Кисэносато аварга зодог тайлна

Twitter Print
2019 оны 01-р сар 16-нд 10:05 цагт
Мэдээний зураг,

Шинэ оны эхний башёг гурван унаагаар эхлүүлсэн Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Кисэносато зодог тайлах шийдвэр гаргажээ. Энэ тухай түүний дэвжээний багш Тагоноура өнөөдөр өглөө /2019.01.16/ албан ёсоор мэдэгдлээ. 

Кисэносато нь өмнөх 10 башёны есийг нь дуусгаж чадалгүй дундаас нь орхисон бөгөөд энэ удаагийн башё түүний хувьд шийдвэрлэх башё байсан юм. Энэ удаагийн башёд 50 хувийн амжилтаа үзүүлж чадахгүй байх эсвэл өмнөх башёнуудын адил дуусгаж чадалгүй дундаас нь орхих юм бол шууд зодог тайлуулах талаар Сүмо бөхийн холбооноос сануулж байсан ч ийнхүү эхний гурван өдөр дараалан унасан Кисэносато өөрийн шийдвэрээ гаргажээ.

Дэвжээний багш Тагоноура мэдэгдэлдээ “Би түүнийг их аварга цолонд хүртэл явсанд үнэхээр баяртай байна. Тэр бүх хүчээ дайчлан зүтгэсэн ч түүний их аварга цолтойгоор барилдсан хоёр жил дэндүү хурдан өнгөрлөө” хэмээн дурдсан байна.

Өдгөө 32 настай их аварга Кисэносато нь анх 2002 оны гуравдугаар сард сүмо бөхийн ертөнцөд хөл тавьж, хоёр жилийн дараа буюу 2004 онд дөнгөж 18 насандаа дээд зиндаанд барилдах болсон юм. Ингээд 2012 онд озэки цолонд хүрч, 2017 онд аварга цолыг хүртсэнээр 1998 оноос хойш энэ цолонд хүрсэн анхны Япон сумоч болж чаджээ. Аварга цол хүртсэнийхээ дараа цээжний булчингийн бэртэл авсан нь түүний карьерийг өндөрлүүлэх шалтгаан болсон байна.

Эх сурвалж: KYODONEWS

Н.Амгалантуул, news.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.