Бодлого бодолтын УАШТ эхэллээ

Twitter Print
2018 оны 11-р сар 30-нд 21:33 цагт
Мэдээний зураг,

Монголын шатрын холбооноос Гадаад харилцааны яамтай хамтран жил бүрийн 11-р сард шилдэг шатарчдын тэмцээнийг 28 жилийн өмнөөс зохион байгуулж ирсэн.

Мөн үүний зэрэгцээ бодлого бодолтын УАШТ-ийг зохион явуулдаг. Бодлого бодолтын 2018 оны УАШТ уламжлал ёсоор шатрын бодлого зохиомжийн дэлхийн хүндэт мастер, ОУХМ, ОУ-ын шүүгч, шатрын нэрт зүтгэлтэн Тайж нар овогт Сономын Чимэдцэрэн агсны нэрэмжит болон зохиогдож байна.

Тэрбээр шатрын бодлого зохиомжийн спорт, урлагийг Монгол улсад анх дэлгэрүүлэн хөгжүүлж 1964 оноос эхлэн 200 гаруй бодлого, этюд зохион дэлхийн багийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд 2-р байрт шалгаран мөн Олон улсын уралдаанд 9 удаа тэргүүн, 40 шахам удаа шагналт байр эзэлсэн эрхэм хүндтэй нэгэн юм.

Шатрын спортын нэг төрөл болох Бодлого бодолтоор 1960-аад оны эцсээс өнөөг хүртэл 100 гаруй уралдаан, тэмцээн зохиогдсон байдаг. Сүүлийн 10 жилд бодлого бодолтын УАШТ тогтмолжиж, уралдаан тэмцээний тоо нэмэгдэн төрөл нь олон улсын спортын цол зэргийн нэгдсэн ангилалд шинээр багтжээ.

Шатрын ОУМ, бодлого бодолтын Фиде мастер Билгүүний аав Сумъяа бодлого бодолтын ОУ-ын интернэт тэмцээний Монгол дахь зохицуулагч, бодлогын зөвлөлийн даргаар ажилладаг. Сумъяагийн Билгүүн нь жил бүр шилдэг шатарчдын тэмцээнээс гадна бодлогтой бодолтын улсын аварга шалгаруулах өрсөлдөөнд оролцдог билээ. Монголын шилдэг шатарчдын нэг С.Билгүүн 2016 онд бодлого бодолтын залуучуудын ДА цол хүртсэн.

Мөн түүний дүү С.Чингүүн ОУ-ын интернэт бодолтын тэмцээний өсвөрийн ангилалд 2016 онд 3-р байр, 2018 онд 2-р байр эзэлсэн зэрэг ирээдүйн олон амжилтын эхлэл тавигдаад байна.

Одоогийн байдлаар 188 шатарчин Бодогчийн чансаатай болсноос гадна 20 орчим шатарчид бодлого бодолтын төрлөөр цолны болзол биелүүлж эхэлжээ.

Мөн Чинван Ханддоржийн нэрэмжит шилдэг шатарчдын “А” зэрэглэлийн 28 дахь удаагийн тэмцээн өнөөдөр эхэлж байгаа бол 12-р сарын 4-ний өдөр өндөрлөнө.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.