаар өгүүлье.

Ном уншиж өсгө. Ном дотроо үлгэрийн ном. Үлгэр уншиж өссөн хүүхэд үнэн болон худал, шударга ба хуурамч, үнэнч нөхөрлөл, үхэл хагацал, амьдралын хатуу, зөөлөн, нөхөрлөл, тэмцэл гээд бүхнийг амталдаг.

Үлгэр сонссоор хүүхэд үлгэрийн дүрдээ орж өөрийгөө баатар болгож бэрхшээлийг даван туулж буйгаар, хэн нэгнийг аварч тусалж байгаагаар төсөөлж ирээдүйн амьдралдаа бэлтгэгддэг.

Өөрөөр хэлбэл орос ардын болон монгол ардын үлгэр, дэлхийн сонгодгуудаас баатарлаг түүхэн үлгэрүүдийг сонгож уншиж өгч байгаарай. Анхаарах нь: Дайтсан, тулалдсан үлгэрийг үдэш унтахын өмнө биш өдрийн цагаар уншаарай.

Үлгэр бол зөвхөн хүүхэд насны биш насан турш сэтгэлд үргэлжилдэг сонгодог бүтээл.

Амьдралын хатууд хүүгээ бэлтгэх нь зөв. Гэхдээ аав та өөрийнхөө үлгэрлэлээр, баатарлаг үлгэрүүдээр дамжуулж л бэлтгэнэ шүү дээ. Баатарлаг үлгэрийг аав нь уншиж өгвөл үр дүн маш эерэг нөлөөтэй буюу хүүхэд зоригтой өөртөө итгэлтэй болдог.Тухайлбал, "Цуутын цагаагч гүү"-г сонсоод нэлээд хэдэн хүүхэд уйлж байсан. Хагацал гэдэг зүйлтэй хүүхдийн сэтгэл танилцаж эхэлж буй нь энэ юм. Түүнээс хүүхдийн сэтгэл өвтгөлөө, дэмий ном гээд шүүмжилж орхиж болохгүй.

Г. Төмөрзаяа 

БНСУ улсын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.