Зургаан тэрбум километрийн алсаас эх дэлхийг патиардсан нь

Twitter Print
2018 оны 12-р сар 15-нд 13:37 цагт
Мэдээний зураг,

1977 онд америкчуудын дээшээ хөөргөсөн “Voyager-2” аппарат явсаар явсаар Нарны аймгийн хилээс гарсан талаар өнөөдөр NASA мэдээлэв. Яг гараа ч үгүй л дээ, бүдүүн тоймоор нь л хэлж байгаа хэрэг. Цагт хааш хаашаа нэг сая километр газар тархдаг нарны тоосонцор гээч юмны хурд, хүч харьцангуй буурах тэр хязгаарт (гелиосфера) хүрсэн гэсэн үг. Мөн л бүдүүн тоймоор нь хэлбэл, нарны нөлөөний бүсийн зах юм. Гэхдээ Нарны аймгийн яг хил гэвэл тэр хилийн наад захад нь хүрэхийн тулд дахиад 300 жил явах хэрэгтэй болно, харин цаад захад нь гарах бол 30 мянган жил. 

1989 онд 24 дүгээр сургуульд шилжиж очоод анхны хичээл дээр хамгийн арын паартанд хамт суусан Буриадын Мөрөнбаяр гэдэг хүүхэдтэй танилцаж хуваалцсан анхны сонин маань “Вояжер” гэдэг хөлөг дэлхийгээс нисээд 12 жил болж буй, одоо ч цаашаа явсаар буй тухай байв. Ингэж нөхөрлөөд олон ч жил өнгөрч, хоёул одоо жилдээ хоёроос хэтрэхгүй уулзах, уулзаад дэмий донгосохдоо, сансрын хөлөг ярьж анх танилцсанаа дуртай ярьж, бахтай хөхрөлддөг билээ.

NASA-гийн мэдээг өглөө сонсоод сэтгэл хөдөлж утсаар Мөрөөдөө дуулгавал анхны тэр явдлаас хойш 30 жил өнгөрснийг цохон тэмдэглээд, алслан холдсоор буй тэр хөлгийг “Хөөрхий минь” хэмээн “өрөвдөхийн” зэрэгцээ “Тухайн үед Монголын ШУА бид хоёрт анхаарал тавих хэрэгтэй байсан юм” гэж “солиорч” байна. Нээрээ тийм ч юм уу? 

Хөөрхий тэр хөлөг одоо биднээс, Нар Дэлхий хоёрын хоорондох зайг 100-гаар үржүүлсэнтэй тэнцэх алсад улам улам жижгэрсээр яваа ч, өгсөн даалгавар биелүүлж холбоо мэдээ авалцсаар, манийгаа бодож болгоосоор л...

Мөнөөхөн 1977 онд нэг төслийн хүрээнд хэдхэн хоногийн зайтай хөөргөсөн “Voyager-1” энэ хоёрын, хүн төрөлхтөнд хүргэсэн тус цаглашгүй. Адгийн наад зах нь, Тэнгэрийн вангийн 11, Далай вангийн зургаан дагуулыг нэмж илрүүлснээр бидний энэ болтол ороогдож байсан эндүүрлийг арилгасан буянтай амьтад. Ийм жишээ дуусахгүй. Тэдний нааш нь шидсэн үй түмэн зурагнаас 1990 оны нэг зураг их алдартай. Зургаан тэрбум километрийн алсаас манийгаа патиардсан нь энэ. 

Баруун талын хүрэвтэр зураасны дундхан бүртийж байгаа өчүүхэн цэг бол та бидний гэр юм. Гэрээ алсаас хараад юу бодогдсон энэ тэрийг ярихаар илүүц ч юм уу. Нарийндаа бол хэн нь ч хөөрхий юм... Зүгээр, хорвоо дэлхийн өнөө өдрийн сониноос өчүүхэн хуваалцахад ийм байна. 

Буянжаргалын Бат-Амгалан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.