Дэлхийн найм дахь гайхамшиг буюу Шихуаны бунхан

Twitter Print
2018 оны 11-р сар 30-нд 16:51 цагт
Мэдээний зураг,

Хятадын эртний түүхэнд тодорсон хамгийн алдартай, хамгийн хүчирхэг, хамгийн сүр жавхлантай хаадын нэг бол яах аргагүй Чинь Шихуанди юм. Түүний Хятадын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, түүний санаачилж хийсэн бүтээн байгуулалтыг гадаад дотоодын судлаачид “хосгүй” хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Тэрбээр юуны түрүүнд тархай бутархай Хятад орныг анх нэгтгэж, нэг бичиг үсэг, нэгдмэл стандарттай болгож, хятад үндэстэн бүрэлдэж бий болох, алс хэтдээ их гүрэн болох үндсийг тавьж Хятадын түүхэнд үнэлж баршгүй гавьяа байгуулжээ. Түүгээр зогсохгүй “Түмэн газрын цагаан хэрэм”-ийг бариулж, “хорвоод хосгүй гайхамшигт бунхан” бүтээлгэсэн домогт хүн билээ.

Хятад оронд хоёр мянга гаруй жил боолын нийгэм тогтсоны эцэст НТӨ 221 онд феодалын анхны нэгдсэн хаант төр Чинь улс байгуулагдав. Чинь улсын өмнө НТӨ 255-222 онд оршин тогтнож байсан Байлдаант улсын үед боолын нийгэм задарч байжээ. Тухайн үед олон жижиг улс оршин тогтнож, өөр хоорондоо үргэлж дайтан, бие биеэ нэгтгэж байгаад хожим Чинь, Чи, Чү, Вэй, Янь, Хань, Жао зэрэг 7 улс үлдсэнийг “Долоон хүчирхэг улс” хэмээдэг байв. Тэр долоон улсын нэг, баруун хойд нутгийн Чинь улс харьцангуй эрт цэрэг дайны болон хөдөө аж ахуйн шинэчлэл хийснээр түргэн хугацаанд хүчирхэгжсэн юм.

 НТӨ 247 онд арван гурван настай Инжэн, Чинь улсын хаан ширээг залгамжлав. Тэрбээр 22 насандаа төрийн жолоог авсан бөгөөд чухам тэр үеэс бусад зургаан улсыг нэгтгэх их үйлсээ эхлүүлсэн байна. Инжэн хаан, мэргэдийг цуглуулж олон зэрэг дэв бүхий тушаалд дэвшүүлжээ. НТӨ 230-221 оны хооронд 10 хүрэхгүй жил Хань, Жао, Вэй, Янь, Чү, Чи зургаан улсыг мөхөөж, бүх Хятадыг анх удаа нэгтгэв. Хятад орны тархай бутархай байдал ийнхүү эцэс болж, нэгдсэн Чинь улсын хаант төр мандсан бөгөөд Инжэнийг “Ши хуанди” буюу “Анхны хаан” хэмээн өргөмжилсөн юм.

Нэгдсэн Чинь улс байгуулагдсан явдал Хятадын түүхэнд алс хэтийн ач холбогдолтой маш чухал үйл хэрэг болсон юм. Шихуан юуны түрүүнд хэсэглэн соёрхох дүрмийг цуцалж, засаг захиргааны нэгжийг жюнь (муж), сянь (хошуу)-ий хэлбэрт оруулжээ. Бүх улсыг гучин зургаан жюнь болгон хувааж, жюний доор олон сянь байгуулав. Төв засгийн газрын болон орон нутгийн ноёдыг өөрөө шилж сонгон тушаалд дэвшүүлэх буюу огцруулдаг болсон бөгөөд зэрэг хэргэм үе улиран залгамжлах явдлыг эцэс болгожээ. Чинь улсын үндэслэн байгуулсан жюнь, сяний тогтолцоо хожмын 2000 гаруй жилийн феодалын нийгмийн түүхэнд уламжлал болсон юм. Өнөөгийн Хятадын олон сянийг 2000 гаруй жилийн өмнө Чинь улсын үед нэрлэсэн байдаг. 

Чинь улс Хятадыг нэгтгэхээс өмнө, Байлдаант улсууд өөр өөрийн бичиг үсэгтэй байжээ. Тэдгээр үсэг бичиг хэдийгээр үүсэл гарал нэгтэй, зурлага төстэй боловч соёлын солилцоо, харилцаанд төвөг учруулж байсан юм. Чинь улс байгуулагдсаны үр дүнд хятад орон нэгдсэн бичиг үсэг хэрэглэх болов. Түүнээс хойш, Хятад үсгийн өөрчлөлт дүрэм горимтой болсноор Хятадын түүх соёл бүрэлдэхэд хэмжээлшгүй их ач холбогдолтой үйл хэрэг болсон билээ. Үүнээс гадна, Байлдаант улс бүр өөр өөрийн жин хэмжүүр, стандарттай байсан нь эдийн засгийн хөгжилд ноцтой саад болж байлаа. Чинь Шихуан улс даяар жин хэмжүүр, зоос мөнгө, хууль дүрмийг нэгтгэж, улс орны эдийн засгийн хөгжилд таатай боломж бүрдүүлж төв засгийн газрын байр суурийг бататгасан юм. 

 Чинь Шихуан амьд ахуй цагтаа хийсэн бас нэг агуу том бүтээн байгуулалт бол их Цагаан хэрэм юм. Тэрбээр умардын нүүдэлчдийн довтолгооноос сэргийлж, урьдын Чинь, Жао, Янь зэрэг улсын байгуулсан хэсэг бусаг хэрмийг нийлүүлэн засаж, баруун этгээдийн элсэн цөлөөс зүүн тийш далай тэнгис хүртэлх түмэн газрын урт цагаан хэрэм болгосон билээ.

Чинь Шихуан үзэл санааны ноёрхлоо бэхжүүлэхийн төлөө, НТӨ 213 онд зарлиг буулган түүх судрын хүрээлэнд хадгалж байсан “Чинь улсын түүх”-ээс бусад харь улсын түүх, судар шастир, ном зохиолыг шатаалгаад зогсохгүй ном судар нууцаар хадгалж байсан хүмүүсийг ч алж хяджээ. 

Өнөөгийн Хятад орны Шааньши мужийн Линьтүн сяниас зүүн тийш 5 км зайтай Яньсай сяньд “Дэлхийн найм дахь гайхамшиг” хэмээн алдаршсан Шихуаны бунхан бий. Өмнө талаараа Лишань уулыг түшиж, ар талаараа Вэйшүй голд тулсан энэ дурсгал агаараас асар том пирамид адил харагдана. Энэ дурсгалыг анх 1974 онд олж илрүүлсэн бөгөөд өдгөө хүртэл 8000 гаруй морьт цэргийн баримлыг малтаж гаргаад байна. 2000 ам дөрвөлжин метр талбайг эзлэх цэрэг морьдын баримлыг хаантай хамт онголохын тулд бүтээжээ.

Чинь Шихуан 13 насандаа өөртөө зориулан бунхан байгуулахаар шийдэж, зургаан улсыг мөхөөж нэгтгэснийхээ дараа, газар газраас долоон зуун мянган гар урчуудыг дайчлан Лишань ууланд бунхан бариулж эхэлсэн ба 50 насандаа таалал төгсөх хүртлээ нийт 37 жил зарцуулсан юм. НТӨ 210 онд бүх Хятадыг нэгтгэсэн Чинь улсын анхны эзэн Шихуан тухайн үеийн Шачюгийн Пинтай хэмээх газар буюу өнөөгийн Хэбэй мужийн Пинсянд гэнэт таалал төгсчээ. Түүнийг нас бараад 2 сар болсны дараа, шарилыг нь Шянь-Янд аваачиж оршуулсан байна. Оршуулах үед Чинь улсын хоёр дахь хаан Хухай зарлиг буулгаж, ордны бүх охид, бунхан байгуулсан гар урчуудыг Чинь Шихуаны бунханд дагалдуулж оршуулсан гэдэг. 

Түүний бунхан, түмэн морьт цэргийн хөшөө дурсгал өдгөө дэлхийн өвийн жагсаалтанд орсон соёлын үнэт өв юм. Бунхныг Чинь улсын нийслэл Шянь-Ян хотын байршил, бүтцийг дуурайлган байгуулжээ. Өндөр шороон довын доор хааны тансаг орд харш байх ба бунхны хүрээлэнгийн гадна, дотор хоёр тал Шянь-Ян хоттой яг ижил юм. Бунхны хүрээ, оршуулгын газрын нийт талбай 66.25 ам дөрвөлжин км буюу одоогийн Ши-Ань хотоос хоёр дахин том. Хана, таазыг эрдэнийн чулуу, гэрэлт сувдаар чимэглэсэн нь хөх тэнгэр, од мичдийг бэлгэднэ. Түүний доор таван хайрхан, Хятад орны байгаль газар зүйг урлан, механик аргаар мөнгөн ус цутгаж, гол мөрөн далай тэнгист цутгаж буй мэт болгон хөвж буй галуу нугасыг алтаар урласан байдаг. Бунхны дотор халимын тосоор хийсэн “мөнхийн зул” бадрааж эргэн тойронд нь морьт цэргийн жагсаалыг дүрсэлсэн олон баримал байрлуулжээ. Бунхны зураг төсөл, түүнд буй алив бүхэн их хааны цаглашгүй их сүр хүчийг илтгэсэн байдаг. 

Шавраар урласан тэдгээр цэрэг эрс, агт морьд хэмжээгээрээ ботит хүн, морины дайтай. Цэргүүд бүгд өндөр нуруутай, тэдний биеийн бодит харьцааг сайтар бодолцож бүтээсэн бөгөөд дунджаар 180 см өндөр. Ханхар чийрэг цэрэг эрсийн царай төрх өөр, давтагдашгүй онцлогтой. Тэдгээр баримлыг явган цэрэг, морьт цэрэг, тэрэгт цэрэг, харваач, жанжин зэргээр нарийн зохион байгуулалтай хуваажээ. Цэргүүдийг хуяг дуулга өмсөж, зэр зэвсэг агссан, зарим нь морио хөтөлж, зарим нь тэргээ залж, нэг хөлөө өвдөглөн сууж сум тавихаар нумаа хөвчлөн татаж буйгаар дүрсэлсэн байдаг. Морьдын өндөр 150 см, урт нь 2 метр, бие хаа тэгш, омголон дүртэй, дайны талбарт дүүлэн ороход хэзээд бэлэн мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Чинь Шихуаны бунхны ойролцоогоос хүрлээр цутгасан хоёр хэсэг морин тэрэг олдсон бөгөөд тэрэг бүрт дөрвөн морь хөллөсөн, тус бүр хөтөчтэй. Морин тэрэгнүүд хэмжээгээрээ жинхэнэ тэрэгний хагас шиг бөгөөд урьд хожид ийм том хэмжээтэй хүрэл цутгуур тун цөөн олдсон гэдэг. Морьт цэргийн бунхан Чинь улсын үеийн цэрэг арми, соёл урлагийн судалгаанд зүйрлэшгүй үнэт түүхэн баримт материал юм.


 
Чинь Шихуаны бунхныг булгийн доор байгуулж гуулиар бэхэлсэн хэмээн сурвалжид тэмдэглэсэн бөгөөд хожим тоногдохоос сэргийлж дотор нь нум сум онилж, янз бүрийн оньсон сааль тавьсан гэдэг. “Хань улсын бичиг”, “Шүй жин бичиг”-т Чинь Шихуаны бунхныг НТӨ 206 онд Шян Юйгийн цэргүүд эвдсэн хэмээн бичжээ. Умард Вэй улсын Ли Дао-Юан “Шүй жин бичиг”-тээ Шян Юй, Шянь-Янд очиж 300 мянган хүнээр 30 хоногийн турш Шихуаны бунхны шороог зөөлгөсөн боловч дуусгаж чадаагүй, түүний дараа зүүн хойд нутгийн тонуулчид гуулин авсыг нь авч явсан хэмээн тэмдэглэсэн байдаг. 

Ардын дунд уламжлагдсан нэгэн домогт, хожим бас нэг хоньчин алдсан хонио эрж, бунханд бамбар барьж ороод, санамсаргүй гал алдсанаас бунхан шатаж 90 хоног их гал дүрэлзсэн гэдэг. Гэвч Чинь Шихуаныг оршуулснаас 100 жилийн хойно Хятадын их түүхч Сы Мачянь “Түүхийн тэмдэглэл”-дээ Чинь Шихуаны тухай тусгай бүлэг бичихдээ бунхан галд автсан, тоногдсон тухай дурдаагүй юм. Харин түүнээс 600 гаруй жилийн дараах Ли Дао-Юань тэр тухай нарийн тэмдэглэсэн нь эргэлзээ төрүүлж байгаа юм. 

Түмэн морьт цэргийн хөшөө дурсгалыг илрүүлсний дараа судалгааны ажлыг улам эрчимжүүлсэн гэдэг. Археологичид газар доорх ордны эргэн тойронд 200 гаруй газар малтлага хийж үзээд тонуулчдын нүх ердөө хоёр байсныг олж илрүүлжээ. Түүний нэг нь бунхны зүүн хойд талд, нөгөө нь баруун талд байсан юм. Тонуулчдын нүхний диаметр 90 см, гүн нь 9 метр, бунхны төвөөс 250 метр зайтай байсан бөгөөд бунханд орж чадаагүй ажээ. Бунхны газрын доорх бэхэлсэн хэсэг эвдэгдсэн ор мөргүй, ордны хана туурга бүрэн бүтэн, доторх мөнгөн ус эмх цэгцтэй хэвээр тэгш тархсан зэргээс үзвэл, газар доорх ордон тонуулчдын гарт өртөөгүй гэж дүгнэж болно. 



Шүйфүгийн домог

Чинь Шихуан 6 улсыг мөхөөн нэгтгэж хэмжээлшгүй хүч чадалтай болсны дараа, үхэшгүй мөнхийн хутаг олохыг хүсчээ. Тэрбээр, Бөхай тэнгисийн дундах нэгэн аршийн ууланд хүнийг үхэшгүй мөнхрүүлэх ид шид бүхий хувилгаан эм ургаж байдаг гэж сонсоод, тийшээ хүн илгээн тэр эмийг хайлгажээ. Шихуаны өмнөөс анх тэнгист орж хувилгаан эмийг хайсан хүн Янь улсын Лүшэн юм. Лүшэн Зэши буюу одоогийн Чиньхуандао арлаар тэнгист орсон боловч эмийг олсонгүй. Түүний Чинь Шихуаны сахиулсанд залбирч тэнгист анх орсон газар нь одоог хүртэл Чиньхуандао хотын Дүншань цэцэрлэгт хүрээлэнд хадгалагдаж байна. 1992 онд хүмүүс тэнд 6 метр өндөр, 80 тонн жинтэй хар өнгийн боржин чулуугаар Шихуаны хөшөөг босгосон юм. Лүшэн хувилгаан эмийг ололгүй буцаж ирсэн болохоор Шихуан Шюйфү гэдэг хүнийг тэнгист илгээн хайлгажээ. 

Шюйфү анх удаа тэнгист аялаад буцаж ирснийхээ дараа, Пэнлай хэмээх сахиулсан аралд авирч хувилгаан эмийг олж харсан боловч уулын савдаг түүний авч явсан бэлгийг бага хэмээн чамлаж, хувилгаан эмээ өгсөнгүй. Хувилгаан эмийг авъя гэвэл эрхбиш үзэсгэлэнт охид, чийрэг хөвгүүд, шилдэг гар урчуудыг бэлэглэх хэрэгтэй гэж уулын савдаг хэлсэн хэмээн Шихуанд айлтгажээ. Шихуан үүнийг сонсоод маш их баярлаж, тэр даруй 3000 охид хөвгүүд, олон уран дархныг сонгон Шюйфүд тушааж, дахин явж хувилгаан эм авчрах зарлиг буулгасан байна. 

Шюйфү тэнгист нэлээд удаан аялсан боловч хувилгаан эмийг хайгаад олсонгүй. Тэр буцаж ирээд тэнгист аварга луу, том загас түйтгэр тарьж усан онгоцны сахиулсан ууланд нэвтрэх замыг хаасан учир, энэ удаа эм авчирч чадсангүй, сахиулсан ууланд очиход эрхбиш сайн харваачид, шилдэг зэр зэвсэг авч явах хэрэгтэй гэж Чинь Шихуанд айлтгасан байна. Яг тэр үеэр Чинь Шихуан далайн савдагтай дайтаж байна гэж зүүдэлсэн ажээ. Түүнийг нь төлөгч мэргэлж, тэр далайн савдаг бол даруй аварга луу, том загас мөн гэж айлджээ. Ингээд хаан Шюйфүгийн үгэнд итгэж, түүнд мэргэн харваачид, зэр зэвсэг шилж өгсөн бөгөөд өөрөө дагуулан тэнгист очсон байна. 

Усан онгоц Жифү арлын ойролцоо очих үед үнэхээр нэгэн том загас дайралджээ. Шихуан түүнийг харваж алаад, энэ удаа сахиулсан ууланд ороход саадгүй боллоо гэж боджээ. Ингээд хаан бусад хэргийг Шюйфүд найдаад өөрөө буцсан байна. Гэвч Шюйфү сахиулсан уул, хувилгаан эмийн аль алийг нь хайж олоогүй болохоор Чинь Шихуантай уулзахаас эмээж, охид хөвгүүд, гар урчуудаа дагуулан Японд очоод, тэндээ үе улиран аж төрөн суужээ. Хожим Шюйфү нас барсны дараа, түүнийг Фүжи уулын хормойд оршуулжээ. 

Японд Шюйфүгийн тухай үлгэр домог, тэмдэглэл олон байдаг бөгөөд зарим эрдэмтэн, Шюйфү Япон улсыг байгуулсан түүхэн хүн Жиммү Тэнно мөн гэж үздэг. Японы ард иргэд ч Шюйфүг дээдэс богд хэмээн тахиж, түүнийг Үр тарианы сахиулсан, Эмийн сахиулсан хэмээн хүндэтгэдэг байна. Японд Шюйфүгийн дурсгалд зориулж босгосон Шюйфүгийн бунхан, Шюйфүгийн орд, Шюйфүгийн хад, Шюйфүгийн эх газар очсоны дурсгалын хөшөө одоог хүртэл хэвээр хадгалагдаж байна. 1991 онд Японы ард иргэд Сага-кэнд “Шюйфүгийн зам” нэртэй цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. Жил бүрийн намар Сага кэний ард иргэд Шюйфүг тахиж буй сүмд ургацын дээжээ хүндэтгэн өргөж, 50 жилд нэг удаа их тахилга хийдэг байна. 

Д.Гүнтөмөр

Эх сурвалж: mongol.cntv.cn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.