АТГ-т мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдээс албан тушаалтнуудад холбогдох 76 хэргийг прокурорт шилжүүлжээ

Twitter Print
2019 оны 01-р сар 25-нд 10:27 цагт
Мэдээний зураг,

АТГ-аас Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад оффшор бүсэд холбогдох этгээдүүд нь 85,933,063 ам.долларыг байршуулж байсныг тогтоосон. Үүнээс 74,993,452 ам.доллар тодорхой хэлбэрээр Монгол Улсад орж ирсэн болох нь шалгалтаар тогтоогдоод байна. Үүний 4.3 сая ам.долларыг биет байдлаар хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд оруулж ирсэн байгаа.  

2018 онд иргэд, байгууллагаас 1887 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсны 858 нь гэмт хэргийн шинжтэй 858 гомдол, мэдээлэл байв. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал өргөдөл, гомдол, мэдээлэл 563 нэгжээр буюу 42.5 хувиар, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 200 нэгжээр буюу 30.4 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй байна. 

Гэмт хэргийн шинжтэй 858 гомдол, мэдээллээс 447 гомдол, мэдээлэл буюу 52.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 327 гомдол, мэдээлэл буюу 38.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 76 гомдол, мэдээлэл буюу 8.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 30 гомдлын үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 98.9 хувьтай байна.

2018 оны байдлаар 1473 үйлдэлтэй, 1224 холбогдогчтой  1138 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг 2017 онд 654 холбогдогчтой, 427 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөн үетэй харьцуулбал,  эрүүгийн хэрэг 711 нэгжээр буюу 2.7 дахин өссөн үзүүлэлттэй байна. Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцдаа нийт 25  үйлдлийг шинээр нөхөн илрүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 224 нэгжээр буюу 2.7 дахин, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 2.1 дахин, харьяалалын дагуу шилжүүлсэн хэрэг 2.6 дахин, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 4.9 дахин, үлдэгдэл хэрэг 1.9 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байх ба мөрдөн шалгасан хэргийн 72.5 хувийг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэсэн дүнтэй байна.

2018 онд гэмт хэргийн улмаас 663,213,994,905 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 17,470,753,533 төгрөгийг нөхөн төлүүлж үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 180,650,089,526 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 5 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 6 дахин өссөн үзүүлэлттэй байна.

2017 онд шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн 106 хэргээс 46 /43.3/ эрүүгийн хэрэг шийдвэрлэж байсан бол 2018 онд нийт 224 хэрэг шүүхээр шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлснээс 84 /37.5 хувь/ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн дүнтэй байна. Үүнд:

  • Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр, 

  • Боловсрол соёл шинжлэх ухааны яамны санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Батмагнай,

  • Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Ц.Баянсэлэнгэ,

  • Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан  Б.Оюундэлгэр,

  • НӨХГ-ын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, ахлах мэргэжилтэн Э.Энхтулга,

  • Төрийн орон сууц санхүүжилтийн корпорацийн хуулийн хэлтсийн дарга Б.Батбаатар,  

  • Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга А.Мейремхан,

  • Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт хариуцсан байцаагч Б.Золбоо,

  • Баянгол дүүргийн татварын байцаагч А.Энхтүвшин,

  • Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н.Пүрэвдорж нарын,

  • Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Ж.Алтансүх,

  • ДЦС-4 төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал С.Анхбаяр зэрэг албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлээд байна.

АТГ-т мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдээс УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Эрчим хүчний сайд асан М.Сономпил, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, ТОСК-ийн А.Гантулга, МХЕГ-ын газар, хэлтсийн дарга Б.Аззаяа, Д.Баярсайхан нарын албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн 76 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.