Зулын 25-ны учир

Twitter Print
2018 оны 12-р сар 02-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

2018 оны 12 сарын 2-нд Өвлийн эхэн сарын хуучдын 25 буюу ЗУЛЫН 25 тул та бүхэн буян номын үйлсд аль болох шамдаарай.

ЗУЛЫН 25-НЫ УЧИР

ГЭЛҮГВА БУЮУ ШАР МАЛГАЙТНЫ ШАШНЫГ ҮНДЭСЛЭГЧ БОГД ЗОНХАВА ЛУВСАНДАГВА (1357-1419)

Хоёрдугаар Ялгуусан Будда хэмээн алдаршсан Богд Зонхава бээр Төвдийн Амдо мужийн Цон-Ка буюу Сонгинын Ам хэмээх газар эцэг дархач Лүйвүмгэ, эх Шанса-Ачой нарын хүү болж 6-р жарны улаагчин тахиа жил буюу 1357 оны өвлийн эхэн сарын хорин тавны өдөр гайхамшигт сонин бэлгэсийг үзүүлсээр лагшин мэндэлжээ.

Богд ламыг мэндэлсэн газраар нь Зонхова гэж нэрлэх болсон ба монголоор "Сонгино ам” гэсэн үг. Богдыг мэндэлсэн даруйд хүйг нь таслахад цус дуссан газраас нь навч холтсондоо Сэнгэ-Аро тэргүүтэн олон бурхадын дүрс, тарнийн үг, номын үсгүүд бүхий цагаан зандан мод ургасан хэмээдэг бөгөөд хожим тэр модоор шүншиглэн суврага босгожээ. Харин тэр модноос үндэслэн бас нэг мод өнөө хэр нь Гүмбүм хийдэд оршсоор буй гэдэг. Богд ламыг мэндэлсэн даруйд цорж Дондүвринчэн лам бээр тэр гэр бүлд нэгэн их гайхамшигт хөвгүүн мэндэлснийг ирж үзээд машид таалан асран халамжилж, бие махбод болоод оюун ухааныг дэлгэрүүлэх арга ухаанд шамдан орвой. Хөвгүүнийг 3 сүүдэртэйд Монголын их эзэнт гүрний хаан Тогоонтөмөрийн урилгаар Бээжинд заларч явсан Гарма Ролбийдорж бээр хөвгүүнийг машид таалж цорж ДондүвРинчэнгийн хүсэлтээр хөвгүүнд увш (гэнэн) санваар хайрлаж, Гунгаанинбуу хэмээх нэрлэжээ. Тэрээр долоон насандаа Цорж ДондүвРенчингээс гэцэл сахил хүртэх үед багш нь Лувсандагва хэмээх нэрийг хайрлажээ. Ийнхүү олон зүйл бурхадын авшиг өгч, Донёддорж хэмээх Нууц алдар хүртээн тарнийн мөрт хөтлөн оруулах зэргээр Бурхан багшийн зарлигласан судар, тарнийн шашин ба тэдний тайлбар тэргүүтнээ суралцахын үүдийг нээж өгөв.

Арван зургаан нас хүртлээ төрөлх нутагтаа байж Цорж ДондүвРенчингийн дэргэд судар, тарнийн увдис номлолуудыг хөтлүүлж өргөн мэдлэг олж авсан байна. Арван зургаан настайдаа шашны эрдэм боловсрол эзэмшихээр Төвдийн Үй Занд очиж олон мэргэдээр буддын гүн ухааны таван ботийг хөтлүүлэн судалжээ. Төвдийн Үй Зан мужийн Нартан, Сампу, Диваажан, Зитан, Лхас, Сажа, Жормолүн, Олха чойлүн зэрэг олон алдарт хийдүүдээр гүн ухааны номын дамжаа барьж хэслэг хийж байв. Энэ цагаас хойш Богд лам бээр буцаж гэртээ харихгүйгээр шийдэн орчлонгоос уйссан нирвааны замд эргэлт буцалтгүй одохын ёсоор Үй Зангийн номын их газрыг зорин оджээ.

Тэрээр гучин насандаа гүн ухааны алдарт зохиол “Алтан эрхи” номоо туурвисан байдаг. Лховраг дүвчин Намхайжалцангаар тарнийн гүн ухааны увдис номлолыг олонтаа хөтлүүлж байсан бөгөөд 46 насандаа Гаадамбын шашнаа алдаршсан “Радэн” хийдэд морилж Бодь мөрийн зэрэг зохиолоо туурвижээ.Тэндээс Богд лам бээр 24 сүүдэртэйдээ хамба Гаашиба Цүлтимринчэн, Жэзин хамба Шэргон, Жэзин умзад Соднамдорж тэргүүтэн ариун хуврагуудын өмнө аяга тахимлиг (гэлэн) санваар хүртэж олон хийд, сургуулийн газруудаар явж, Жан-Аа Чойжижалбуу, Цалба Лхажэ Гончогжалбуу, Дайсэн Данса Гэгон, Лама Ён, Лама Үү, Жамъян лам Дамбасоднамжанцан тэргүүтэй 40 гаруй эрдэмт багш нарыг шүтэн гадаад, дотоодын тогтсон тааллуудын гүн нарийн ялгалыг хиргүй ухаанаар нягтлан судалж, чинадад хүрээд судар, тарнийн гүн утгыг сонсох, санах, бясалгахын үйлийг тасралтгүй үйлдсэний үрэнд шидтэний дээд онолыг олоод олон зүйл ядам бурхадын нүүрийг бодитой үзэж, ялангуяа Манзушри бурханаас төв үзлийн гүн увдисыг үргэлжид сонсох болсоноор гурван аймаг сав, гурван мөр сургаал, тарнийн дөрвөн Дандар, нийт таван ухаан зэрэг бүх эрдэм мэдлэгийг өөртөө эзэмшиж, түүнийгээ бас цааш нь номлох, тэмцэх, бясалгах гурвын үүднээс шавь нарт заан сургаснаар Бурхан багшийн шашинд үлэмжийн их ачтан болсон билээ. Иймээс ч Богд ламыг “Цастын орны мэргэдийн оройн чимэг” хэмээн магтах болсон юм.

Богд бээр тавин насандаа Агрим чэнмо /Тарнийн мөрийн зэрэг/ зохиолоо туурвин, тавин гурван насандаа Лхасын их ерөөлийг байгуулж Гэлүгбагийн ёсны “Гандан” хийдийг удирдан байгуулсан байна.Богд бээр Гандан хийд тэргүүтнийг байгуулж, сүм дуган барих, бурхан шүтээн босгох, хурал, сургууль тогтоох, ном зохиох тэргүүтнээр шашин амьтны тусыг гүйцээсэн билээ.

Богд Зонхова лам бурханы шашны олон алдартай зохиол бүтээлийг туурвиж байсан бөгөөд тавин есөн насандаа тарнийн гүн ухааны алдарт зохиол Дэлбашийвараг хэмээх номоо туурвижээ.Ялангуяа Богд ламын туурвисан их, бага “Бодь мөрийн зэрэг", “Сайн номлолын алтан эрих","Сайн номлолын шим”, “Тарнийн зэрэг","Таван зэргийн тодорхой утга"тэргүүтэй 185 эх зохиол бүхий 18 боть их шастируудаар судар, тарнийн гүн увдис бүхнийг өчүүхэн ч эндүүрэггүйгээр сайтар тайлбарлан зохиосон нь цаст Төвдийн орноо урьд нь хэн ч тийн тодорхой үзүүлж чадаагүй бөгөөд урьд Наландра хийдийн их бандида нарыг цастын орноо залан тэд Бурханы зарлигийг тайлбарлан Бурхан багш өөрөө залран амьтны тусыг ханган зохиосон мэт болов.

Богд лам таалал барихын өмнө өөрийн ойрын шавь Жалцав Дармаринчэнд өөрийн асаадаг баншу овоодой титмээ хайрласан нь миний байгуулсан шар малгайтны шашныг чи залгуулж, яваарай гэсэн гэрээслэл байсан юм. Мөн Богд ламын олон шавь нарын дотроос Хайдүв Гэлэгбалсан нь дотоод тааллын эрхэм шавь хэмээн алдаршсан юм. Түүнчлэн Жүдмад дацанг байгуулсан Жэвзүн Шэйравсэнгэ, Дашлхүмбэ хийдийг байгуулсан анхдугаар Далай лам Гэндүндүв, Балданбрайбун хийдийг байгуулсан Жамъян цорж Дашбалдан, Сэра хийдийг байгуулсан Жамчэн цорж Шагжаа-Иш дөрвийг их хийдийг үндэслэгч дөрөв хэмээдэг ба дээрх 7 их мэргэн шавь нарыг Богд Зонхавын шавь 7 цорж буюу ариун 7 хэмээн шар малгайтны шашинд эрхэмлэн дээдэлдэг уламжлалтай. Эдгээр 7 цорж тэргүүтэн Богд ламын алдарт шавь нар нь цаст Төвдийн орон төхөмд ариун Гэлүгба ёсыг Богд Зонхавын хамт дэглэн тогтоож, шашин амьтнаа цаглашгүй их тусыг хүргэсэн юм.

Богд лам бээр хожмын шавь нартаа хандаж хоёр зүйлийн мөрийн зэргээ сайтар судлан үзэхийг захиад 1419 оны өвлийн эхэн сарын 25-нд гайхамшигт бэлгэ шинжийг үзүүлээд таалал барьжээ. Үүнээс хойш Бурханы шашинтанууд энэ өдрийг “Зулын 25” хэмээн нэрийдэн Богд ламын чого тэргүүтэй хурал номыг хүрээ хийдүүдэд өргөн дэлгэр хурсаар ирсэн уламжлалтай билээ. Эл өдөр аливаа хийсэн буян бүгд арвижин дэлгэрэх болтугай.

Эх сурвалж: "Билгийн мэлмий" сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.