М.Үүрийнтуяа: Зөнөгрөх өвчин наснаас шалтгаалахгүй, заавал өндөр настай хүнд тусдаг биш

Twitter Print
2019 оны 02-р сар 18-нд 18:50 цагт
Мэдээний зураг,

“Эпимон” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухааны доктор М.Үүрийнтуяатай ярилцлаа.


-Насжилт нэмэгдсэнтэй холбоотойгоор зөнөгрөл, дэмийрэл өвчин дэлхий нийтийн асуудал болсон. Харин танайд ийм өвчтэй хүмүүсийг хүлээж авдаг юм байна. Ийм өвчтэй хүмүүс хэр их ирдэг вэ?

-Зөндөө бий. Зөнөгрөл гэдэг маань зөвхөн наснаас шалтгаалахгүй. Заавал өндөр настай хүнд тусдаг юм биш. Олон удаа харвасан хүмүүс ч ийм байдалд орж болно. Тархины, танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдахыг л хэлээд байгаа шүү дээ. Гол шинж нь нойр муудах. Төөрч будилна. Гэртээ байхдаа ч жорлон, гал тогооны өрөөгөө олохоо байчихдаг. Хүүхдүүдээ ч танихаа болино. Яваандаа залгиурын үйл ажиллагаа алдагдана. Хөдөлгөөн хомсдоно. Уян хатан чанар алдагдаад гүйж харайж чадахаа болино. Иймэрхүү шинжүүд ажиглагдвал гэр бүлийнхэн нь анхаарах ёстой. Гэтэл настай хүмүүс унтахаа болиод, заримдаа солиорч, утга авцалдаагүй юм яриад эхлэхээр нь болохоо байлаа гээд эмнэлэгт ханддаг. Хөөрхий даралтны эмээ уугаад, гэртээ суугаад байхаар нь гайгүй гэж боддог. Үүнээс сэргийлэх боломж бий.

-Хэдэн наснаас зөнөгрөл, тэнэгрэл өвчин эхэлж болох вэ?

-Жараас дээш насанд ихэвчлэн тохиолдоно. Гэхдээ хоёр, гурван удаа харвасан хүн ийм байдалд орж болно. Зөнөгрөлийн шинж тэмдэг илрэхээр сэтгэцийн эмгэг үү, мэдрэлийн эмгэг үү гэсэн асуулт гарч ирдэг. Яагаад гэхээр зөнөгрөл эхэлсэн хүн утга авцалдаагүй юм ярьдаг. Хүндрээд ирэхээрээ зарим тохиолдолд нүдэнд нь янз бүрийн юм харагдана. “Гэрт муур гүйгээд байна”, “Намайг хүн авах гээд байна” гэх мэтээр ярьдаг. Нүдэнд нь хий юм харагдаж, чихэнд нь янз бүрийн юм сонсогддог. Цадахаа мэдэхээ болино. Хүүхэд шиг булан тохойд очоод бие засчихна. Энэ бол мэдрэлийн эмгэг. Ийм тохиолдол зөндөө байна. Манайд ирсэн нэг эмэгтэй цонхоороо хамаг хувцсаа гаргаад шидчихсэн байсан. “Тэнгэрийн элч ирж авах гээд байна. Хувцсаа явуул гэсэн” хэмээн ярьсан. Хүнд зэргийн солиоролд орчихсон байлаа. Сар гаруй хугацаанд эмчлээд зүгээр болсон л доо. Манай хөгшин нойргүй байгаад байна гээд сууж болохгүй. Шинж тэмдгийг нь анзаарч байх хэрэгтэй.

-Японд настануудыг өглөө цэцэрлэгт хүргэж байгаа юм шиг машинаар аваад, асаргаа сувилгаа үзүүлээд орой гэрт нь хүргэж өгдөг үйлчилгээ байдаг юм билээ. Танайх бас өдрийн үйлчилгээ үзүүлнэ гэсэн үү?

-Өндөр хөгжилтэй Солонгос зэрэг улсад хувийн асрамжийн газрууд олон байдаг юм билээ. Одоо бол бид эмнэлгийн статусаар үйлчилж байна. Насаараа хэвтэрт орчихсон өвчтөнүүд олон байна. Тэр хүнийг хүүхдүүд нь асрах гэхээр ажлаа, цалингаа алдах болдог. Насжилт нэмэгдэхийн хэрээр өндөр настануудын нийгмийн асуудалд дэлхий нийтээрээ анхаарч эхэлсэн. Солонгосын асрамжийн газруудтай танилцсан. Уулын аманд байдаг нэг асрамжийн газарт очсон. Тэндээ нас бардаг. Хүүхдүүд нь гэртээ аваачдаггүй. Нас барахын өмнө уулздаг өрөөнүүдтэй, оршуулгын газартай цогцоор нь хөгжүүлсэн юм билээ.

-Та бүхэн зөнөглөсөн, настай, хэвтрийн өвчтэй хүмүүсийг харж асрах үйлчилгээ үзүүлдэг гэсэн. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага Монголд ховор байдаг болохоор энэ тухай тодруулаач?

-Манай эмнэлэгт харвалт болон нуруу нугасны гэмтэл, мэдрэлийн бусад өвчний улмаас удаан хугацаагаар хэвтэрт байгаа өвчтөнүүдэд мэдрэлийн сэргээн засах эмчилгээ, эмийн эмчилгээнээс гадна ар гэрээс нь сахиур авахгүйгээр асарч байна. Ийм нөхцөлд гэр бүлийнхэн, хүүхдүүд нь өвчтэй хүндээ санаа зовохгүйгээр ажлаа хийгээд явах боломжтой. Манайх хамгийн багадаа арав хоногоос сарын хугацаатай үйлчилгээ үзүүлж байна. Асаргаа хийх үед тухайн хүний эмчилгээ тасрахгүй учраас эдгэрэлт ч сайн байгаа.

-Цус харвасан хүмүүс гуравдугаар эмнэлэгт очдог. Арав хоног хэвтэж эмчлүүлсний дараа хаана очих вэ гэдэг асуудал тулгардаг юм билээ?

-Харвалтын дараа сайн сэргэвэл тэр хүн дүүргийн эмнэлэгт эмчилгээнд явах боломжтой. Гэтэл хүнд зэрэгтэй, гар хөлний гүнзгий саажилттай хүн бол амбулаториор явж эмчлүүлэх боломжгүй учраас урт хугацаагаар хэвтэн эмчлүүлэх болдог. Хүн тархины харвалтаар өвчлөөд харьяаллын дагуу дүүрэг болон гуравдугаар шатлалын эмнэлэгт биеийн байдлаас шалтгаалаад арав хоногоос сарын хугацаанд хэвтдэг. Үүний дараа хаана очиж мэдрэлийн сэргээн засах эмчилгээг удаан хугацаагаар хийлгэх асуудалтай тулгардаг. Тийм учраас бид харвалтын дараахь урт хугацааны эмчилгээг үргэлжлүүлж хийж байна. Харвалтын сэргээн засах эмчилгээг эхний гурван сарын дотор хугацаа алдахгүй хийх нь үр дүнтэй байдаг. Асаргаа шаардлагатай хэвтрийн хүн заримдаа хоолоо залгиж чадахгүй болчихдог. Тийм хүнд бид тохирсон хоол хийж өгдөг. Шинэ үеийн харвалтын сэргээн засах эмчилгээнд технологи ашиглах болсон. Тухайлбал булчингийн үйл ажиллагааг цахилгаанаар өдөөх, роботын тусламжтайгаар үе мөчний хөдөлгөөнийг давтаж, хөдөлгөөн хийхэд тусалдаг. Робот технологи Монголд хараахан нэвтрээгүй байна. Харин бид виртуал технологи ашигладаг.

Харвалтын сэргээн засах эмчилгээг багаар үзүүлдэг. Сэргээн засалч эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч, хоол зүйн эмч, сувилагч, хэл заслын эмч бүгд хамтарч ажилладаг юм.

Харвалтын сэргээн засах эмчилгээний үр дүнд өвчтөнүүдийн 10 хувь нь бараг бүрэн сэргэдэг, 25 хувь нь үйл ажиллагааны бага хэмжээний алдагдалтай, 40 гаруй хувь нь онцгой анхаарал халамж шаарддаг, ноцтой бэрхшээлтэй, 10 хувь нь урт хугацааны халамжинд байж, байнга анхаарал шаарддаг байна. Хөдөлмөр засал гэхээр тухайн хүний урьд нь хийж байсан өдөр тутмын үйл ажиллагааг эргэж хэвшүүлэхийг хэлээд байгаа юм. Жишээ нь, харвасан хүний гар халбага барьж чадахгүй байх нь түгээмэл. Манай сэргээн засах өрөөнд ийм зориулалтын аяга халбага, таваг бий. Хоол идэхдээ асгаж цутгадаг учраас зориулалтын аяга таваг хэрэглэдэг. Хамгийн түрүүнд хооллож, хувцаслаж сургадаг. Дээр нь бид харвасан хүний ар гэрийнхэнд сургалт хийж байгаа. Өвчтэй хүнээ яаж хооллох, хэрхэн зөөвөрлөх гэх мэт асаргаатай холбоотой мэдээллийг өгдөг юм. Харвалтын дараа хамгийн багадаа гурван курс эмчилгээ хийж байна. Зарим харвалтын дараа танин мэдэхүйн алдагдал тохиолддог. Тархины зүүн талын бөмбөлөгт харвалт болвол хүн юмыг ойлгохоо больдог. Хэл ярианы төв гэмтвэл ярьж чадахаа ч байна. Бас юмыг нэрлэж чадахаа байна. Танин мэдэхүйн алдагдалтай хүмүүсийг үнэлээд, оюун ухаан сайжруулах дасгал хийлгэдэг. Харвалтын дараа өвчтөн урьд нь хийж чаддаг байсан зүйлүүдээ хийж чадахаа болиход сэтгэл санааны хямдралд ордог.

Бид эмнэлэгт хэвтэхээр ирсэн хүнд үнэлгээ хийж, цаашдын эмчилгээний төлөвлөгөө гаргаад, хяналтад авдаг.

-Өдрийн үйлчилгээнийхээ тухай мэдээлэл өгнө үү?

-Мэдрэлийн эмгэгтэй хүмүүст өдрийн үйлчилгээ үзүүлдэг юм. Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээ хийдэг. Энэ эмчилгээг хамт олон дунд нь бүлэг болгож, бүлгийн сэргээн засах эмчилгээ хийвэл хүмүүс бие биенээсээ туршлагаас суралцдаг. Энэ ингэж сайжирч байна, би ингэх юм байна гээд урам дэмжлэг авдаг ач холбогдолтой. Тухайлбал бид эпилепситэй хүмүүст ийм үйлчилгээ үзүүлдэг. Манайд эпилепсигийн бүлэг хичээллэдэг. Унаж татдаг өвчин бас л манай мэдрэлийн эмгэг л дээ. Тэр бүлэг маань 14 хоногт нэг удаа цуглана. Бид жилийн ажлын төлөвлөгөө гаргаад, урлаг, спорт, соёлын олон арга хэмжээ зохиодог, агаар салхинд гарч, явган аялал хийнэ. Эрүүл мэндийн боловсрол олгох олон нийтийн арга хэмжээ бас хийдэг. Унаж татдаг хүмүүс маань ажилгүй учраас хамт олон байдаггүй. Тиймээс нэг анги бүрдүүлж, хамтдаа нэгнийхээ төрсөн өдөр, шинэ жилийг тэмдэглэдэг. Зааланд тоглодог. Унаж татдаг хүмүүс төрж болохгүй, спортоор хичээллэж болохгүй гэсэн ойлголт байдаг. Ээж, аав нь гудамжинд ухаан алдчихна гэж айгаад хүүхдээ гэрээсээ гаргах дургүй. Тийм учраас бид энэ хүмүүсийг нийгэмшүүлж байгаа юм. Зөвхөн эм уугаад гэртээ байхын оронд ингэж явахад эмчилгээний үр дүн сайжирдаг. Нэг бүлэг болчихоор “Чи эмээ ууж байна уу, яаж байна" гээд бие биедээ анхаарал тавьдаг. Эпилепси ч бай, мэдрэлийн бусад эмгэг ч бай удаан хугацааны эмчилгээ шаарддаг учраас тухайн хүнийг нийгмээс тусгаарлачихдаг. Хамт олонд түшиглэсэн сэргээн засах буюу бүлгээр сэргээн засах нь үр дүнтэй байдаг. Бид эпилепситэй хүмүүсийг үнэ төлбөргүй хяналтад авдаг. Ар гэрийнхэнд нь сургалт хийдэг. Эпилепси нь эмч, өвчтөн, ар гэр гэсэн гурвалсан холбоонд байхгүй бол болдоггүй. Унаж татдаг өвчтэй эмэгтэйд гэр бүл төлөвлөлтийн талаар мэдээлэл өгч, яг жирэмслэх үед эмийг нь багасгадаг. Өндөр тунгаар эм уувал урагт сөргөөр нөлөөлдөг. Таван сарын дараа эмийнх нь тунг ахиад нэмэгдүүлдэг. Унадаг хүн төрж болохгүй, хүнтэй сууж болохгүй, ажил хийж болохгүй гэх мэтээр буруу ойлголтууд байдаг. Унаж татдаг өвчтэй хүмүүсийг сүүлийн үед заавал группт байх шаардлагагүй, таарч тохирсон ажил хийж болно гэж үзэх болсон.

Эпилепси архаг өвчин. Таталтгүй байж чадвал амьдралын чанар сайжирна. Унаж татдаг өвчтэй, дэлхийд алдартай хүмүүс олон байсан. Юлий Цезарь, Александр хаан, Наполеон, Ван Гог зэрэг алдартнууд унадаг өвчтэй байсан. Тийм учраас энэ хүмүүст урам зориг, итгэл өгөх учиртай. Эпилепситэй хүмүүсийг сүүдрээс гаргах нь Дэлхийн Эпилепсигийн холбооны уриа. Манайх эпилепсийн үйлчилгээг цогц үзүүлж байгаа. Үзлэг, тархины болон нойрны бичлэг хийдэг, сэтгэцийн асуудлыг үзнэ. Арван жилээс дээш хэмжээгээр унаж татвал оюун ухаан, ой тогтоолт, анхаарал бууралтад ордог. Тийм учраас байнга эмгэг сэтгэл судлалын шинжилгээ хийдэг. Эпилепситэй хүмүүс олон жил эм ууж байгаа учраас гаж нөлөө илэрдэг. Эмийн гаж нөлөөг хянах шинжилгээг жилд хоёр удаа хийдэг.

Бид өвчин, эм гэж олон жил ярилаа. Өнөөдөр хүн эмнэлэгт хэвтээд хэдэн эм тариа хийлгээд гарах хангалтгүй. Энэ ямар өвчин юм бэ гэдгийг нь ойлгуулах гэж хичээдэг. Өвдөөд ирдэг, эмнэлэг хүлээгээд авдаг, урьдчилан сэргийлэлт алга. Тухайн эмгэгийн талаар өөрт нь сайн ойлгуулах учиртай. Та ийм түвшинд байна. Одоо эмчийн зөвлөгөөг дагахгүй бол ийм хүндрэлд хүрнэ шүү гэдгийг нь хэлдэг. Жишээлбэл, хүн харвалаа гэхэд дахиад харвахгүй байх баталгаа байхгүй. Дараагийн хүндрэл эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн боловсрол олгох учиртай. Тийм учраас бид хэвтэж байгаа хүмүүстээ сургалт хийдэг.

-Урьдчилан сэргийлж ханддаг уу?

-Манайд шинэ жилийн амралтаараа долоо хоног хэвтдэг хүн бий. Жилдээ нэг удаа урьдчилан сэргийлчихээр бүтэн жил сэтгэл зовох юмгүй явдаг. Манайд хандсан хүмүүст эрсдэлийн үнэлгээ хийдэг.

-Дахин харвахгүйн тулд яах ёстой вэ?

-Давтан харвасан үед ихэнхдээ нас барах, мөн тахир дутуу болох магадлал өндөр байдаг. Таван жилийн дотор эмэгтэйчүүдийн 24 хувьд, эрэгтэйчүүдийн 42 хувьд дахин харвалт тохиолдсоныг судлаачид тэмдэглэсэн байна. Хоёрдогч цус харвалтын 80 хувийг урьдчилан сэргийлж болдог. Ингэхийн тулд эхний харвалт үүсгэсэн эрсдэлт хүчин зүйлсийг тодруулах, тамхи татахгүй байх, цусны даралтыг байнга хянах,цусан дахь холестролыг нэмэгдүүлэхгүй, чихрийн шижин өвчнийг хянах. Диабеттэй өвчтөн эрүүл хүнээс дөрөв дахин илүү харвалт өгөх магадлалтай. Эрүүл хоол хүнс хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Сүүлийн судалгаануудаас үзвэл долоо хоногт таваас дээш дасгал хийдэг хүн дахин харвалт өгөх нь бага байдаг. Архи уухгүй байх учиртай. Өдөрт хоёр хундагаас дээш архи уух нь харвалтын эрсдэлийг 50 хувь нэмэгдүүлдэг.

Б.Янжмаа

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.