Ганц цаг зүүсэн хүн цаг хэд болж буйд итгэлтэй байдаг, харин хоёр цагтай хүн бодож эхэлдэг...

Twitter Print
2018 оны 12-р сар 25-нд 10:57 цагт
Мэдээний зураг,

Нэг монгол хэлний багш Рокит Бэй “Эвдэрхий хүн” дууны нэрнээс нь эхлээд шүүмжилж, “Би намайг зүйрлэсэн могойн гадар шиг эрээн хүнтэй..” гэх нь буруу “Би өөрийгөө зүйрлэнэ..” гэж бичих ёстой гэнэ. Өөр олон ч дууны шүлэгнээс үг үсгийн болон найруулга зүйн олон алдаа илрүүлж. Бүх дуу “Сүүдэр цармын цэцэг” шиг байх албагүй шүү дээ.Тэр багш монгол хэл уран зохиол, зөв бичих дүрмийн талаар мундаг мэдлэгтэй байх. Гэхдээ хөгжмийн ертөнцийн талаар дутуу мэдлэгтэй л гэсэн үг.

Нэг залуу фээсбүүктээ “Хөвсгөл далай биш, Хөвсгөл нуур ш дээ. Зөв ярьцгаая...” гээд их л бухимдаж. Зарим нь “Увс нуур гэдэг мөртлөө яагаад Хөвсгөл далай гэх ёстой юм...” гэж нутаг усаараа талцаад амжиж. Мэдээж хэмжээгээр нь жагсаавал далай, тэнгис, нуур, цөөрөм гэж газар зүйн хичээлд үзсэн. Гэхдээ монголчууд бүр эртнээсээ их хэмжээний усыг "далай" гэж бас дууддаг байсныг тэр залуу сайн мэдээгүй л байх. Магадгүй соц үед бүр анхнаасаа л томоос нь жижиг үрүү тэнгис, нуур, далай гээд ангилчихсан бол тэр залуу ингэтлээ бухимдахгүй байлаа. Далай гэж үгний талаар дутуу мэдлэгтэй л байж.

Инчеонд онгоц саатсанд манайхан баахан бухимдаж, бараг л таван одтой зочид буудалд оруул гэх мэтээр цамнаж, утсаараа бичлэг хийж, онгоц саатсанд төр засгаа муулсан нь сошиал трэнд болов. Аялалын компанид ажилладаг, байнга нисдэг найз бол тайван л хүлээж авсан байх юм. Онгоцонд ховорхон сууж үзсэн, бас фээсбүүкээс гадны онгоц саатах үед хэрхэн халамжилдаг тухай зарчмын гоё пост уншиж түүндээ итгэсэн хүмүүс л байх. Нислэгийн талаар дутуу мэдлэгтэй ч гэх юмуу..

Бас өчигдөр уржигдархан нэг залуу байгууллагын ёолк дээр дээлтэй бүжиглэх нь “протокол зөрчсөн, хотын соёлд нийцээгүй” гэх мэт бичээд сошиалд жаал гөвүүлэв. Дрэсс кодны талаар "мэдлэг"-тэй ч зүгээр л хамт олноороо наргидаг ёолк дээр сүртэй дрэсс код, хотын соёл ярих утгагүй гэдгийг ялгаж салгаагүй л хэрэг.. Дрэсс кодны талаар дутуу мэдлэгтэй ч гэх юмуу даа..

Гэх мэт, гэх мэт... “Ганц цаг зүүсэн хүн цаг хэд болж буйд бүрэн итгэлтэй байдаг, харин хоёр цаг зүүсэн хүн бодож эхэлдэг” гэсэн герман зүйр үг бий. Хэрэв ямар нэг зүйл өөрт чинь шал тэнэг санагдаж байвал өөрөө түүнийг гүйцэт сайн ойлгоогүй, тэр зүйлийн талаар дутуу мэдлэгтэй ч байгаа юм билүү...

Аанхаа Анхбаяр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.