Б.Индра: Зөвшөөрөлтэй зогсоолоос бусад газарт төлбөр төлөх ёсгүй

Twitter Print
2018 оны 11-р сар 30-нд 08:20 цагт
Мэдээний зураг,

Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй нийслэл, түүний нутаг дэвсгэрт оршин суугчдын хувьд унаа тэрэггүйгээр ажил амьдралаа зохицуулах боломж хомсодсоор байна. Түүний дээр "хөл дүүжлэх машинаа хаана, яаж байрлуулах асуудал "толгойн өвчин" болсоор удаж байгаа билээ. Учир нь, зорьж очсон төрийн болон хувийн хэвшлийн байгууллага ойр орчмынхоо сул чөлөөтэй газар болгоныг хашаа хайсаар хамгаалж, "өөрийн болгоод авчихсан байх нь элбэг. Зарим нь төмөр шон зоогоод хооронд нь гинжилчихсэн байх нь зогсоол биш "автомашины оршуулганы газар" юмуу гэлтэй тусгаарлачихдаг нь гачлантай. Энэ талаар нийслэлийн Авто тээврийн хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас дараах тодруулгыг авсан юм.

-Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд гадаах талбайгаа хаалт хашилт хийгээд зөвхөн өөрийн харьяаны ажилтан, ажилчдын машиныг байрлуулахаар заачихсан байх юм Үүнийг ямар журмаар газрыг нь хэн олгодог юм бэ? 

-Нийслэлийн ИТХ-ын тогтоолын заалт ёсоор төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг явуулдаг. Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу нийтийн эзэмшлийн талбайд төлбөртэй зогсоол байгуулахын тулд аж ахуйн нэгж байгууллага, иргэн хүсэлтээ гаргадаг. Түүнд зам талбай нь асфальтадсан байх, хаалт тэмдэглэгээ, камерын хяналттай, явган зорчигчдын гарц гаргалгаатай байх гээд стандартын шаардлагад нийцсэн төлөвлөлт, байгууламжийг барьж босгох хөрөнгийн тооцоо зэргийг хавсаргасан байх ёстой. Энэ нь хүсэлт гаргаж буй иргэн, аж ахуйн нэгжид адилхан хамаарна. Тухайн газар нь аж ахуйн нэгж, байгууллагад хамааралтай бол өөрсдөө тохижилт, стандартын шаардлагад нийцүүлж энэ бүхнийг хийх болно. Нийтийн эзэмшлийн газар байвал нийслэлийн Авто тээврийн хөгжлийн газар хариуцаж, зөвшөөрлийг олгохоос гадна бүтээн байгуулалтад нь хяналт тавьж гэрээ хийдэг. Одоогийн байдлаар албан ёсны зөвшөөрөлтэй 43-44 төлбөртэй зогсоол бий. Тэд орлогоо 60:40 харьцаагаар хуваахаар манайхтай гэрээ байгуулж, Авто замын санд хөрөнгө төвлөрүүлж, үүнийг нь нийслэлийн авто замын арчлалт, шинэчлэлд зарцуулаад явдаг юм. 40 хувийн ашиг орлого тухайн үйл ажиллагааг эрхэлж буй компани, байгууллага өөрийн дотоод үйл ажил зардлаа санхүүжүүлэхэд зориулдаг, ийм л юм.

-Зарим компани, аж ахуйн нэгж гадаах талбайгаа хайс хашаагаар тусгаарладаг ч юмуу цөөнгүй тохиолдолд аж ахуйн үйл ажиллагаа явуулаад байх юм. Ингэж болох уу?

-Хууль бус иймэрхүү үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийг нийслэлийн Газрын алба болон мэргэжлийн хяналтын байгууллага илрүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагад сануулахаас эхлээд зөрчлийн шийтгэл ногдуулж ажиллалаа. Үүнд манай газар ч оролцдог. Гэхдээ нийслэлийн Авто тээврийн хөгжлийн газрын ажилтнуудад улсын байцаагчийн эрх байдаггүй учраас арга хэмжээ авахад хүндрэлтэй байдаг талтай.

-Цаашдаа төлбөртэй зогсоол байгуулах, зөвшөөрөл олгох бодлого байна уу. Энэ нь ямар ач холбогдолтой гэж хардаг вэ?

-Нийслэлд тулгамдсан асуудлын нэг учраас бид төлбөртэй зогсоолын тоог нэмэх, төлбөрийг бэлэн бус хэлбэрээр авдаг болох, давхар зогсоол барих асуудлыг судалж байна. Зөвшөөрөгдөөгүй газар өндөр төлбөр төлж байхаар тодорхой газарт зохих мөнгийг нь хураалгаад явах нь жолооч нарт, цаашлаад нийслэлийн төсөвт ч хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

-Компани, байгууллагынхаа гадаах талбайг өмчлөөд зөвхөн өөрийн хүмүүст хамаатай юм шиг загнаж, олс дээс, гинж төмрөөр хааж хаших нь хэр зохистой вэ?

-Зарим тохиолдолд кадастрын зургийг нь харахад өөрийн эзэмшил нь барилгын сууриараа хязгаарлагдчихсан газар ч байж л байдаг. Өмнөх зам, талбай нь нийтийн эзэмшлийнх болчихдог. Энэ бүхнийг цэгцлэхийн төлөө л бид ажиллаж байна. Харин газар нь нийтийн эзэмшлийнх байлаа ч тухайн компани үүрэг хариуцлагаа ухамсарлаж, өөрийн үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг хангах үүднээс өөрийн хөрөнгөөр зам, талбайг тохижуулах санал санаачилга гаргавал бид дээр хэлсэнчлэн хувь тогтоож, гэрээ байгуулдаг. Гэхдээ тухайн нийтийн эзэмшлийн газрыг аль нэг компани байгууллагад тодорхой хугацаа тогтоож олгодог зарчим байхгүй.

Бичвэрийн эхэнд дурдсанчлан "гишгэх газаргүй хөл" шиг амсхийх зогсоол хомсхон "дугуй"-наас хураамж авч байгааг буруутгах аргагүй. Тэр нь нийслэлийн Авто замын санд төвлөрөөд улсын төсвөөс томоохон зам талбайн засвар арчилгаанд зарцуулдаг мөнгө хөрөнгөөс "царай алдахгүй" хотын доторх багахан замыг засч янзалчихдаг бол бүр ч сайн. Гэхдээ дээрх зогсоолын төлбөр харилцан адилгүй байдаг нь гайхалтай. Уг нь төлбөртэй зогсоол ажиллуулах тухай журамд эхний 30 минутад ихэнх газарт төлбөргүй байхаар заасан ч нийслэлийн аль чөлөөтэй, зай завсартай талбайд эрээн мод хөндөлсүүлж, эвсээрхэн амбаар босгосон бүхэн толгой цухуйв уу, үгүй юү наад зах нь 500 төгрөг нэхэж, хагас цагаас дээш болбол 1000, үүнээс цааш секундийн зүү урагшлах болгонд төлбөрөө нэмж авдаг нь гачлантай. Хувийн зарим компанийн гаднах талбайд хаалгач, хамгаалагч нар нь шовгор эрээн хаалт тавьчихаад түүнийгээ "төлбөртэй" гэж үнэлээд мөнгийг нь халаасалж байхыг нэг бус удаа харсан.

Түм түжигнэж, бум бужигнасан их хотын хөдөлгөөн дунд зогсоол талбайд боогдсон жолооч нараас "албан бус"-аар татаас авч, орлогоо нэмэгдүүлдэг ийм хүн мэр сэр байж л байна. Хоёр жилийн өмнө нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлтэй 11 зогсоол байхад Авто замын санд 145 сая төгрөг төвлөрүүлсэн тухай мэдээлэл олж үзлээ. Одоо зогсоолын тоо дөрөв дахин өссөн болохоор нийтийн санд хуримтлуулах мөнгө төдий хэмжээгээр нэмэгдэх биз ээ. Харин ямар ч зөвшөөрөлгүй атлаа хувийн эдлэн ч юмуу автомашины "оршуулгын газар" шиг хэдхэн хүнд зориулсан хашаа хайс хатгаж, гинж троссоор талбай татаж давуу эрх эдэлж буй аж ахуйн нэгж, байгууллагыг яалтай ч билээ.

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.