Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд О.Хангай анх удаа түрүүллээ

Twitter Print
2018 оны 12-р сар 30-нд 08:52 цагт
Мэдээний зураг,

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан "Буянт-Ухаа" спорт ордонд боллоо.

Тус барилдаанд улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй 128 бөх зодоглосон юм. Энэхүү барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлж, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Д.Анар нар шөвгийн дөрөв шалгарсан юм. 

Энэхүү 128 бөхийн барилдааны шөвгийн дөрөвт үлдсэн Монгол Улсын аварга Н.Батсуурь, Монгол Улсын начин Д.Анарыг амлан авсан бөгөөд тэдний хоорондох унаа даваа 2:2 байсан юм. Шовх үзэх барилдаанд Батсуурь аварга илүүрхсэн юм. Харин тунаж үлдсэн Монгол Улсын харцага О.Хангай, Монгол Улсын арслан П.Бүрэнтөгсийг өхийлдөж давснаар үзүүр түрүүнд үлдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдааны долоогийн даваа буюу үзүүр түрүүнд үлдсэн Увс аймгийн харьяат улсын аварга Н.Батсуурь, харцага О.Хангай нар хүч үзэхэд О.Хангай харцага зүүн золгооноос шахаж татаад давсан юм. Бөхийн барилдааны зүүний манлай улсын аварга С.Мөнхбат тавын даваанд улсын начин Д.Анарт тахим өгчээ. Мөн чансаа тэргүүлэгч Б.Бат-Өлзий харцага хоёрын даваанд аймгийн арслан Э.Мөнхбаатарт өвдөг шорооджээ.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор буюу 2011 оноос хойш зохион байгуулж буй энэхүү барилдаанд улсын харцага О.Хангай анх удаа түрүүлж байгаа нь энэ. Өмнөх жилүүдийн барилдаанд хэн хэн түрүүлж байсныг дараах жагсаалтаас харна уу.

2011 онд улсын аварга С.Мөнхбат

2012 онд улсын заан М.Өсөхбаяр

2013 онд улсын харцага Б.Пүрэвсайхан

2014 онд улсын аварга С.Мөнхбат

2015 онд улсын харцага Б.Пүрэвсайхан

2016 улсын арслан Р.Пүрэвдагва

2017 онд улсын харцага Т.Баасанхүү

2018 онд улсын харцага О.Хангай

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.