Эмнэлэг барих нь хувь хүмүүсийн үүрэг биш, Төрийн ажил юм...

Twitter Print
2019 оны 01-р сар 17-нд 14:02 цагт
Мэдээний зураг,

Япон улсад барилдаж Монгол хүний ид хавыг гайхуулан барилдаж байгаа сумочид маань Хүүхдийн эмнэлэг бариж өгөхөөр боллоо гэсэн гайхамшигт сайхан мэдээг олж харлаа. 

Бид ер нь хүнээс юм авах болохоороо бүгд л баярлан бахдацгаадаг. Эмнэлэг барих нь хувь хүмүүсийн үүрэг уул нь биш юм. Эмнэлэг барьж, бодлого барих нь Төрийн ажил юм. Гэтэл Төрийн зуун зуун эмнэлэг барих мөнгө хөрөнгийг нөхдүүд хуйвалдан, шамшигдуулан үрж, луйвардаж байхад огт чимээгүй. 

Түлэнхийн төв царцлаа гэх мэдээ энэ сайн мэдээтэй хамт цацагдаж эхэллээ. Түүнчлэн Яармагт бариж буй Төрөхийн эмнэлэг зогсоод олон жил болж байдаг. Гол шалтгаан хөрөнгө мөнгөгүй болоод байгаа асуудал гэнэ. 

Гэтэл ЖДҮ сангийн мөнгөөр зарим нөхдүүд өндөр төлбөр, хөлстэй эмнэлэг барьсан мэдээ мартагдаагүй байна. Тэрхүү эмнэлэгт энгийн иргэд бол ойртох ч аргагүй өндөр төлбөртэй гэсэн.

Өнөөдөр ид өвлийн хүйтнээр утаатай холбоотойгоор ханиадын халдвар дээд цэгтээ хүрч эмнэлгүүд ачааллаа даахгүй болоод удаж байна. 

ЖДҮ хусчихсан мөн бидний баялагт хууль бусаар суусан этгээдүүдийн хэрүүл, зөрчилдөөн, дайны хөлд Монголчууд бид өртөн хоёр гурав хуваагдан балиашиглаж сууна. 

Гурван сая хүний тал хагасаас илүү нь утаанд нэрвэгдэж, хүүхдүүд маань хүндээр өвчилж байхад бид албан тушаал, эрх мэдэл булаацалдаж буй этгээдүүдийн хөлд нэрвэгдсээр энэ өвлийг авч байна. 

Түлэнхийн төвөө дуусгахыг, Яармагийн төрөхийн эмнэлгийг ашиглалтанд хурдан оруулахыг, Хавдар судлалын үндэсний төвөө өргөтгөхийг Төр засгаасаа нийлэн шаардмаар байна. 

Хамгийн гол асуудал бол Улаанбаатар нийслэлээ утаагүй болгохыг Төр засгаасаа шаардаж эхэлмээр байна.  Энэ бүгдийг шийдэх шийдэл бол Баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох л асуудал юм. 

Баялгийн тэгш хуваарилалтыг бий болгож чадсан үлгэр жишээ Норвеги улс бүс нутгууддаа Эмнэлэг, эмчилгээ, сувиллын Нэгдсэн төвүүдийг бариж байгуулан хүн ардаа төлбөр тооцоогүй эмчилж, эрүүлжүүлж байна.

Др. М.Найданхүү

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.