Бригадын генерал Б.Амгаланбаатар: Талийгаач цэргийг жагсаал гүйцэхгүй баашиллаа гэж ахлагч цохисон асуудал байна

Twitter Print
2019 оны 01-р сар 25-нд 17:14 цагт
Мэдээний зураг,

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай байлдагч амиа алдсан хэрэг энэ сарын 22-ны өдөр гарсан. Цэргийн алба хаагч амиа алдсан хэргийн мөрөөр ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг Зэвсэгт хүчний жанжин штабаас өнөөдөр танилцууллаа.

Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар "Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа эхлээд явж байгаа учраас өнөөдөр ямар нэг хүний нэр ус хэлэх, процесс тайлбарлах боломжгүй. Хэрэг явдал 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 14.30-16.00 цагийн хооронд болсон. Энэ үед ангийн захирагчийн тогтоосон дэг журмын дагуу өдөр тутмын үйл ажиллагааны дагуу 5, 6-р цагийн хичээл орж байсан. 

Уг салбар тухайн өдөр харуулаас буусан үед салбарын ахлагч нар салбарын захирагчийн үүргийн дагуу салбарын байранд үзлэг хийсэн. Энэ үед эмх замбараагүй хадгалсан зүйлс, гар утас олдсон байгаа юм. Ингээд салбарын захирагч эмх замбараагүй байна, дотоод журмыг зөрчиж гар утас ашигласан байна хэмээн нийт цэргийн алба хаагчдад арга хэмжээ авах үүргийг салбарын ахлагчид өгсөн. Энэ дагуу цэргүүдийг биеийн тамирын талбайд гүйлгэсэн. Гүйх явцад талийгаачийн биеийн байдал муудаж, "дотор муухайрч байна, би гүйж чадахгүй нь" гэсэн тайлбарыг хэлсэн юм билээ. Энэ үед салааны захирагч нар өөр салбарын захирагчийн хамт очиж гүйхийг нь болиулаад цэргүүдийг байранд нь оруулсан. 

Гүйлтийн дараа цэргийн алба хаагчдыг байранд оруулах явцад талийгаач байлдагчийн бие дахин муудаж, оронд нь оруулан хэвтүүлж,  дэргэд нь байсан ахлагч нар гар хөлөнд нь массаж хийж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх гэж оролдсон юм байна. Үүний дараа хугацаат цэргийн алба хаагчид дахин хичээлд орсон. Ингэхэд талийгаач дахин бие нь муудаж таталт өгсөн тул ангийн эмчийг дуудаж, эмч, сувилагч нар ирэхэд талийгаач ухаан алдсан байдалтай, таталт өгсөн байсан тул очсон сувилагч эмчдээ илтгээд Зүүнбаян багийн эмнэлэг рүү авч явах шийдвэр гарган, авч явах замд амиа алдсан. 

Багийн эмчийн үзлэгээр зүрх нь зогсож, амиа алдсныг тогтоож, цагдаагийн хэсэгт мэдэгдсэн. Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс ажлын бүрэлдэхүүн дуудсаны дагуу газар дээр нь очиж ажилласан. Манай зүгээс ар гэрийнхэнд нь болсон явдлыг дуулгаж, нэгдүгээр сарын 23-ны 05.40 минутад Зүүнбаян багт очиж, хууль хяналтын байгууллага, ангийн удирдлагатай уулзсан" гэлээ.

Хэргийг шалгах ажлын хэсгийг Хуурай замын командлагчийн тушаалаар томилж өнгөрсөн хоёр өдөр Зүүнбаянгийн 336 дугаар ангид ажиллаад өнөөдөр ирсэн. Ажлын хэсгийнхний дүгнэлтээр:

-Ангийн удирдлагаас өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналт сул, 

-Салбарын захирагч шийдвэр гаргахдаа цэргийн сахилгын дүрмийг зөрчсөн. Цэргийн сахилгын дүрмийн 62 дугаар заалтад цэргийн алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулахдаа нэр төрийг гутаан доромжлох, зүй бус харьцах, харгис догшин авирлах, шийтгэлийг нийтээр нь хавтгайруулан оноохыг хориглох заалтыг зөрчсөн.

-Эмнэлгийн анхны тусламжийг хожимдож үзүүлсэн гэж гарсныг салбарын сайд, холбогдох албан тушаалтанд танилцуулжээ

Одоогийн байдлаар Дорноговь аймгийн Цагдаагийн Мөрдөн шалгах албан тушаалтнууд, Дорноговь аймгийн тагнуулын газрынхан хэргийн газарт ажиллаж байна. 

Ажлын хэсгийн шалгалтын явцад цэргийн ангийн дотоод дэг журам, хяналт, цэргийн дэг журам зөрчигдсөн явдал байгаа тул бид холбогдох шатны удирдлагуудад арга хэмжээ тооцох саналаа Батлан хамгаалахын сайдад тавьсан. 

Ийм харамсалтай хэрэг гарсанд, айлын сайхан залуу амь үрэгдсэнд гүнээ эмгэнэж байгаагаа талийгаачийн ар гэрийнхэнд илэрхийлж байгаагаа албан ёсоор хэлье гэлээ. 

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Жагсаалд гүйх үеэрээ унахад нь ахлагч нь дэвсэж, өшиглөсөн, өмнө нь дэглэлт, дарамт их байгаа талаар ээждээ хэлж, хурдан аваач гэж байсан талаар ар гэрийнхэн нь ярьсан, мөн өнөөдөр өмгөөлөгч нь мэдээлэл хийх үеэрээ хэлсэн. Энэ талаар?

Зодсон тухай асуудалд 20-ны өдрийн ил биений үзэгдлийн тэмдэглэлээр гадна ил шарх, сорвигүй гэсэн байна лээ. Тиймээс зодсон гэж хэлж мэдэхгүй байна. Харин жагсаалд гүйж байх үеэрээ гүйж чадахгүй болоод жагсаалаас гарах үед нь хариуцаж байсан ахлагч жагсаал гүйцэхгүй баашиллаа гэж цохисон асуудал байна. Үүнийг бол нуухгүй. Чухам тухайн цохилт нь үхэлд хүрсэн эсэхийг шүүх хяналтын байгууллага тогтоох байх. Цохисон гэдэг нь хажууд нь байсан, хамт гүйж байсан цэргүүдийн ярианаас нотлогдож байна. Ээжтэйгээ ярьсан эсэхийг нь мэдэхгүй байна. 

-Утасны асуудлаас болж дэглэсэн гэж байгаа. Ангиар нь гүйлгэж дэглэсэн юм уу? Тэр утас нь талийгаачийнх байсан уу?

-Танкын ротын 17 цэрэг. Салбараас олдсон утас бол тухайн байлдагчийнх биш өөр байлдагчийн утас байсан. Тэр утсан дээр талийгаач ээжтэйгээ ч юм уу өөр хэн нэгэнтэй ярьсан гэсэн тэмдэглэл байхгүй.

-Талийгаач урд нь яагаад эмнэлэгт хэвтсэн тухай танд мэдээлэл байна уу?

Эмнэлэгт хэвтсэн шалтгаан бий. Цэргийн алба хаагч үлд гараад эмнэлэгт хэвтсэн нь эмчийн тэмдэглэл дээр байна лээ.

-Талийгаачийн цогцос зөвхөн нуруу бус шилбэ, баруун мөр, гарын бугалгадаа гадны нөлөөтэй шархтай байсан гэсэн мэдээллийг өмгөөлөгч нь өгсөн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Би цогцсыг үзээгүй учир тэр талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. 

-Өмнө нь хэрэг гарсан ангилд мөн ийм төрлийн хэрэг гарч ангийн захирагчид арга хэмжээ авч байсан. Шийтгэгдсэн дарга яагаад буцаж очсон юм бэ? Мөн өнгөрсөн жил нэг цэрэг хөлөө тайруулсан асуудал гарсан?

-Тус ангийн захирагч Өлзийбаяр өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байсан бөгөөд сахилгын шийтгэл дуусч буцаад хоёр жилийн дараа энэ ангид томилогдсон. 

Зүүнбаянгийн цэргийн ангид өнгөрсөн аравдугаар сард шалгалт явуулсан бөгөөд хоёр жилийн өмнө хугацаат цэргийн алба хааж байсан байлдагчийг хүйтэн цемент дээр зогсоож, хөлийн хуруугаа тайруулсан асуудалд хариуцлага тооцож, цэргийн ангийн удирдлагыг бүрэлдэхүүнээр нь сольсон. Цэргийг эрүүл мэндээрээ хохироход хүргэсэн ахлагч шийтгэлээ хүлээсэн.

Энэ хэрэг дээр ч хариуцлага алдсан албан тушаалтнуудад ажил явдал дууссаны дараа хариуцлага тооцно. 

-Өдөр бүр шахуу л дэглэж, ямар нэгэн байдлаар зодож занчдаг гэдэг. Энэ тал дээр та нар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Цэргийн ангид өдөр бүр дэглээд, чангалаад байдаг зүйл байхгүй. Бид аль болох ийм асуудал гаргахгүй тал дээр ажиллаж байна. 

-Тийм асуудал байгаагүй юм бол өнөөдрийн хэрэг үүсэхгүй байсан юм биш үү? 

-Тийм зүйл байхгүй. Аль болох ийм асуудал гаргуулахгүйн төлөө бүх шатандаа бид ярьдаг. Өнгөрсөн жил сахилга, хариуцлагыг дээшлүүлэх жилийн аян хийсэн. Гаргуулагүй байхын төлөө бид ажиллаж байна. Хариуцлага алдсан бүх албан тушаалтанд талийгаачийн ажил явдал дууссаны дараа хариуцлага тооцно. Өмөөрч хамгаалах асуудал байхгүй. Өдөр болгон дэглэж, гүйлгэдэг асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

-Тухайн үед ангийн удирдлагууд байсан уу?

-Ангийн удирдлагууд байсан. Харин захирагчийнх нь аав цус харваад Улаанбаатар хот руу явсан байсан.

-Талийгаачийн салбарын байранд орж ирэх үеийнх нь бичлэгийн талаар юу хэлэх вэ?

-Гүйж байгаад байрандаа орж ирсэн ч өлгүүртээ хүрч чадахгүй, ахлагч нь оронд нь хэвтүүлж буй бичлэг байгаа. Цагдаагийн байгууллага хурааж авсан.  

-Цэргийн алба хаах үеэрээ амиа алдсан цэргүүдийн талаар тоон мэдээлэл байна уу?

-Цэргийн дүрэм зөрчигдсөнтэй холбоотой сүүлийн гурван жилд амиа алдсан тохиолдол хуурай замын цэрэгт байхгүй. 

-Жил бүр цэргийн алба хаагч амь нас эрүүл мэндээрээ хохирсон хэрэг гарч байна. Тухайн ангийн бус та бүхний хариуцлага ч энд байх ёстой. Та бүхэн хариуцлага хүлээхэд бэлэн үү?

-Хариуцлага хүлээхэд бэлэн. Хүлээлгэх хариуцлагыг надад үүрүүлье гэвэл би хүлээхэд бэлэн. 

-Талийгаачийн ар гэрийнхэнтэй нь уулзсан уу?

-Ар гэрийнхэнтэй нь уулзсан. Оршуулгын комиссыг томилон ажиллуулж байна.

Э.Гүнтөмөр

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Oyun

      (223.54.52.58) 2019-01-28 10:32
      • 0
      • 0

      Uld garahad emnelegt hewtuuldeg bol ........

      Хариулах

    • Z

      (194.230.155.122) 2019-01-26 14:20
      • 0
      • 1

      Arisaa hamgaalsan armiin temeg darga hudal yarisf bgan il tod bnlee

      Хариулах

    • Нэгэн ард

      (124.158.107.85) 2019-01-26 08:49
      • 2
      • 1

      Одооны нэг жилийн цэргүүд гэж хачин сул дорой, өргөсөн тангараг шиг юмныхаа ч учрыг олох чадваргүй, ёстой нэг нусгайнууд. Тэгээд үхэж байгаа юм шиг бааштай юмнууд байдаг юм билээ. Ийм юмнуудыг цэрэгт тачихаад эцэст нь эр цэргийн ёсоор эх орондоо өргөсөн тангарагаа биелүүлээд, албаа хаажж байсан ахлагч, захирагч нарыг нь буруутгаж гэмт хэрэгтэн болгоод байгаа нь ёстой нэг завхарсан гажуудал, новшийн явдал шүү дээ

      Хариулах

    • Bitgii darj yaria gants ene udaa bish shuu taanuis

      (37.169.222.68) 2019-01-25 21:44
      • 0
      • 2

      Tsohison bishee alsan asuudal

      Хариулах