Онгоцны эрэл үргэлжилж, Ерөнхий сайд огцрохоо мэдэгдэв

Twitter Print
2014 оны 03-р сар 26-нд 10:57 цагт
Мэдээний зураг,
Сүүлийн нэг хоногт Малайзын сураггүй болсон нисэх онгоц үнэхээр олдсон мэт мэдээлэл хөвөрсөөр байна. Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт хаа нэгтээ нисэх онгоцны сэг байгаа тухай мэдээ дэлхийн тэргүүлэх хэвлэл мэдээлэлүүдээр гарсаны дараа Малайзын засгийн газар “албан ёсны” шахуу мэдэгдэл хийж онгоцны зорчигчид бүгд амь үрэгдсэн  гэдгийг онцлов. Гэвч энэ “албан ёсны” мэдэгдэл гэгч нь гарцаагүй баримт нотолгоон дээр үндэслэгдээгүй учир зорчигчдын ар гэрийнхэн эсэргүүцэж Бээжин хот дахь Малайзын элчин сайдын яамыг "газрын хөрстэй тэгшлэх" дөхлөө. Хятадын засгийн газар ч сураггүй болсон онгоцны талаарх бүх баримт мэдээллийг Малайзын Засгийн газраас шаардаж, ямар баримт дээр үндэслэж Энэтхэгийн далайд онгоц осолдсон гэж мэдээлж байгааг тайлбарлахыг хүссэн байна.

Эл бүх нөхцөл байдалд  барьц алдсан Малайзын Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд нь ажлын хариуцлага алдсанаа хүлээн зөвшөөрч огцрох тухай мэдэгдээд байна. Үүгээр зогсохгүй “МН370” онгоцонд зорчиж явсан зорчигчдын гэр бүлд  тус бүрт нь 50 мянган ам.долларын нөхөн олговор олгохоор болжээ.

Гэтэл "Боинг-777-200" нисэх онгоцыг эрж хайх ажил өнөө болтол үргэлжилсээр байна. Онгоц унасан гэж үзэж байгаа Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт өнгөрсөн 24 цагийн турш хүчтэй салхи шуурга дэгдэж далайн давалгаа 24 метр өндөрт хүрч байсан учир эрлийн ажлыг зогсоогоод байсан. Австралийн тэнгисийн аюулгүй байдлын удирдах төв өнөөдрөөс эрлийн ажиллагааг сэргээж байгаа аж. Эрлийн ажиллагаанд оролцож байгаа хөлөг онгоц, нисэх онгоцууд одоо 80 мянган кв км талбай хамарсан гурван чиглэлд явуулж байгаа бөгөөд Австралийн баруун эргээс 2,5 мянган км зайтай бүсэд онцгой анхаарал хандуулж байгаа ажээ. Австрали, Хятад, Шинэ Зеланд, АНУ, Өмнөд Солонгос, Японий нийт 12 нисэх онгоц, хоёр хөлөг онгоц эрэл явуулж байгаа бөгөөд "Энэ нууцыг тайлахын тулд бид боломжтой бүх арга замаар эрлээ үргэлжлүүлэх болно" гэж Австралийн Ерөнхий сайд Тони Абботт тэмдэглэсэн байна.

Р. Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.