Хүүхдийг хэрхэн нэмэлт хоолонд оруулах вэ?

Twitter Print
2018 оны 12-р сар 02-нд 14:05 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол улсын Эрүүл мэндийн яам, Америкийн хүүхдийн эмч нарын нийгэмлэг хүүхдийг эхний 6 сар зөвхөн хөхөөр хооллохыг зөвлөж байна. Эхний 6 сар хөхний сүү эсвэл хүүхдийн тэжээл шаардлагатай бүхий л шингэн ба шимт бодисоор хангана. Иймд ус болон бусад шингэн өгөх шаардлага байдаггүй. Харин 6 сартайгаас хойш хөхний сүү/хүүхдийн тэжээл хүүхдийн хоол болон ундны хэрэгцээг бүрэн хангахгүй тул нэмэлт хоол өгч эхлэх хэрэгтэй.

4-6 сартайд хүүхэд нэмэлт хоол идэхэд бэлэн болно. Энэ нь дараа шинжүүдээр илэрнэ:

• Хэлээрээ түлхэх рефлекс арилна. Амьдралын эхний хэдэн саруудад хүүхдийн хэлний үзүүрт ямар нэг хоол тавихад шууд хэлээрээ түлхэж гаргадаг. Энэ нь нярай хүүхдийг хахахаас хамгаалдаг төрөлхийн рефлекс юм. Энэхүү рефлексийн нэг илрэл нь хүүхэд эхний хэдэн сар хэлээ байнга булталзуулдаг явдал билээ.

• Өвөр дээр, эсвэл сандал ширээнд сайн суудаг болно. Толгойгоо эгц сайн даах нь чөлөөтэй залгих боломж бүрдүүлнэ.

• Хөхөндөө эсвэл угжиндаа цадахгүй, ойр ойрхон өлсөнө. Хоол хараад идэх дур хүсэл төрж буй нь мэдэгдэнэ.

Эдгээр шинжүүд илэрч буй бол хүүхэддээ нэмэлт хоол өгч эхэлж болно. Хүүхэд бүрийн нэмэгдэл хоол идэхэд бэлэн болох нас өөр өөр байдаг. Нэмэлт хоолонд оруулах дэс дараа буюу заавал эхлэх хоол гэж байхгүй. Өнөөдрийн байдлаар ийм тийм хоолноос заавал эхлэх ёстой, 2 дахь нь тэр, ингэснээрээ хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө гэсэн нотлогдсон зүйл үгүй байна. Өөрөөр хэлбэл ямар ч хоолноос эхэлж болно гэсэн үг.

Ээж нар заавал цагаан будааны шүүснээс эхлэх ёстой, энэ нь ходоод гэдсэнд өнгөр сайн суулгадаг гэх мэтээр ойлгодог нь шинжлэх ухааны хувьд үндэслэлгүй зүйл юм. Нэмэгдэл хоол өгч эхлэхтэй зэрэгцэн ус эсвэл цай зэрэг шингэнг өдөрт 60-120 мл өгч эхэлнэ. Хүүхдийн жин, баас, эрүүл мэндийн байдлыг нь үндэслэн эмч ямар хоолноос эхлэх нь тухайн хүүхдэд хамгийн зохимжтой болохыг зөвлөнө.

Т.Навчаа

Эх сурвалж: "Хүүхэд ба гэр бүл" ном

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.