Ууч сэтгэл...

Twitter Print
2019 оны 08-р сар 04-нд 09:09 цагт
Мэдээний зураг,

Бид энэ амьдралын харилцаандаа зөндөө л хүмүүстэй муудалцдаг. Яг үнэндээ бидний хүмүүстэй муудалцах шалтгааны цөм нь "Энэ хүн миний санаанд хүрсэнгүй, надад таалагдсангүй" гэдгээс үүсдэг юм шүү дээ. Хэдийгээр чи өөрийгөө төгс төгөлдөр хүн биш гэдгээ мэддэг хэдий ч, сэтгэл доторхи олон зөрчилдөөн дундаас өөртөө тогтсон санаа бодлоо "туйлын үнэн хийгээд зөв" гэдэгт 100 % итгэдгээс л хамаг зөрчил үүснэ. Чиний зөвтгөж ярьсан бүхний эсрэг зогсож, "няцааж" байгаа үйлдэл бүхэнд чи хичнээн дургуйцэж байвч, эрүүл саруулаар эргэцүүлэхээс илүүтэй "зэвүүцэж" эхэлдэг. "Энэ муу юу юм бэ?" гэх дургүйцлээс өөрийнхөө санаа бодлын "зөв" гэдэгт тууштай зогсох үзэл бодол нь түүний улаан нүүр рүү гараа зангидан байдаг хүчээрээ "буулгаад авах" зэвүүцэл рүү аваачдаг юм. Түүний нүүрээ гараараа даран газар суун, гарын салаагаараа урсан цусыг газар руу нулиман дургүйцлээ илтгэх араншин хүртэл, чи өөрийнхөө араншинг буруутгаж чаддаггүй. Хавдсан нүүр, хамраас садрах цусыг харах тэр л агшинд чи сэтгэлдээ гэнэт "зогтусдаг". Магадгүй гэмшинэ. 

Өөртэйгээ зөрөлдсөн үзэл бодол болгоны төлөө, бусдын "нармайг нь нээх" бүдүүлэг араншингаар өөрийгөө "зөвтгөнө" гэдэг утгагүй үйлдэл. Бие махбодийг нь тарчлаан өөрийнхөө "үнэн"-г зөвшөөрүүлэх гэдэг цаг зуурын үйлдэл. Гэхдээ хэзээ ч хүний санаа бодол, итгэл үнэмшлийг "нударгаар" зөвшөөрүүлж болдоггүй гэдгийг бид тэгтлээ ухаардаггүй. "Биеийг нь хүлж чадахаас сэтгэлийг хүлж чаддаггүй" гэдэг сургааль үүний тухай л учирладаг юм шүү дээ. Хүний оюун ухаан, санаа бодол хязгааргүй орон зайд дүүлэх шувууд мэт эрх чөлөөтэй, сайн ч муу ч тэр. Хориглож зогсоох, удирдаж захирах ямар ч боломжгүй. Аргадаж зэмлээд ч, аашилж загнаад ч бид сэтгэлд нь хад чулуу мэт тогтсон үзэл бодлыг өөрчилж эргүүлэх гэдэг амаргүй. Хүн болгонд өөр өөрийнхөөрөө заяасан тавиланд, амьдралд учрах сайн муу үйлийг ухаарч гэмших цаг хугацаа янз янз. Бид өөрийн санаа бодлын зөв бурууг бусдын оюун сэтгэхүйд хүчээр "чихэж оруулж" чадах боломж үгүйтэй адил, хүн болгон амьдралд үзэх зүйлээ үзэж ухаарах ухаарал хүртэл өөрийн цаг хугацаатай байдаг. Магадгүй амьсгалаа хураах мөчид бусдыг уучлан учирлах гэмшил нь хамгийн үнэн нотолгоо байж болох. 

Хүмүүс бид өөр хоорондын зөрүүтэй үзэл бодлоос болж зөндөө л муудалцдаг. Хэрэв чи түүнийг хайрладаг бол, түүнтэй хичнээн янзаар муудалцахдаа сэтгэлдээ "эвлэрэх орон зай"-г үлдээнэ гэдэг л хамгийн чухал зүйл. Хорссондоо түүнийг "давж гарах" хүсэлдээ хамгийн муухай үгсийг түүн рүү чулуудахаасаа өмнө гэнэт шүлсээ залгин зогтусах нь хэрэгтэй цаг мөч. Маргааш бид "эвлэрч болох юм шүү дээ" гэх ухаарал нь, зүрхийг нь шархлуулах гэж цацах хорон үгсийн өмнө зогтусч, тэр л үгсийг цээжиндээ үлдээх амаргүй мөч. Маргааш нь магадгүй, нөгөөдөр нь бие биенээсээ уучлал хүсч, энгэртээ тэврэх тэр л мөчид, тэр үгсийг цээжиндээ хадгалж үлдээсэндээ чи өөртөө баярлах болно. "Үгээр хүнийг алж, бас аварч болдог" ухааны хэмжүүр нь энэ. Үзэн ядах хийгээд үгээр давж гарах муу араншингийн хортой үр дагавар нь, цээжинд хөндүүрлэж сэтгэл дэх итгэлийг унтраан цөхрүүлэн шаналгаж гомдоох үйл. Хичнээн учирлаж, тэвэрч үнсээд ч түүнийг өөрчлөх нь үгүй. Аажимдаа уусч цөхрөн хөрөх сэтгэлийн мөсийг аашилж аргадаад ч хайлуулах нь үгүй. Тэгэхээр байна шүү дээ. Хичнээн үзэн ядаж муудалцах авч, хэн нэгэнтэй маргааш эвлэрэх орон зайг сэтгэлдээ үлдээж бай. Түүний төлөө зүрхэнд нь хорт сум мэт шархлуулах хорон муу үгсийг бүү хэл. Хэзээ нэгэн цагт дотно хэвээрээ үлдэхийн тулд сэтгэлд дүрэлзэх хорон сэтгэлээ хайраар аргадаж үнтрааж бай. 

Ууч сэтгэл гэдэг бидний хувьд амьсгалах агаар мэт чухал зүйл. Хэн нэгнийг насан туршид нь гомдоолоо гээд чи сэтгэлээрээ жаргах нь үгүй. Хайраар бялхах зүрхэн дэх шархийг ууч сэтгэлээр аргадаж бай. Магад үүний төлөө маргааш чи хүмүүст үнэ цэнэтэй үлдэж чадна. Хүмүүс бид энэ л орчлонд үдлээд л буцах хоромхон зайд хэн хэнийгээ гомдоосноор бус, хүн бүхэнд ууч сэтгэлээр хандсаны төлөө бусдын сэтгэл дэх галыг бадамлуулж асааж ч магад. Чиний ууч сэтгэлийн жишээ, үргэлжлэл чинь болох хойч үедээ "буян" болон шингэж юуны магад. Чиний энэ л ертөнцөд үлдээсэн ул мөр, ууч сэтгэлийн нөлөөгөөр тодрон гэрэлтэж бусдад зөв замыг ч зааж магад. Бусдыг үзэн ядлаа гээд бид хэрхэн жаргаж чадах. Бууралтаж яваа энэ л орчлонгийн цээжинд хүн чанараараа үлдэхийн утга энэ байж ч мэдэх. Бусдын гэмийг уучилж бай, ингэлээ гээд чамаас хоргодох юу ч үгүй. Харин чи үүнийхээ төлөө бусдын сэтгэлд нар мэт мандаж үлдэх болно.

Г.Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.