Гангар буюу ясан шаазан

Twitter Print
2019 оны 01-р сар 14-нд 11:09 цагт
Мэдээний зураг,

ГАНГАР буюу ЯСАН ШААЗАН (bone china)

Чанартай шаазан эдлэл сонирхдог хүмүүс ясан шаазанг өндөр үнэлдэг. Зарим нэг нь бүр дурлаж, цуглуулж, гайхамшигтай цуглуулгаараа гайхуулан таашаал авдаг. Арга ч үгүй биз. Энэ төрлийн шаазан хөнгөн, тунгалаг, сүүн цагаан өнгөтэй, нимгэн мөртлөө бат бөх байдаг. 

Цаас шиг нимгэн, хаш шиг цагаан, толь шиг тунгалаг, мөнгөн хонх шиг сайхан дуутай гэсэн магтуу ч бий. Үүссэн түүх нь дэлхий дахины харилцан нөлөөлөл, соёл иргэншлийн солбилцол, олон үндэстний хамтын бүтээл хийгээд өв соёлын солилцооны нэгэн гайхамшигт түүх гэлтэй. Бүр 620 онд хятадуудын бүтээсэн шаазангийн (керамик эдлэл бүр эртний түүхтэй) нууцыг Европууд XVIII зуунд сая тайлсан нэр зүүдэг. Үүнээс өмнө Англи, Франц, Германы гар урчууд 200 жилийн турш оролдсон боловч шаазан биш, шавран эдлэл л гаргаж авдаг байв.

Ясан шаазанг 1794 онд Английн Ж. Споуд (Josiah Spode) гарган авчээ. Хонь, ямаа, үхэр зэрэг өвсөн тэжээлт амьтны (үхэр голдуу) ясны үнсийг шавартай хольж хийдэг тул ийнхүү нэрийдсэн байна. Харин ясан шаазанг англиар Bone China хэмээх бөгөөд ясны үнс, шавар, хайлуур жонш, кварц мэт түүхий эдийг 43 хувь өвсөн тэжээлт амьтны ясны үнстэй хольж, бэхжүүлэх, хэвэнд цутгах, уснаас ангижруулах, эхний шатаалт, лакдах, хээт цаас наан шарах зэрэг үйлдвэрлэлийн шат дамжин гаргадаг. Ясан шаазанг нээхэд тэр үеийн зарим объектив болон субъектив хүчин зүйл дөхөм болсон. Тухайлбал, Хятад шаазангийн импортын татвар хэт өндөр (1799 онд даруй 108% байв) байсан тул хоёр орны худалдаа тартагтаа тултал унасан, нөгөө талаар ХIX зууны эхэнд Уэльсийн ханхүү шаазангийн үйлдвэрлэлийг ихээхэн дэмжиж эхэлсний ачаар зах зээл гар урчууд, мэргэжлийн ажиллах хүчин ба худалдаачдаар дутахааргүй байв. Керамик ба ясан шаазанг үйлдвэрлэх шат дарааллал, шатаах температур зэрэг нь ерөнхийдөө тун ойролцоо нь ч эерэг нөлөөтэй байв. 

Тун удахгүй ясан шаазан үйлдвэрлэх арга нь Ази, юун түрүүн Хятад, Япон хүртэл нэвтрэн дэлгэрсэн нь жам ёсны мэт байлаа. Цагтаа шаазангийн технологи Азиас Европыг чиглэсэн бол энэ удаа ясан шаазанг бүтээх нууц Европоос Ази руу тархжээ. 

Англид ясан шаазанг Minton, Coalport, Davenport, Derby, Worcester ба Ливерпулийн Herculaneum зэрэг үйлдвэрт үйлдвэрлэж эхэлжээ. 

Харин Хятадад анх 1965 онд мэргэжилтнүүд Таншань хотноо ясан шаазанг амжилттай шатааж, өнөө цагт энэ төрлийн шаазангийн гол үйлдвэрлэгч болжээ. Таншань нь яах аргагүй Хятадын ясан шаазан үйлдвэрлэлийн түшиц газар, өлгий билээ. 
ОХУ-ын хувьд ясан шаазанг 1960-аад оны сүүлээр Ломоносовын шаазангийн үйлдвэрт сая гаргаж авч эхэлсэн бөгөөд өдгөө хүртэл ясан шаазан эдлэл үйлдвэрлэж буй орь ганц үйлдвэр хэвээрээ байна. 

Ясан шаазан үүсэн цагаасаа дээдсийн тансаг хэрэглээ болсон бөгөөд "хааны шаазан", "цагаан алт" хэмээн дээдлэгдэн ирсэн. Эрт цагт ясан шаазан хэрэглэлийг гагц хаад, ноёд, ихэс дээдэс, асар баян хүмүүс л худалдаж авах боломжтой байсан бол өдгөө өргөн олон ахуй амьдралдаа хэрэглэх болсон. 

Харин чанартай ясан шаазан эдлэл одоо хэр тансаг хэрэглэгдэхүүн хэвээр тооцогдож эрхэм хүндтэй хүндээ барих тансаг нандин бэлэг, талархлын дээд хэлбэр хэвээр байгаа билээ.

Зураг: Стаффордширийн ясан шаазан - 1815-1820 онд хамаарна. Английн Виктори ба Альбертын музей дахь соёлын өв

Эх сурвалж: Үндэсний өвийг тээн дэлгэрүүлэгч ТАВАН НҮДЭН монгол брэнд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.