У.Хүрэлсүх: Хууль, хяналтын байгууллага бие даасан, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулахад маш их анхаарч ажиллах болно

Twitter Print
2018 оны 11-р сар 30-нд 20:10 цагт
Мэдээний зураг,

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах тухай УИХ-ын чуулганд гишүүдийн асуулт, саналыг хааж Ерөнхий сайд үг хэлсэн. Түүний хэлсэн үгийг хүргэе.

“Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг нэр бүхий 27 гишүүд тавьсан учраас өнөөдөр бид хуралдаж байна.

Өнгөрсөн хугацаанд бидэнд хийж хэрэгжүүлсэн зүйлүүд их бий. Нефтийн үйлдвэр, Цэвэрлэх байгууламж, эрчим хүчний асуудал, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, газар тариалан, мал аж ахуйн асуудал, сайжруулсан түлшний үйлдвэрээ ашиглалтад оруулах гээд зөндөө ажил хийсэн. Эхлэх шатандаа яваа ажлууд ч бий.

Гарын үсэг зурсан 27 хүнийг бүгд буруутай гэж үзэхгүй байна. Найз нөхрөө бодоод, хүн чанар гаргаад гарын үсэг зурсан хүмүүс бий. Одоо эх орноо бод.

Монгол Улсын Ерөнхий сайд МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс үндэслэн хийсэн, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө бололцоотой бүх зүйлийг хийж ажиллаж байна.

Улсын түүх бүтэх, ажил үйл явна гэдэг бол нэг жил гэдэг бол багагүй хугацаа л даа. Гарын алганаас өргөс аваад хаясан мэт нэг өдөр, нэг жилийн дотор нөхөр У.Хүрэлсүх бүх зүйлийг засаж, залруулж чадахгүй нь ойлгомжтой. Надад бас цаг хугацаа хэрэгтэй байгааг та бүхэн маань мэдэж байгаа.

Би хоёр зүйл хэлэх гэсэн юм. Нэгдүгээрт би шударга ёсыг нийгэмд тогтоох, бэхжүүлэх, сахилга бат, дэг журам, ажлын хариуцлагыг сайжруулах чиглэлд бүх боломжтой зүйл дайчилж хийнэ. Хоёрдугаарт улсынхаа унаж байгаа эдийн засгийг тогтоож, сэргээх чиглэлд боломжтой бүх зүйлийг хийж ажиллана. Дээр нь миний хэлээд байгаа МАНАН гэж манай ард түмэн хэлээд сурсан хууль бусын пирамид, шударга бусын хана хоолойг эвдэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүх зүйлийг хийнэ. Байр сууриндаа хатуу байна.

Хэрэв би үлдвэл парламентад байгаа нэлээд олон хүнд хариуцлага тооцно. Ёс зүй, хуулийн хариуцлага тооцно. Үлдээгүй ч тооцно. Надад бас цаг хугацаа байгаа гэж бодож байна. Шударга улстай болохын төлөө хамтдаа тэмцье гэж ярьсан юм. М.Энхболд, Д.Хаянхярваа, хотын дарга С.Батболд гэж гурван хүнийг огцруулах тухай асуудал яриад Д.Хаянхярвааг огцруулсны орой энэ 27 хүн гарын үсэг зурсан. Би энэ 27 хүнийг бүгд буруутай гэж үзэхгүй байна. Найз нөхрөө бодоод, хүн чанар гаргаад гарын үсэг зурсан хүмүүс бий. Одоо эх орноо бод. Албан тушаалтныг битгий хайрла. Нэг, хоёр, гурван даргын сандалд нь суулгах гэж, тэнд нь бат бөх олон жил амьдруулах гэж битгий хүс.

Нөхөр М.Энхболд дарга өргөдлөө өг. Би намын даргын чинь хувьд хэлчихье. Би энд үлдсэн, үлдээгүй өөрөөс чинь шаардана. Та спикер хийх ёс суртахууны эрхгүй хүн. Битгий олон нөхдийнхөө сэтгэл санааг зовоож, шар махтай нь хатаа. Олон жил дарга хийлээ. Төрийн тэргүүний сонгуульд хүч үзлээ одоо болоо юм биш үү. УИХ-ын гишүүний ажлаа сайхан хий л дээ.

Нөхөр М.Энхболд дарга өргөдлөө өг. Би намын даргын чинь хувьд хэлчихье.

Дээр нь цаашид миний хийе гэж бодож байгаа нэг ажил бол хууль, хяналтын байгууллага бие даасан, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулахад маш их анхаарч ажиллах ёстой юм байна. Өнөөдөр төрдөө тангараг өргөсөн хуулийн байгууллагын мянга, мянган ажилтан хууль бус үйлдэл хийдэг болсон гэж үзэхгүй байна.

Энэ хуулийн байгууллагыг улс төрийн байгууллага болгодог хүмүүс та бид. Шахна, дарамтална, ажил албан тушаалыг нь ярина гэж сүрдүүлнэ, эцэст нь өөрсдөдөө уусгаж авна. Ингээд эцэст нь хууль, шүүхийн байгууллага улс төрийн ажил хийдэг болсон, улс төрийн зэвсэг болж хувирсан. Хууль, шүүхийн байгууллага хамгийн шударга ажилладаг байгууллага байх ёстой. Шударга ажиллуулахын төлөө бид хамтарч зүтгэх ёстой.

Томоохон хэргүүдийн ард бид хамтдаа гарах ёстой. Шийдвэрлэж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой, улсын өмчийг хууль бусаар авсан хүмүүсээс буцааж авах ёстой монголын төр, ард түмэн. Энийг л ард түмэн шаардаж байна. Эцэст нь хэлэхэд Засгийн газар тогтсон ч эс тогтсон ч шударга ёсны төлөө, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө нөхөр У.Хүрэлсүх насаа дуустал, ясаа цайтал тэмцэх болно. Байр сууриндаа хатуу байна. Олигархиуд, нам дамжсан бүлэглэл намайг худалдаж авна гэвэл худлаа. Бас намайг айлгана гэвэл бүр худлаа шүү. Энийг хэлчихье. Та бүхэндээ их баярлалаа”.

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.