Автобус компаниуд алдагдалтай ажиллаж байгаагийн гол буруутан нь төр, иргэд биш кондукторууд

Twitter Print
2014 оны 03-р сар 26-нд 10:00 цагт
Мэдээний зураг,
Нийтийн тээврийн үнэ саяхан 400 төгрөг байсан. Гэтэл цагаан сарын өмнө том хүн зорчиход 500 төгрөг болсон билээ. Ер нь бензин, мах зэрэг чухал шаардлагатай барааны үнэ ард иргэд ямар нэгэн юманд сатаарч анхаарал нь суларсан үед нэмэгддэг бичэгдээгүй хууль манайд байна. Хүний мөнгийг шулж сурсан бизнес эрхлэгчид ингэж л ажилладаг. Том оврын автобус компаниудын удридлагаууд ч энэ зарчмаар явж, иргэд цагаан сарын бэлтгэл гээд ид завгүй үед нь үйлчилгээний хөлсөө 100 төгрөгөөр нэмээд авсан. Үнэ нэмсэн шалтгаанаа хэдэн тэрбумын алдагдалтай ажиллаж байгаа гээд л баахан шалтаг тоочоод гэдийгээд суучихсан. Юун Нийслэлийн засаг дарга, юун УИХ-ын гишүүд! Та нар биднийг яаж ч чадахгүй. Хэрэв бидэнд хариуцлага тооцно гэвэл маргааш өглөө нэг ч автобус зам дээр харагдахгүй гэж мэдээрэй. Ингэж дарамтлаад л үнээ нэмсэн. Өнөөдрийг хүртэл автобусны үнийг 300, 400 болгоё гэж иргэд, төр засаг аль нь ч дуугарахгүй байна.

Төрөөс татаас авдаг, олсон орлогоо зөвхөн хувьдаа зарцуулдаг автобус компаниуд үйлчилгээний хөлсөө нэмээд дээрдсэн юм одоогоор алга. Харин ч жолооч нар нь согтуу ажилдаа гарч, осол гаргах нь огт буурахгүй нь. Саяхан нэг сонин уншиж байхад ихэнхи автобусны жолооч нар өглөө ажилдаа согтуу гардаг болох нь тодорхой болжээ. Тухайлбал Баянгол дүүргийн замын цагдаагийн тасаг өглөө 06:00-08:00 цагийн хооронд Эрчим хүчний гудамжинд нийтийн тээврийн автобусны жолооч нарыг шалгажээ. Гэтэл хоёрхон цагийн хооронд шалгуулсан жолооч нараас бараг бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байв. Бүр дугаар, номерыг нь танд хүргэхэд “Мяралзаа” ХХК-ийн 22-96 УНП улсын дугаартай автобусны жолооч 0.55 хувь согтолттой, “Тэнүүн Огоо” ХХК-ийн 43-79 УНС улсын дугаартай автобусны жолооч 0.30 хувь согтолттой, “Эрдэм Транс” ХХК-ийн автобусны жолооч 0.23 хувь согтолттой гээд эрүүл тээврийн хэрэгслээ жолоодож байгаа ажилтан алга. Эндээс харахад дандаа хувийн автобус компаниудын жолооч нар тууж явна. Согтуу жолоочтой автобусыг “нийтийн тээвэр” бус “нисдэг авс” гэж иргэд нэрлэсэн нь ортой л юм байна.

Хүний амь насыг хариуцаж яваа том оврын автобусны жолооч нар ийм хариуцлагагүй байхад дарга нар нь биеээрээ өмөөрөөд өнгөрдөг. Яагаад гэвэл хэдэн жолооч нараа ажлаас нь халчихвал нөгөө хэдэн автобусуудыг нь бариад явах хүнгүй болно. Цаашлаад мөнгө олж байгаа бизнес нь зогсох учир согтуу, ажлын дадлага туршлагагүй, мэдрэлийн согогтой ч байсан автобус барьж чаддаг л бол автобусаа өгөөд зам дээр гаргадаг. Уг нь нийтийн тээвэрт ажиллаж буй жолооч нар бүрэн дундаас дээш боловсролтой, таваас доошгүй жил автомашин барьсан, тэр дундаа гурван жилээс доошгүй том оврын автобус барьсан, нийтийн тээврийн зорчигч үйлчилгээнд явах эрхтэй, харилцааны өндөр соёлтой гэсэн үндсэн шаардлагыг хангах ёстой. Гэтэл өнөөдөр “Д” ангилалтай л бол хэн дуртай нь зам дээр автобус жолоодоод явж байна.

Мөн нийтийн тээврийн алдагдалтай ажиллаж байгаа нэг шалтгаан нь кондукторуудын мөнгө завшдаг үйлдэл юм. Автобусаар зорчиж байгаа ихэнх хүмүүсийн тасалбарыг өгдөггүй. Эргээд тооцоогоо хийхдээ тасалбар өгсөн хүмүүсийнхээ мөнгийг л кассанд өгөөд үлдсэн мөнгөө өөрөө авдаг. Харин энэ мөнгөө жолоочтойгоо хуваадаг гэсэн яриа байнга явдаг. Мэдээж нүдэн дээрээ, толиороо хянаад явж байгаа процессийг жолооч зүгээр өнгөрөөнө гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Одоо бүр кондукторууд тооны машинтай явдаг болсон. Тасалбарынхаа серийн дугаарыг харж байгаад л өөртөө унагасан мөнгөө тусад нь авчихдаг. Өнөөдрийн байдлаар нийтийн тээвэрт 800 гаруй автобус явж байна. 800 автобусны кондукторууд багаар бодоход өдөрт 50 мянган төгрөг унагадаг гэж тооцвол 40.000.000 сая төгрөг дундаасаа “сох” дутдаг. 40 саяыг 30 хоногт бодоод үзэхээр нэг сард 1.2 тэрбум төгрөгөө кондукторууддаа алдаж байна. Ингээд шат шатандаа орлого нь хумслагдаж, үйлчилгээнд явдаг автобуснууд нь ч шинэчлэгдсэн юм байхгүй, ажилчдын цалин нь ч нэмэгдсэн юм байхгүй “салхинд хийссэн хамхуул” шиг урсгалаараа явж байна.

Харин алдагдалтай ажиллаж буйгаа тайлбарлахдаа ахмад настан, оюутнуудыг буруутгаж, төрөөс өгч байгаа нөхөн төлбөр нь хаанаа ч хүрдэггүй. Дээрээс нь бензиний үнэ нэмэгдсэн гээд л өрөвдөлтэй царайлж суусаар байгаад үнээ нэмсэн. Одоо үйлчилгээний хөлсөө нэмж, санасандаа хүрсэн ч байдал яг хэвэндээ байгааг бид харж байна. Нөгөө л шат шатандаа мөнгө идэх нь нэмэгдсэн болхоос алдаагаа засах тал дээр нэг ч арга хэмжээ аваагүй. Өрөм дотроосоо өтдөг гэдэг шиг нийтийн тээврийн салбар дотроосоо мөнгө иддэг хүмүүстээ анхаарал тавихгүй бол үйлчилгээний хөлсөө хичнээн нэмсэн ч байдал дээрдэхгүй. Харин ч автобусны үнэ 1000 болчихвол суух хүнгүй болоод удахгүй дампуурлаа зарлах цаг ойрхон ирлээ.

Э. Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.