Хүүхдийн чадах зүйлийг өөрөөр нь хийлгэ...

Twitter Print
2018 оны 12-р сар 05-нд 09:46 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд 2 настайгаасаа л тоос арчих, аяга угаах, хог шүүрдэх гэх мэт гэрийн ажилд туслах идэвх сонирхолтой болдог. Энэ үеэс нь тэдний оролдлогыг дэмжин урамшуулж улам өдөөж чадвал, ХҮҮХЭД:

-Өөртөө итгэлтэй

-Хариуцлагатай

-Нийгмийн идэвхтэй

-Санаачлагатай

-Бусдад халамжтай болж хөгждөг.

6 нас хүртэл нь хийлгэж дадуулах ажлууд:

-Тоглоомоо хураах

-Хогоо хогийн саванд хаях

-Хувцасаа өмсөж тайлж, эвхэж хураах

-Гутлаа үдэх

-Аяга тавгаа хураах

-Хоолоо өөрөө хөргөж идэх

-Цүнхээ өөрөө үүрэх гэх мэт.

Нэгдүгээр ангийнхны цүнх хүнд байвал зарим номыг нь торонд хийж барьж өгч тусалж болно. Хүүхэд цүнхээ өөрөө үүрч хэвших үйл нь л чухал, эс тэгвэл салан задгай болж цүнх, эд зүйлсээ энд тэнд үлдээсэн мартсан хүн болох магадлал өндөр.

Гэтэл аав ээж бид байнга урдуур нь орж хийн, зааварчлан хэлж АЛДАА гаргадаг. Дийлэнх хүүхдүүд тоглоомоо хураа гэсэн даалгаварыг биелүүлэх дургүй. Ээж хэлж хэлж залхаад өөрөө өмнөөс нь хурдхан хураадаг, хувцасаа өмсөхдөө болхи удаан тул мөн л тэвчээртэй хүлээж дийлэхгүй урдуур нь ордог. Гутал үдэх бол бүүр ч зааварчлах хугацаа их орох тул ээж аав нь хийж өгсөөр 6 настнууд дийлэнхдээ өөрөө гутлаа үддэггүй. Гутал үдэж сурах нь хүүхдийн гарын жижиг булчин, сэтгэхүй хөгжүүлэх дасгал юм шүү дээ.

Зөв дадал суулгахын тулд аль болох БАГААС нь хамтран гүйцэтгэх нь чухал. Жишээ нь: “Тоглоомоо хураа” гэхийн оронд “Хоёулаа тоглоомоо АМРААЯ, ээж нь 5-ыг, чи харин 3-ыг нь” гэх мэтээр тоглоомуудаа амраачихаад “Хамтраад тоглоомоо амраасан чинь гэр нь ямар гоё цэвэрхэн харагдаж байна аа” гэж хийсэн үйлдийг нь урамшуулж байгаарай. “Сайн хүүхэд, онц” гэх мэт хоосон магтаалаас аль болох татгалзах хэрэгтэй. Ингээд аажим аажмаар хийх үйлийг нь нэмээд байхад өөрт нь дадал болчихдог.

Өөрийнх нь хийж чадах зүйлийг цагт нь хийлгэж хэвшүүлээгүйгээс нас биед хүрсэн хойно нь ч:

• Өглөө бүр дуудаж сэрээх

• Тогтмол шүдээ угаах ёстойг

• Хувцасаа тохируулж өмсөхийг

• Гэрийн даалгавараа марталгүй хийх гэх мэтийг ЯМАГТ сануулж байх үүрэгтэй үлддэг шүү.

Хэт араасаа хөөцөлдүүлж алхам бүрт нь дагаж өсгөсөн хүүхэд элдэв зүйлд амархан өртөх гээд байдаг. Яагаад гэвэл түүнд аливаад хашир хандах боломжийг багад нь ойлгоогүйд байгаа юм.

Өөрөөр хэлбэл, хүүхэд үүрэг хариуцлага, хувийн зохион байгуулалт муутай болдог. Зөвлөгөө танд таалагдсан бол одооноос доорх өгүүлбэрийг өөртөө хэвшүүлээрэй.

-Урдуур нь орохгүй байх

-Хүлээцтэй хандах

-Урам, дэм өгөх

-Хамтран гүйцэтгэх

Г. Төмөрзаяа

БНСУ-ын Чонбук Их Сургуулийн Боловсролын Ухааны магистр, Сэтгэл Судлалын докторант

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.