Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ

Twitter Print
2018 оны 12-р сар 03-нд 17:36 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын гавьяат дасгалжуулагч В.Батбаяр агсны нэрэмжит боксын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр нээлтээ хийлээ. Спортын төв ордонд өнөөдөр эхэлсэн тэмцээний тулаанууд эхнээсээ л ширүүхэн өрнөж байна.

AIBA буюу Олон улсын боксын холбооноос баталсан шинэ дүрмээр эрэгтэй 8, эмэгтэй 5 жингийн ангилалд 7 өдрийн турш ширэн бээлийтнүүд тулалдах юм. Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн 2018 оны УАШТ-д 32 байгууллагын 140 орчим ширэн бээлийтэн өрсөлдөж байна. Эрэгтэй боксчид 52, 57, 63, 69, 75, 81, -91, +91, эмэгтэйчүүд 51, 57, 60, 69, 75 кг-ийн жинд өрсөлдөж улсын аваргын медалийн эзэд тодорно.

2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаар 2019 оны боксын үндэсний шигшээ багийг байгуулах журамтай. Энэ жилийн тэмцээнийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ М.Нандинцэцэг, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Отгондалай нар өнжиж байна.

Тэгвэл ОУХМ Э.Цэндбаатар, “Алдар” спорт хорооны тамирчин, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг нар 63 кг-д, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, МУГТ У.Мөнх-Эрдэнэ 69 кг-ийн жинд өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Боксын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 37 дахь удаагийн эмэгтэйчүүдийн 13 дахь энэ сарын 09-ний өдөр өндөрлөнө.

Боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн УАШТ анх 1957 оноос эхлэлтэй. Харин эмэгтэй боксчдын УАШТ-ийг 2002 оноос зохион байгуулж иржээ.

Нэмэлт мэдээллийг дуулгахад: Боксын ДАШТ эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд зохиогдохоор болсон байна. 2019 онд эрэгтэйчүүдийн ДАШТ ОХУ-ын Сочи, эмэгтэй ДАШТ Улаан-Үд хотуудад болно. МБХ-ноос ирэх онд Ази тивийн АШТ-ийг Улаанбаатар хотод хүлээн авч зохион байгуулах саналаа AIBA-д тавих хүсэлтэй байгаа гэлээ. Мөн тамирчдыг шинэ жиндээ зөв сонголт хийх цаашлаад хурдан дасах хэрэгтэйг онцоллоо.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.