Солонгос руу ажилд зуучилна хэмээн иргэдийг залилсан С.Пүрэвсүрэнг Ерөнхийлөгчтэй холбоогүй гэлээ

Twitter Print
2018 оны 12-р сар 03-нд 10:54 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед БНСУ-д явуулж ажил хийлгэнэ гэж олон хүнийг залилсан хүн нь Ерөнхийлөгчийн зөвлөх С.Пүрэвсүрэн гэх мэдээлэл цацагдаж байна.

2017 оны наймдугаар сарын 22-нд Монгол улсын Ерөнхийлөгчийн Хүмүүнлэгийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан гэх Самбуудоржийн Пүрэвсүрэн гэгч эмэгтэй "Нэг өрх-нэг ажлын байр" хөтөлбөр гэгчийг явуулж, БНСУ руу ажилд зуучилна хэмээн одоогийн байдлаар 143 иргэнээс нийт 450 орчим сая төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдэн, орон даяар эрэн сурвалжлагдаад байсан юм. Тэрээр хүн тус бүрээс 1200 ам.доллар хураан авсан байдаг. 

Эрэн сурвалжилж байсан С.Пүрэвсүрэнг энэ сарын 29-30-нд шилжин шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр түүнийг саатуулан шалгаж байгаа аж. 

Харин Ерөнхийлөгчийн зөвлөх хүн иргэдийг залилж их хэмжээний хохирол учруулсан гэх мэдээлэл, хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанаас  мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан С.Пүрэвсүрэнтэй холбоотой, мөн түүний шалгагдаж буй залилангийн гэх хэргийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагаатай холбогдуулан зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл тарааж байгаа тул дараах хэвлэлийн мэдэгдлийг гаргаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны наймдугаар сарын 22-ны өдөр Орон тооны бус зөвлөхүүдийг томилох тухай захирамж гаргаж, Самбуудоржийн Пүрэвсүрэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүмүүнлэгийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилсон.

Мөн 2018 оны есдүгээр сард 21 дугаартай захирамж гаргаж Самбуудоржийн Пүрэвсүрэнг 2018 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөс чөлөөлсөн болно.

Зарлигийн дагуу тухайн өдрөөс эхлэн Самбуудоржийн Пүрэвсүрэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж буй аливаа арга хэмжээнд оролцоогүй болно.

Иймд иргэн С.Пүрэвсүрэнтэй холбоотой аливаа үйлдэл, мэдээлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагаатай ямар нэг холбоогүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна”  гэжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.