Тэтгэвэрт гарсан алтан авъяас

Twitter Print
2014 оны 03-р сар 26-нд 11:29 цагт
Мэдээний зураг,
Монголчууд хэзээний бэлэн цэцэн үгтэй, сургаал ном айлдах баахан дуртай ард түмэн. Ямар сайндаа л “Авьяас тэтгэвэрт гардаггүй юм” гэж байх вэ дээ. Энэ үг үнэн үү аль эсвэл оргүй хоосон яриа юу гэж мунгинаж баахан бодлоо. Тэгтэл хамгийн ойрын халуухан жишээ Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Г.Хайдав гуайд үндэсний үйлдвэрлэгч “Лавшаа” брэндийн хамт олон нэг өрөө байр бэлэглэсэн сайхан үйл явдал бодол ухаанд минь зурсхийгээд ороод ирдэг байна. 90 нас шүргэж яваа, нэгэн зууны амьд түүх болсон энэ хүн өнөөдөр ч гэсэн шавь нараа бэлтгэж завсар чөлөөгөөр нь “Ганган хулыгаа унаж л явлаа  хө” хэмээн цангинуулсаар л яваа билээ. 81 насандаа “Евгений Онегин”-д дуулж байсан энэ эрхмийг бодохоор аргагүй л авьяас тэтгэвэрт гардаггүй бололтой юм.

За тэгээд тэтгэвэрт гаргаж дөнгөхгүй авьяастнуудын цуваа хөврөөд байх төлөвтэй. “Зууны манлай” Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа, “Зууны манлай” дуурийн дуучин Төрийн шагналт, Ардын жүжигчин, Х.Уртнасан, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд гээд залгамж халаа шавь нараа бэлтгээд явж байгаа тэтгэвэрийнхэн мөн ч олон байна санж. Уг нь биологийн нас нь л 70, 90 гарцгаасан болохоос биш “элээсэн оймс”-ныхоо тоогоор тэдний хурааж хуримтлуулсан туршлага, үзэж судалсан онол, туулаад өнгөрүүлсэн амьдралын ухаан гэж айхавтар ланжгар юмнууд нь байж л байгаа.

“Уяхан замба тивийн наран” дор Монгол ардын уртын дуугаар дэлхийн сонорыг мялааж явсан Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад агсан өнөөдрийн Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэг “Уг нь намайг танагтай байгаа дээр ядаж хагас шанага ч болтугай хутгаад авбал чамд л хэрэгтэй. Халбага ч хүрэхгүй юм хутгаж авсан болоод толгойгоо битгий хаялаад бай” хэмээн загнаж байсан гэдэг. Хатуу шаардлагатай ч амьдралын их ухаантай, ардын дуу дуулах арга барилыг дээд зэргээр эзэмшсэн “Зууны манлай уртын дууч” багшийнхаа дуусашгүй эрдэм ухаанаас ядаж л хагас шанагыг хутгаж авч үлдсэн буянаараа өнөөдөр Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ Монгол ардын уртын дуу хэмээх энэ гайхамшигтай урлагийн залуу үеийг бэлтгээд явж байгаа. Ингэж бодохоор авьяас хэмээх шидэт баялаг хэзээ ч тэтгэвэрт гардаггүй юм шиг.

Гэтэл үгүй юм аа. Биологийн нас нь 60 дөнгөж гарангуут зарим нь бүр 50 жаахан өнгөрөөд авьяас нь тэтгэвэрт гарч гэртээ гиеүрч, гудамжинд лааз өшиглөсөн шигээ доогуур хараад гэлдэрч яваа урлаг соёлын сайчуул гайхмаар олон байна цаагуур чинь.

“Насны намар” хэмээх ухаарал уянга нэвт шингэсэн дууг “солгой” Н.Төмөрхуягаас илүү гарч дуулах хүн байхгүй гээд мөрийцөхөд алдахгүй. “Ухаарч амьдрах хорвоо”-г уяруулан дуулсаар л яваа тэрээр нэгэн ярилцлагандаа “Хаа ч дансгүй, цагаан зээр шиг л амьтан явж байна. Ганцаардал гэдэг чинь хамгийн аймшигтай байдаг юм байна. Гурав дөрвөн жилийн өмнө мэргэжлийн урлагийн хэд хэдэн газар  ажилд орчих санаатай хандаж үзсэн. Нас чинь явчихжээ. Чөлөөт уран бүтээлчээ хийгээд яв л гэх юм билээ” гэжээ. Зуугийн талыг хэдийнэ үүрсэн Н.Төмөрхуяг дуучинд өнөөдөр наашаа гэх хамт олон, ядаж ахмадын баяраар хүлээгээд авах газар алга. Ийм хатуу нийгэмд тэр сайхан дуучин гомдож, гундсан сэтгэлээ 40 градусын гашуун ундаагаар тайлахаас ч өөр яах вэ дээ.

Харин Улс тунхагласны 87 жилийн ойгоор түүний энгэрийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор мялааж сэтгэлд нь зангирсан бөөн хар үүлийг бага ч болтугай сарниулсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн тав дахь өдөр Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх өндөр шагнал гардуулсан нь түүнд алтан тайзан дээрээ дахин гарах их урам зориг хайрласан нь дамжиггүй.

Түмэн олныхоо дунд “Равсал Панз” нэрээрээ алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Магсаржав ч ид хийж бүтээх авьяас онгодтой насандаа “Чөлөөт уран бүтээлч” хэмээн жийгдэж  театр хамт олноосоо тусгаарлагдан мартагдсан нэгэн. Хийх ажилгүй гиеүрч ач охиноо хөтлөөд “Дэнжийн 1000”-ын зах хавиар харайлгаж явсан түүнийг сүүлийн үед ганц хоёр кинонд урин тоглуулж, телевизийн реклам алтан авьяасыг нь цөөхөн хэдэн төгрөгөөр худалдан авч байгаа нь амьдралд нь нэмэр болж л байгаа. За тэгээд, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, “Ягаан Гажид” хэмээх Ц.Цэнд-Аюуш гээд тоочоод байвал амьдаараа мартагдсан уран бүтээлчдийн цуваа уртаас урт хөврөх шинжтэй.

Улс монголынхоо төлөө залуу нас, авьяас хөдөлмөрөө шавхан зүтгэсэн ч гээгдэж мартагдсан гавьяатнууд зөвхөн уран бүтээлчдээр тогтохгүй. Саяхан спортын төв ордны өмнө Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Д.Банди багштай тааралдсан юм.

Ойрдоо таны барааг харсангүй. Гэр зуур байна уу гэвэл “Гэр зуур л байх юм даа. Боксын шигшээ багийн  зөвлөх нэртэй ч надаас зөвлөгөө авч байгаа хүн нэг ч алга. Намайг зүгээр л хөсөр хаячихсан. Хүн ч тэгээд хэнд ч хэрэггүй  амьтан болох өдөр ирдэг л юм байна” хэмээн тун ч гунигтай өгүүлж билээ. Аймаар үг шүү. Монголын ард түмэнд олимп, дэлхийн аварга боксчин бэлтгэж өгсөн Ардын багш хүн өнөөдөр яахаараа гэрийн мухар сахиж, үлдсэн амьдралаа ганцаардал,  мартагдлын хүлээсэнд өнгөрүүлэх шийтгэл хүлээдэг байна вэ?

60 хүрч улсаас тэтгэврийн хэдэн төгрөг тогтоолгосноор л албан хүчээр гэрийн хорионд орж насан туршийн амьдралаа зориулсан ажил хөдөлмөрөөсөө зайлуулагдаж, бусдад мартагдахын гашуун зовлонг үүрч яваа авьяастнуудын бас нэгэн томоохон төлөөлөл нь Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн кино найруулагч Б.Балжинням гуай юм. “Мандухай цэцэн хатан”кино түүнийг ямархуу чансаатай, чадалтай найруулагч байсныг ард олонд мэдрүүлсээр,  мартаж болохгүй уран бүтээлч гэдгийг нь сануулсаар л байх болно. Харин өнөөдөр энэ хүн орчин цагийн монголын кино урлаг руу ойртох ч эрхгүй, нэг ёсондоо татаад дууссан тамхины иш шиг хөсөр хол хаягдсан нэгэн. Цагтаа Орхон голын эрэг дээр 5000 цэрэг, 100 гаруй уран бүтээлчдийг цагаан хоолой барин захирч явсан Б.Балжинням найруулагч өнөөдөр сард гурван кино хийчихдэг “живхтэй” найруулагч нарт ад үзэгдэж хоцрогдсон, мартагдсанаараа цоллуулж явна. Мөн ч гунигтай, тэтгэвэрт гарсан авьяас шүү.

Насаараа олон хүнтэй ажиллаж авьяас онгодоор буцалж явсан олон сайхан хүнд амьддаа үхсэн юм шиг гээгдэж мартагдах шиг гашуун зовлон байдаггүй байх. “Хүний сайхан сэтгэл” киноны усчин Дэнзэн өвгөн гээд хачин сайхан дүр байдаг. Ардын жүжигчин Д.Чимэд-Осор гуайн дэлгэцэнд мөнхлөн үлдээсэн сүүлчийн дүр. 70 хол гарсан насандаа бие нь барагтай байхдаа бүтээсэн тэр л сайхан өвгөний дүрийг харах бүр уярал хайрын нулимс өөрийн эрхгүй самсаа шархилуулаад байдаг нь өнөөх л алтан авьяас тэтгэврийн хэдэн төгрөгт захирагддаггүйн гайхалтай жишээ юм.

Гээгдэж мартагдсан гэгээн сайхан авьяастнуудаа яамаар ч юм бэ дээ. Тэдний нас нь л тэтгэвэрт гарснаас авьяас чадвар нь тэтгэвэрт гардаггүй л баймаар юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.