Б.Болороо: Та нар зөвхөн нэр төрөө алдсан бол би амьдралаа алдсан шүү ХИШИГ АРВИАН

Twitter Print
2020 оны 06-р сар 07-нд 18:32 цагт
Мэдээний зураг,

Та бүхэнд амралтын өдрийн мэнд хүргэе. Талийгч нөхрийнхөө хэрэгтэй холбоотой хэд хэдэн мэдээллийг хүргэж байна. Тун удахгүй хэвлэлийн бага хурал хийж илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.

1. Олон хүн шүүх хурал нь болоогүй байхад юун нэр төрийг нь сэргээлээ гэж оруулаад байгаа юм бэ гэж хэлж байна. Үүнд тайлбар хийвэл:

-Анхнаасаа шүүх эмнэлэг, мэргэжлийн хяналтын дүгнэлтүүд бүгд худал гарсан байсан учир шүүх дээр очихдоо миний нөхрийн буруугаас болж үйлдвэрлэлийн осол гарсан гэсэн байдалтай очих байсан. Удаан хугацаанд нус нулимстайгаа холилдон байж тэмцсэнийхээ хүчээр архи уугаагүй гэдгийг, хийх ёсгүй ажлыг хийлгэсэн гэдгийг, компаний 100% буруу гэдгийг нотлон ил болгож, тийм дүгнэлтүүдийг ч гаргасан. Одоо шүүх рүү очиход нөгөө компаний буруу гэдгээр очно. Тэгээд ч шүүх хурлаар талийгчийн нэр төрийг сэргээлээ гэсэн зүйл гарахгүй учир дүгнэлтүүд үнэн зөв гарах нь л миний хувьд ялалт.

- Нэр төрийг нь сэргээж чадлаа гэсэн постон дээрээ хэн ч уншаад ойлгохоор бичсэн шүү дээ, тодруулбал “Дүгнэлтүүд үнэн зөв гарсан, Хавтаст хэрэгтэйгээ танилцахаараа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэж.

- Тухайн үед МХЕГ-ын дүгнэлт гараад сар хагас болж байхад прокурор дээр очоод гацчихаар нь би айсан, бусад хэргүүд шиг 5, 10 жил үргэлжилсэн юм болохвы гэж. Тэгээд олон нийтэд мэдээлэл задалж болохгүй гэсэн зүйлийг нь зөрчин байж мэдээлэл хийсэн. /санаж байвал би 03.24-нд МХЕГ-ын дүгнэлттэй танилцаад ирлээ гэж постолж байсан/

2. Би хохирлын мөнгө нэхэмжлэхээр болсон. Энэ нь дараах хэдэн шалтгаантай.

- Энэ хэргийг анхнаас нь хариуцаж илт нөгөө талд ажилласан СХД-н цагдаа тэтгэвэртээ суусан, илт нөгөө талд бүх зүйл бэлдэж хэн ч харсан тийм аймшигтай хуурмаг зүйл их байхад нүдээ аньсан аятай хэргийг минь хянаж байсан прокурор нь дээшээ дэвшээд явсан. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт гэм буруутай хүн болгон одоо байхгүй болсон.

- Энэ хэрэгт ганц хүн л яллагдагчаар татагдаж байгаа гэсэн. Тэр нь ч бараг ял авахааргүй харагдаж байгаа юм.

- Энэ компани эхнээсээ эцсээ хүртэл гэм буруутай гэдгээ, хүний амь нас өөрсдийнх нь буруугаас болж хохирчихоод байгааг, охин бид хоёрын амьдралыг орвонгоор нь эргүүлчихээд байгаагаа ухамсарлахгүй, ойлгохгүй байна. Түүнчлэн эхнээсээ эцсээ хүртэл доромжилж байна. Хамгийн сүүлд гэхэд 6 дугаар сарын 02-нд бас л доромжлуулж муурч унасан. Өнгөрсөн хүнийхээ хувцсыг авах гэж очиход хүртэл станц түлхүүрээ нэхэж байсан хүмүүс өөрчлөгддөггүй юм байна.

- Хохирлын мөнгө нэхэмжлэхгүй гэсний дараа маш олон хүн чиний бардам зан яахав охиныхоо ирээдүйг бод гэж хэлсэн, нээрээ л хүн юу ч тохиолдож яаж ч явахаа тааварлахын аргагүй болохоор ирээдүйг нь баталгаатай байлгах хэрэгтэй байх.

- Эхнээсэээ эцсээ хүртэл ингэж хандаж байгаа хүмүүсийн толгойг нь илээд яахав. Миний нөхрийн амь насыг, охин бид хоёрт өгч байсан аз жаргалыг юугаар ч хэмжиж чадахгүй. Монголд сэтгэл санааны хохирлыг хэмждэг зүйл байдаггүй юм билээ, гэсэн ч миний нойтон дэрэн дээр нойргүй хоносон шөнүүдийг, сэтгэлийн шарх, айдас түгшүүр, хямрал амсуулсныхаа хариуг энэ хүмүүс төлөх ёстой.

Үхсэн хүний ясыг өндөлзүүлэхгүй гэж явсаар бид хуулийнхныг өөрсдөө даврааж, ийм муухай тогтолцоог бий болгосон юм байна гэж бодох боллоо. Харин ч бид үхсэн хүн үг хэлэх биш гээд хаях биш үнэнийг нь олж, сүнсийг нь амрааж байж яс нь өндөлзөхгүй байх.

Би ганц л удаа өөрийн хэлсэн үгнээсээ буцаж үзэж байна. Одоо тэгээд нөгөө компани троллуудаараа элдвээр доромжилж, дайрч бичүүл бичүүл би доромжлуулахад бэлэн байна. Энэ хүртэл явж ирчихээд юунаас айна гэж... аа тийн мөнгөний төлөө л явж байсын байна гэж бич бич. Гэхдээ нэг л зүйлийг хэлье анхнаасаа мөнгөний төлөө явж байсан бол нэр төр сэргээнэ гэхгүй нүдээ аньж тэвчиж байгаад л компанитай тохиролцож хангалттай хэмжээний мөнгөө авах байсан юм шүү. Мөнгөний тухай өнөөдөр л би ам нээж байгаа нь энэ.

ТА НАР ЗӨВХӨН НЭР ТӨРӨӨ АЛДААД БАЙГАА БОЛ БИ АМЬДРАЛАА АЛДААД БАЙГАА ШҮҮ ХИШИГ АРВИАН.

ЭЦЭСТ НЬ МИНИЙ ХҮНЭЭР ХАЙРЛУУЛАХ, ОХИНЫ МИНЬ ЭЦГИЙН ХАЙРАНД ӨСӨХ ЭНЭ ЗҮЙЛИЙГ БАЙХГҮЙ БОЛГОСНОО УХАМСАРЛАХ ГЭЖ НЭГ ҮЗЭЭРЭЙ.

/хэрэг маань прокуророос шүүх рүү шилжих гэж байгаа, тиймээс хавтаст хэрэгтэйгээ танилцчихаад хэвлэлийн бага хурал хийж дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Лифтчин хүн ч лифтээ засдаггүй бөгөөд лифт эвдэрсэн, гацсан тохиолдолд лифт суурилуулж өгсөн компаниас засварчин дууддаг юм байна, лифтчин хүн лифтээ, хонгилоо цэвэрлэх, шалгах үүрэгтэй юм байна. Лифтчин байгаагүй тул миний нөхөр тэр дор тэгэж олон хоног байсан байна./

Та бүхнийг хүндэтгэсэн: Буянжаргалын Болороо

2020.06.07

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.