Өвөө эмээтэйгээ ойр өсч буй хүүхэд илүү аз жаргалтай байдаг ажээ

Twitter Print
2018 оны 12-р сар 14-нд 08:15 цагт
Мэдээний зураг,

Хүүхдийн өсөлт хөгжилтөд түгээмэл тохиолддог зарим асуудлын хариу

1. ЗАРИМ ЭРҮҮЛ ХҮҮХЭД ЯАГААД “УСАН ХУЛГАНА” БОЛТЛОО ХӨЛӨРДГИЙН ШАЛТГААНЫГ АНАГААХ УХААН ОДОО ХҮРТЭЛ ОЛООГҮЙ БАЙНА

Хөлрөлтийг анхдагч буюу шалтгаан тодорхойгүй; хоёрдогч буюу таргалалт, зүрхний гаж хөгжил, дотоод шүүрлийн булчирхайн эмгэг, зарим нэг эмийн бэлдмэл хэрэглэх, халдварт өвчнүүдийн гэх мэт шалтгаантай гэж 2 том бүлэгт хуваана.

Дийлэнх хүүхдийн хувьд хөлрөлтийн шалтгаан тодорхойгүй байдаг. Удамшил, гипоталамус (завсрын тархи) гүйцэт хөгжөөгүй байх, эхийн уудаг каффеин болон спирт агуулсан ундаа, 1 см.кв арьсанд ногдох хөлсний булчирхайн тоо насанд хүрэгсэдийнхээс 5 дахин их, цусны эргэлт хурдан зэрэг нөхцөл байдалтай холбон судалж байна.

Хэдийгээр хөлрөлт нь хүүхдийн эрүүл мэнд,өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлдөггүй, дийлэнхидээ 2-4 нас хүрээд өөрөө зүгээр болдог ч эцэг эхчүүдийн санааг маш их зовоодог.

2. Д ВИТАМИНЫ ТУН УЛИРАЛ, ЯС ҮНДЭС БОЛООД ХҮҮХДИЙН НАСНААС ХАМААРДАГГҮЙ

Монгол, Орос, Америк хүүхдийн тун гэж байдаггүй (бусад витамин, эм тарианы хувьд ч адил). Хоногийн хэрэгцээ нь өвөл зун, яс үндэс, хүүхдийн наснаас хамаарахгүй өдөр бүр 400 олон улсын нэгж. Харин 50 наснаас дээш тунг 2 дахин нэмэгдүүлэхийг зөвлөдөг. Д витамин нь зөвхөн хүүхдийн өсөлт хөгжил, ялангуяа ясны витамин биш ээ. Энэ нь хүүхдийн дархлаа тогтолцооны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй насанд хүрэгсэдэд зүрх судасны өвчлөл/нас баралт, хавдар, сэтгэл гутралаас сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг сүүлийн жилүүдийн судалгаа харуулж байна. Удаан хугацаагаар уух бэлдмэл сахар агуулаагүй байх нь шүд цоорох өвчнөөс сэргийлнэ гэдгийг хүн бүр мэднэ.

3. ХУРУУГАА ХӨХӨХ НЬ 4-5 НАС ХҮРТЭЛ ХҮҮХДЭД ЯМАР НЭГ СӨРӨГ НӨЛӨӨ УЧРУУЛДАГГҮЙ

Энэ нь бүр ураг байх үеээс илэрдэг хэвийн рефлекс бөгөөд хүүхдийг тайвшруулах нөлөө үзүүлдэг. Дийлэнх хүүхэд 6-7 сар хүрээд хуруугаа хөхөхөө өөрөө больдог. Иймд бухимдаж гонсойх хэрэггүй

Харин 5 наснаас хойш хуруугаа хөхсөн хэвээр байх нь тагнайн хэлбэр, шүдний эгнээнд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үздэг.

4. ХӨХНИЙ СҮҮНИЙ ШАРЛАЛТ НЬ ХҮҮХДИЙГ ХӨХНӨӨС ГАРГАХ ШАЛТГААН БОЛОХ ЁСГҮЙ

Дан хөхөөр хооллож буй 3 нярай хүүхэд тутмын 1-т хөхний сүүний шарлалт явагддаг. Энэ нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлдөггүй тул хөхөөр хооллохыг зогсоох шалтгаан болдоггүй. Хөхний сүүний шарлалт 12 долоо хоног хүртэл үргэлжлэхийг хэвийнд тооцно.

5. ӨВӨӨ ЭМЭЭ НЬ ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХЭД НЬ ОРОЛЦДОГ ХҮҮХЭД ИЛҮҮ ЭРҮҮЛ, АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ СУДАЛГААГААР НОТОЛСОН БАЙДАГ 

Ач зээгээ эргэж очих (мэдээж заавал урьдчилан мэдэгдэх, явах цагаа мэддэг байх), гэртээ авчрах, тэдэнтэй цагийг хамт өнгөрөөж тоглох, ээж аавд нь туслах нь маш чухал. Гэхдээ тэднийг шүүмжилж, байнга зааж сургахаас зайлсхийх хэрэгтэй.

Т.Навчаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.