Валют арилжааны цэгээр үйлчлүүлэх бол иргэний үнэмлэхээ заавал үзүүлнэ

Twitter Print
2018 оны 12-р сар 13-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

Доллар, юань, рубль авах эсвэл зарахдаа бид валют арилжааны цэгүүдэд үйлчлүүлдэг. Манай улсад гадаад валютын арилжаа дагнан эрхэлдэг 46 ББСБ бий.

Өнөөдрөөс эхлэн эдгээр ББСБ үйлчлүүлэгчийнхээ иргэний үнэмлэхийг заавал шалган, бүртгэл хөтлөх үүрэг хүлээж байна. Иргэний үнэмлэхгүй бол гадаад пасспорт, эдгээр бичиг баримтын хуулбарыг үзүүлэх бол заавал нотариатаар баталгаажуулсан байна

Санхүүгийн зохицуулах хорооноос энэ шаардлагыг тавьж байгаа юм. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргажээ.

Ялангуяа ул төрд нөлөө бүхий этгээд, өндөр эрсдэлтэй салбарт үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, хуулийн этгээдээс дээрх мэдээллийг заавал авах нь санхүүгийн байгууллагын ч үүрэг.  

Хүний наймаа, зэвсгийн худалдаа гэх мэт хууль бусаар олсон орлогоо гэмт хэрэгтнүүд манайх шиг хөгжиж буй улсуудад хадгалах, хууль бус орлогоо хууль ёсны мэтээр харагдуулах арга зам хайдаг байна. Дэлхий даяар 80 их наяд америк долларын бохир мөнгө эргэлдэж байдаг аж.

АНУ, ЕХ гэх мэт санхүүгийн мөшгих систем өндөр хөгжсөн орнуудад мөнгөний урсгалыг нарийвчлан тогтоох, хаанаас шилжүүлсэн мөнгө хэний дансаар хэрхэн яаж дамжсан зэрэг мэдээллийг олж авахад хялбар байдаг байна. Харин манай улсад энэ систем бүрэн нэвтрээгүй. Иймд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх таатай орнуудад багтаж байна. Үүний гороор ЕХ-ны хар жагсаалтад багтсан удаатай. 

Нөгөөтээгүүр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Иран, БНАСАУ орнуудын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Монгол НҮБ-ын гишүүн орон тул энэ шийдвэрийг мөрдөх үүрэгтэй. Иймд ББСБ, арилжааны банкууд, даатгалын компаниуд, ХЗХ-д, хөрөнгө оруулалтын сангууд, үл хөдлөх хөрөнгө зуучлагчид дээрх улсын ААН, иргэд, ямар нэг бүлэгт санхүүгийн ямар нэг үйлчилгээ үзүүлэх бол Төв банкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд НЭН ДАРУЙ мэдэгдэх үүрэгтэй.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, өнгөрсөн долдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэв. Энэ хуульд зааснаар санхүүгийн бүх төрлийн байгууллагаар үйлчлүүлэх иргэд, ААН-ээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардах болов. Иргэд иргэний үнэмлэх, гадаад паспортоо заавал үзүүлэх бол хуулийн этгээд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар батлуулсан), татвар төлөгчийн дугаар, удирдлагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, аль нэг ААН рүү шилжүүлэг хийх бол бизнесийн харилцааны зорилго, гүйлгээний утга, эцсийн хүлээн авагчийн тухай мэдээллийг өгөх ҮҮРЭГТЭЙ.

Ялангуяа ул төрд нөлөө бүхий этгээд, өндөр эрсдэлтэй салбарт үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, хуулийн этгээдээс дээрх мэдээллийг заавал авах нь санхүүгийн байгууллагын ч үүрэг.  

Хэрэв санхүүгийн байгууллага шаардвал хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч, хуулийн этгээдийн өмчлөл, зохион байгуулалтын бүтцийн талаар ч мэдээлэл өгөх үүрэгтэй. Учир нь иргэд энэ шаардлагыг биелүүлэх ҮҮРЭГТЭЙ гэж хуульд заасан байна. Олон улсын санхүүгийн стандарттай хөл нийлүүлэх зорилгоор энэ заалтыг нэмж оруулжээ.

Г.Ганаа
 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.