20-р зууны манлай начин

Twitter Print
2017 оны 10-р сар 27-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдар” спорт хорооны ахмад багш, дасгалжуулагч Чойдорын Өвгөнхүү Ардын багш цолоор шагнагджээ. Хоёр жилийн өмнө түүнтэй таарч бэсрэг ярилцлага хийснээ та бүхэнд толилуулья. 

Нарантуул захын зүүн талд байх “Ахмадын хороолол” буюу Баянзүрх дүүргийн 14-р хорооллын дөрвөн давхар хэдэн шар байшинд байх аавындаа очих бүрт  зүс танил ханхайсан том өвгөнтэй таарна. Тэр том өвгөн нэг бол настайчуудад зориулсан сүүдрэвчинд сууж байна, үгүй бол дугираг зам дагаад алхаж явна. Харин хэзээ ч тааралдсан толигор томхон нүүрэндээ үл мэдэгхэн инээмсэглэл тодруулсаар л байх. Ханхар том биендээ зохицсон өтгөн хар хөмсөгний дороос аягаа дүүргэсэн алаг нүд нь тоглоомтойхон ширтэнэ. Энэ өвгөн бол 20-р зууны манлай начин, улсын харцага Ч.Өвгөнхүү гуай билээ. Улсын их баяр наадамд хоёр удаа зургаа, дөрвөн удаа тав, 10 удаа дөрөв давсан аргагүй л 20-р зууны манлай начин билээ. Үндэсний бөхөөр 32 жил барилдахдаа сар шинийн барилдаанд улсын начин цолтойдоо түрүүлсэн хоёрхон бөхийн нэгэн. 

-Та байнга л бэлтгэл хийж байх юм аа? 

-Ах нь 48 жил өөрийгөө сойж яваа хүн. Өглөө их унтах муу.

-Танай хороолол “Ахмадын” нэртэй ч өглөө оройдоо утаа ихтэй байх юм?

-Тийм ээ. Ах нь арай залуусан бол хэлдэг газар нь хэдэн үгээ хэлээд л сууж байх байлаа. Одоо тэгээд аргагүй л орчлонгийн жамаар ёстой нэг “хүүхэд, нохойн доог” гээч нь болох янзтай. Арай дөмөгхөн байхдаа та нар шиг тав зургаан "юм"-ыг хол холхон шидчихдэг л байлаа.

-Та одоо ч бадриун, чийрэг харагдаж байна. Залуугийн тань хүч чадал хэвээрээ байлгүй дээ?

-Ишш. Яаж ид үе шиг ээ байх вэ дээ. Гэхдээ ч ганц нэг банди нарт шоглуулах арай л болоогүй шүү. Зарим нэгийг нь ганц сайн алгадчихвал өвгөн би хэрэг төвөгт орооцолдох байлгүй. Одооний хүүхдүүд хариугүй, бядгүй юмнууд байх болж дээ. За даа, тэгээд идэж ууж байгаа юмтай нь ч холбоотой байдаг байлгүй.

-Одооний хүүхдүүд яахлаараа ийм бядгүй, таны үеийнхэн тийм их хүч чадалтай байсан хэрэг вэ?

-За яах вэ дээ.Тэр үед бид нар чинь жинхэнэ бүдүүлгээрээ, нэг ёсондоо аав, ээжийнхээ л зааж сургасан үгээр явж. Бидний үед өнөөдрийнх шиг элдэв янзын “хогийн”юм байсангүй. Жинхэнэ байгалийн бүтээгдэхүүнээрээ яваад байсан байгаа юм. Тэгээд алдсан юм байхгүй, муудсан ч юм байхгүй. Одооний энэ даяаршлал энэ тэр ярьж гүйсэн хүүхдүүдээс хол илүү хүч чадалтай, хүнийг энэрэх сэтгэлтэй л байж дээ.

-Та залуу хойч үедээ жаахан сэтгэл дундуур явдаг юм уу даа?

-Хүү минь, чиний аав бидэн шиг насаараа улс эх орныхоо төлөө зүтгэсэн хүмүүс хэзээ ч үр хүүхэд, хойч үедээ муу санах байтугай өчүүхэн төдий сүүдэр бүү тусаасай гэж залбирч явдаг юм. Ялангуяа бөхийн спорттой амьдралаа холбосон хүмүүс бол  өглөөний цайны дээжээ аав, ээж, алтан шар нар, үр хүүхэд, шавь нарынхаа төлөө л өргөсөн хүмүүс байдаг юм. Тэгээд ч өвгөн ах нь насаараа л сайн сайхан л амьдарлаа. 

Харин өнгөрсөн өвөл хөөрхийдөө, насны хань муу хөгшнөө алдснаас хойш л аргагүй өнчирчихөөд сууж байна. Ээ дээ, хүний хань гэдэг аргагүй л энэ насны түшиг тулгуур байдаг юм байна, гэснээр ХХ зууны манлай начин, ХХI зууны анхны харцага цолтон Ч.Өвгөнхүү гуай бид хоёрын бэсрэгхэн яриа өндөрлөсөн юм.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com 
Утас: 76110303, 76110505

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.