Кино үзэхдээ уйлдаг хүмүүс хүчирхэг байдгийг батлах 6 баримт

Twitter Print
2020 оны 01-р сар 02-нд 12:28 цагт
Мэдээний зураг,

Та хамгийн сүүлд ямар кино үзэхдээ үйл явдалд нь орж, уяран уйлсан бэ? Хүүхэд байхаасаа бид “Араатны хаан арслан” дээр Муфаса үхэхэд Симбаг өрөвдөн уйлж, том болоод сэтгэл дэнслэм хайрын түүх, хүмүүсийн амьдрал тэмцлийг үзэж уяран, "Pursuit of Happiness" дээрх аав хүү хоёрыг хайрлаж, эзнээ тууштай хүлээсэн Хачи нохойг энэрэн, түүхийн донсолгоонд өртсөн еврейчүүдийг өрөвдөн уйлсан нь олон.

Гэсэн хэдий ч хүмүүс кино үзэхдээ аль болох сэтгэл хөдлөлөө барьж, нулимсаа нуун суухыг илүүд үздэг. Уйлж буйгаа бусдад харуулахаас ичиж, сул дорой мэт харагдах вий гэсэн айдас бидний сэтгэхүйд жин дардаг талтай.

Гэтэл үнэндээ уйлах нь муу зүйл биш гэдгийг Клермонтын их сургуулийн нейроэкономист Пол Закын хийсэн судалгаа харуулж байна. Түүнийхээр кино үзэж уйлах нь сэтгэл хөдлөлөө ухаалгаар удирдах чадвартай, бэрхшээл тулгарахад хүчтэй сөрж чаддаг хүний шинж гэнэ. Үүнийг дараах баримтууд батлах аж.

1.Тэдний тархинд окситоцин их ялгардаг

Энэхүү даавар нь хүний тархинд мэдрэлийн хөөрөл дамжуулагчийн үүрэг гүйцэтгэх ба аливаа сэтгэл хөдлөм нөхцөлд ямар хариу үйлдэл үзүүлэх гол хариуцлагыг энэ ‘нөхөр’ хүлээнэ. Окситоцин ялгарахад бид үзэж буй зүйлээ мэдрэмжээр тусган, мэдрэмжээ эерэг үйлдэл болгодог онцлогтой. Тиймээс энэ даавар биднийг гадаад ертөнцийг хүлээн авах мэдрэмж өндөртэй байж, өөрийгөө бусдын оронд тавьж сэтгэхэд тусалдаг байх нь. Кино үзэж уйлагчид маань окситоцин өндөртэй хүмүүс аж.

2. Тэд сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс айдаггүй

Кинон дундуур уйлахаасаа эмээдэггүй хүмүүс нулимсаа нуудаг бусдыгаа бодвол сэтгэл зүйн хувьд хүчтэй байдаг. Өөрт төрж буй үнэн мэдрэмжээ илэрхийлэх зоригтой тэдэнд шүүмжлүүлж, шоолуулах болов уу гэх айдас төрдөггүй. Закын өгүүлснээр бусдыг ойлгон хайрлах зөн өндөр байх нь хүнд зөв гэсэн зүйлдээ бат зогсох хүч өгдөг гэнэ.

3. Нулимсны "хүчийг" мэддэг

Судалгаанд онцолсноор энэ төрлийн хүмүүс нулимсны ‘эдгээх хүч чадлыг’ сайтар мэддэг гэнэ. Уйлах нь хүмүүсийг дотоод сэтгэлээ нээж, хоорондоо холбогдох сувгийг нээж өгдөг бөгөөд эргэн тойрны сайн, муу үйл явдлууд дунд өөрийгөө алдахгүй байх сэтгэл хөдлөлийн баримжааг төрүүлж өгдөг сайн талтай ажээ.

4. Тэд амьдралын донсолгоонд тэнцвэр алдахгүй байх чадалтай

Кинонд уярамхай хүмүүсийн амьдралдаа хэвшүүлсэн байдаг нэг сайн чанар нь ямар ч хүнд хэцүү нөхцөлд нэг хормын завсарлага авч тайвшран, тунгаан бодох орон зай өөртөө гаргаж чаддагт оршино. Энэ нь тэднийг уйлж чаддагүй хүмүүстэй харьцуулахад сэтгэл хөдлөлийн илүү тэнцвэртэй байхад тусалдаг.

5. Тэдэнд хүйсийн ялгаварлал болон бусдын бодол нөлөөлдөггүй

Эр хүн уйлах ёсгүй гэх бичигдээгүй хууль лугаа ойлголт нийгэмд бий. Хөвгүүд бага балчраасаа л олон нийтийн газар уйлбал сул дорой, эмзэг болгож харагдана гэсэн ойлголттой хүмүүждэг. Гэтэл алив зүйлд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь хүйсээс үл хамааран, хүн болохын хувьд байгалаас заяасан зөн аж. Үүнийг ‘уйлхай’ үзэгчид маань сайтар ойлгосон байдаг. Мөн тэд эмэгтэй хүн л усан нүдэлж байдаг гэх нийтлэг үзэлтэй тэмцэгчид юм.

6. Тэд амьдралыг бүрэн "амталж" чаддаг

Окситоцины түвшин өндөр байх нь бидний бусдад хэр их итгэж чаддагаас хамаардаг байна. Хүнд итгэж чаддаг, итгэхийг хүсдэг бол тархин дахь мэдрэлийн хөөрөл дамжуулагч неврон олон байх ба энэ нь бусадтай чин сэтгэлийн гүнээс харилцах үндэс болдог гэнэ. Ийм хүмүүст бусдад талархах сэтгэл ихээр төрж, амьдралын сайн сайхныг мэдрэх нь илүү байдаг.

Эх сурвалж: Жаргалтай гэр бүл хуудас 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.