ХААН Банк харилцагч байгууллагууддаа зориулан хөгжлийн хөтөлбөр зарлалаа

Twitter Print
2019 оны 01-р сар 17-нд 11:04 цагт
Мэдээний зураг,

Хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх гэдэг хэн бүхний хувьд томоохон эр зориг, амаргүй даваа байдаг. Бид өрсөлдөөнийг нэг нэгнээсээ өрсөх гэдэг утгаар ойлгодог байсан бол цаг үеэ дагаад энэ хандлага өөрчлөгдөж, хамтраад нэгэн зүгт урагш тэмүүлэх, хамтын амжилтын тухай ойлголт болсон.  Монгол Улсын хэмжээнд нийт ажиллах хүчний 47.6 хувь нь жижиг, дунд бизнесийн салбарт харьяалагдаж буй бөгөөд ЖДБ эдийн засгийн эрсдэлд өртөх магадлал өндөртэйд тооцогддог байна.

ХААН Банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор компанийн стратеги, менежмент сайжруулах “Харилцагч байгууллагууддаа зориулсан хөгжлийн  хөтөлбөр” зарлалаа. 2019.02.13-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэх тус хөтөлбөр 10 долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг  бизнесээ дараагийн шатанд гаргахад нь шаардагдах менежментийн болон санхүүгийн удирдлагын арга барилыг сайжруулах, стратеги төлөвлөлт гэсэн хоёр үндсэн чиглэлээр чадавхижуулах аж.

Хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдэд дараах шалгуур тавигдана. Үүнд:

  1. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч компани байх;

  2. ААН нь компанийн бүтэц зохион байгуулалтад орсон байх;

  3. Удирдлагын багийн 2 гишүүн танхимын хөтөлбөрт хамрагдах боломжтой байх;

  4. Нийт ажилтны тоо 15-аас доошгүй байх;

  5. Тасралтгүй 3 жил үйл ажиллагаа явуулсан байх;

  6. Хөтөлбөрт бүрэн цаг зарцуулж, суралцах хүсэл эрмэлзэлтэй байх;

  7. Бизнесээ өргөжүүлэн, дараагийн шатанд гаргахаар төлөвлөсөн байх;

Эдгээр шалгуурыг хангасан компаниуд,  удирдлагын арга барилыг сайжруулах, компанийг бүхэлд нь чадавхижуулах хөтөлбөрт хамрагдах боломжтой аж. Мөн хөтөлбөрийн хүрээнд танхимын хөтөлбөр болон ганцаарчилсан зөвлөгөө өгөх тусгайлсан уулзалт зохион байгуулж, компанийн стратегиа тодорхойлж, төлөвлөгөө, санхүүгийн удирдлагын баримтлах бодлого, баримт бичигтэй болсон байх юм.

Өдөр тутмын ажилдаа түүртсэний улмаас төдийлөн олж хардаггүй бизнес менежмент, стресс менежмент, багийн ажиллагаа, баг удирдах, зах зээл, өрсөлдөөний тактик, судалгааны арга зүй, манлайллын ур чадвар, хандлага, өөрчлөлтийн менежмент, 5S тасралтгүй сайжруулалтын тухай ХААН Банкны бизнес зөвлөхүүд болон Монгол Улсын менежментийн мэргэшсэн  зөвлөхүүдээс сонирхолтой арга хэлбэрээр зөвлөгөө мэдээлэл авах боломж ийнхүү жижиг дунд бизнес эрхлэгчдэд нээгджээ.

Эрхэм бизнес эрхлэгч та энэхүү хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл ХААН Банкны цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Мөн онлайнаар бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Бүртгэл 2019 оны 1-р сарын 31-нд дуусна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.