Эцэг эхийн буруу шийдвэрийн хариуцлагыг хүүхэд насан туршдаа үүрдэг

Twitter Print
2019 оны 06-р сар 18-нд 12:26 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд хүмүүжил манайд хүнд сэдэв. Ихэнх нь шинжлэх ухаанд биш хувь тавилан, далдын хүчинд итгэдэг, уламжлал, өөрийн туршлага, үзэл бодлоо хамгаалах гэж зөв буруугүй зүтгэдэг.

Хүмүүжүүлэх зүй, боловсрол судлал нь хожуу хөгжиж буй залуу шинжлэх ухаан ч өөрийн арвин туршлага, судлагдахуунтай. 

Хүүхэдтэй хүн бүр хүүхдийг би мэднэ гэж андуурдаг. Жишээ нь бид маш энгийн зүйлийг мэддэггүй хэрнээ хүүхдээ хайрлаж эрхлүүлж байна гэж боддог. Байгальд олон нялх амьтад нар жаргангуут үүрэндээ нойрсдог шиг хүүхэд томчуудаас илүү олон цаг унтаж, эрт нойрсох ёстой юм. Тиймээс оройн 8 цагт хүүхэд унтах нь тохиромжтой гэж үздэг. Харин энэ цагт хоолны газар, кино театрт хүүхдээ дагуулан явах хүмүүсийг манайд их харж болно. Унтах нь хүүхдийн тархины мэдрэлийн эд эсэд маш ач холбогдолтой. Хүүхдийг цэцэрлэгт өдөр унтуулдаг нь тархийг амраахаас гадна өсөлтийн процесс энэ үеэр явагдаж байдаг.

Хүүхдийг курст дугуйланд явуулж хөгжүүлэх нь хүүхдийн хүүхэд насыг үгүй хийж байгаа явдал биш юм. Хүүхдийн анхаарал төвлөрөлт ачаалал даах чадвараас шалтгаалан хүүхдийн курс дугуйлан цөөн цаг, цөөхөн өдөр хичээллэдэг. Харин хүүхдийг хайрлаж байна гээд юу ч хийлгэхгүй байснаар хэн ч биш болгох боломжтой. Энэ нь бас л тогтоогдсон зүйл. Хүүхдийг үдээс өмнө салхилуулж, наранд тоглуул гэдэг нь бас л шинжлэх ухааны үндэстэй. Хэн нэгэн өрхийн эмчийн хувийн санаачлага биш. Үдээс өмнө нарны хорт туяа дэлхийн гадаргуу дээр хамгийн бага нэвтэрдэг тул үүнийг Д витамины дутагдлаас сэргийлэх үүднээс зөвлөдөг. 

Бага насны хүүхдийн хоол тэжээл том хүмүүсээс огт өөр. Хүүхдийн хоол тэжээл хүүхдийн тархины хүнс болдог. Өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлаас хүүхдийн тархи сэтгэхгүй хөгжих нь удааширдаг. Бага насны хүүхдийг байнгын өлөн зэлмэн байлгах нь тархи эд эсээ боловсруулахад саад учруулж, оюуны хувьд хөгжил дорой болгох боломжтой. Тиймээс элдэв амтлагчтай, шарсан хуурсан хоол хүнс тэр байтугай 1 нас хүрээгүй хүүхдэд зөгийн бал, сармистай хоол өгөхийг хорьдог. Ойр ойрхон амин дэмтэй давс чихэр багатай хоолыг хүүхдэд өгөх нь хамгийн сайн гэж үздэг. 

Харин манайхан хүүхдээ баярлуулж байна гээд чипс, ундаа, тэр байтугай түргэн хоолны газруудаар хооллож, түүнийхээ зургийг хөөрөн нийтлэх нь түгээмэл харагддаг. Хүүхдийг олон цаг уйлуулах, хүчтэй сэгсэрэх, орой уйлуулж унтуулах нь стресс, нервийг тархинд үүсгэж эд эсийг үхүүлдэг. Тиймээс хүүхдийн өрөө сэлүүн, агаар салхи нэвтэрдэг, зөөлөн хурц биш өнгөтэй байх нь зөв гэж үздэг.

Хүүхэд хэдэн насандаа юу сурсан байх ёстой вэ гэдэг албан ёсны цэцэрлэг сургуулийн журмууд нь хүүхдийг хүмүүжүүлэх, соёлжуулах, нийгэмшүүлэх нийгмийн шаардлагын дагуу зорилготой хийгдэж байгаа арга хэмжээнүүд байдаг бөгөөд хожим 18 настай нийгэмд ч эцэг эхдээ ч хэрэггүй амьтан болохоос сэргийлж иргэн болгон төлөвшүүлж байгаа хөтөлбөр юм. Харин хүүхдээ хүн болгох уу үгүй юу гэдгээ эцэг эх өөрсдөө шийднэ. Харамсалтай нь эцэг эхийн гаргасан буруу шийдвэрийн хариуцлагыг хожим хүүхэд нас биед хүрээд насан туршдаа үүрдэг юм.

Б.Чимэдлхам

Герман улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.