Я.Содбаатар, Ц.Цогзолмаа нарыг сайдаас чөлөөлнө

Twitter Print
2018 оны 12-р сар 03-нд 14:03 цагт
Мэдээний зураг,

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Я.Содбаатар ёсзүйн хариулцлага хүлээж, Зам, тээврийн хөгжлийн сайдаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр саналаа хүргүүлж байна.

Мөн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нь Засгийн газрын тухай хуулийн танхимаар ажиллах заалтуудыг үндэслэн, үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг Ерөнхий сайд гаргаж байна. Уг асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-д өргөн мэдүүлнэ” гэж тодотгосон юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Н.Цэрэнбат сайдын асуудлыг хэрхэн шийдэх юм?

-Зарим сайд нарын нэрийг зориуд ЖДҮХС-тай холбож, гүтгэлгийн шинжтэй материалууд тараагдсан. Нэр бүхий сайд нар  үүнтэй холбогдуулж няцаалт хийсэн. Одоогоор уг мэдээллүүдийг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа.

-Чөлөөлөгдөх сайд нарын орны томилгоог хэдийд хийх вэ?

-Дараачийн сайд нарын томилгоог хэрхэн явуулах талаар бид нарийвчлан судална.

-Ч.Улаан сайдын томилгоог хэзээ хийх вэ?

-Ч.Улаан сайдын томилгоог яаравчлан хийх шаардлагатай байгаа. Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, хөдөө аж ахуйн салбарт анхаарах шаардлагатай олон асуудлууд бий болоод байна. Тиймээс салбарын сайдын томилгоог нь яаравчлан хийх чиг барьж байна.

-Ерөнхий сайд хотын даргын өргөдлийг хэрхэн шийдэх вэ?

-Хотын даргын асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ. Хотын дарга өөрөө хүсэлт гаргасан тул Ерөнхий сайд албан үүргээс нь чөлөөлөх тухай захирамж гаргана.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.