Л.Болд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гарч буйгаа АН-ын бүлгийн даргад мэдэгдлээ

Twitter Print
2018 оны 12-р сар 03-нд 18:51 цагт
Мэдээний зураг,

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг АН-ын бүлэг дэмжинэ гэсэн чиглэл өгснийг үл хайхран УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд, Д.Мурат нар эсрэг санал өгсөн билээ.

Харин өнөөдөр хуралдсан Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарыг намын үндсэн дүрэм зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ дагуу Ардчилсан намын бүлэг хуралдаж Үндсэн дүрмийн хорооны шийдвэрийг хэлэлцсэн байна. 

Мөн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Үндсэн дүрмийн хорооны гаргасан шийдвэрийн дагуу нэр бүхий дээрх гишүүдэд улс төрийн хариуцлага тооцох шийдвэрийг гаргажээ. 

АН УИХ-ын Ж.Батзанданг намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаанд хассан бол Л.Болд, Д.Мурат нарыг дөрвөн жил хүртэлх хугацаанд АН-аас төрийн сонгуульд нэр дэвших болон албан тушаалд томилох, хаших эрхийг нь хасах сахилгын шийтгэл оногдуулах шийдвэрийг гаргаснаа С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар өнөөдөр мэдээлэл хийж танилцуулсан юм.

АН-аас гаргасан энэхүү шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Би намын улс төрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг ерөөсөө ойлгохгүй байгаа. Би намаасаа хөөгдсөн Монголоосоо хөөгдөөгүй. Үүнд би баяртай байна. Тун удахгүй УИХ-ын гишүүн 40 гишүүн М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулна. Удахгүй АН-ын удирдлагуудыг чөлөөлөх ажлыг бас явуулна. МАНАН-гийн халаасанд байгаа С.Эрдэнэтэй тэмцэнэ.

Би АН-ын эв нэгдлийн төлөө хичээж зүтгэсээр ирсэн. Гэхдээ өнөөдөр буруу зүйлийн төлөө тэмцэж байсан гэдгээ ойлголоо. АН шинэчлэгдээгүй юм байна гэдгийг би өнөөдөр харлаа. АН-ын энгийн гишүүдтэй хамтарч, намын шинэчлэлийн төлөө зүтгэх болно. Өнөөдөр нам харгалзахгүй хулгайчид нэгдэж байхад эх орончид бас нам харгалзахгүй тэмцэх болно” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд “Өнгөрсөн  баасан гаригт Монгол Улсад хувьсгал болсон. Бид 1990 оны Ардчилсан хувьсгалыг амь насаа золиослон хийж байсан. Гэвч МАНАН-гийн бүлэглэл өнгөрсөн хугацаанд ардчилалын сул талыг ашигласаар ирсэн. Үүнд би улстөрчийнхөө хувьд эмзэглэсээр ирлээ. Гэхдээ монгол төрийн ордонд хувьсгал явагдсанд би баяртай байгаа. Монголын ард түмэн үүний гэрч нь болсон.

Албан тушаалын тухайд, Засгийн газрыг огцруулах асуудал нь МАН-ын дотоод үл ойлголцлоос үүдсэн. Ардчилсан нам үүнд ямар ч хамаагүй. Ардчилсан нам төрийг хүндэтгэдэг нам. Гэтэл АН өнөөдөр намайг гутруулахад хүргэлээ. АН өнөөдөр коммунист нам болжээ. МАНАН-гийн халаасны нам болсон нь харамсалтай. Би өөрийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгсөн.

АН бүлэгтэй байхын тулд Ж.Батзанданг хөөж, намайг үлдээж доромжилсон байна. Би УИХ дахь АН-ын бүлгээс гарна. Бүлгээс гарах өргөдлөө өнөөдөр өгнө. Дуртай үедээ ил гаргадаг, дургүй үедээ далд хийдэг намын үйл ажиллагааг би эсэргүүцэж байна. АН-ын нэр бүхий гурван гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн бол харин ч эрх ашгийн зөрчил үүсэх байсан. Бидэнд маш олон санал ирж, элдэв дарамтыг хүртэл үзүүлж байсан. Бид намаа шинэчлэхийн төлөө эцсээ хүртэл тэмцэнэ. Үүнийг маш тодорхой хэлчихмээр байна” гэсэн билээ.

Тэрбээр хэлсэндээ хүрч УИХ дахь АН-ын бүлгээс гарах өргөдлөө өгсөн байна. Тэрбээр энэ тухайгаа "Монгол Улсын Үндсэн хуулинд заасны дагуу төрийн дээр аливаа нам, бүлэглэлийн эрх ашиг байх ёсгүй. Миний бие хууль дээдлэх ёсыг баримтлан нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэж Засгийн газарт хариуцлага тооцохоос өмнө УИХ-ын даргад эхлээд хариуцлага тооцох ёстой гэсэн зарчмын байр суурин дээрээ баттай зогсох болно. 

Ардчилсан намыг удирдаж буй хүмүүсийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гарч буйгаа АН-ын бүлгийн даргад мэдэгдлээ" гэсэн байна.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.126.89.236) 2018-12-04 11:17
      • 0
      • 1

      Намын шийдвэрээ дагаж, 60 тэрбум, ждү тэй тэмцээгүй буруу ш дээ. Өөрөө

      Хариулах