С.Баясгалан: Зургаан аймгийг олон улсын нисэх буудалтай болгоно

Twitter Print
2018 оны 11-р сар 28-нд 07:49 цагт
Мэдээний зураг,

БҮСЧИЛСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛСНЭЭР ЖУУЛЧДЫН ТОО НЭМЭГДЭНЭ

Манай улс 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авна гэсэн зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэ зорилтын хүрээнд аялал жуулчлал хэрхэн хөгжиж байгаа болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалантай ярилцлаа.

-Манай улсад аялал жуулчлалын салбар хэр хөгжиж байна вэ?

-Монгол Улсад аялал жуулчлалын салбар 1990-ээд оноос хойш арай идэвхтэй хөгжиж эхэлсэн гэж үздэг. Өмнө энэ салбарт төрийн өмчит ганц компани л үйл ажиллагаа явуулдаг байлаа. Харин 1990 оноос хойш хувийн хэвшлүүд нэлээд нэмэгдэж, аялал жуулчлалын салбар хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгуурлаж хөгжих болсон.

2017 оны байдлаар Монгол Улсад 470 мянга орчим гадаадын жуулчинг хүлээж авсан байдаг.

Энэхүү жуулчид дотоодын эдийн засагт 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Аялал жуулчлалын салбарт нэг жуулчны оруулсан мөнгө 14 салбарыг дэмждэг орлого болж хуваарилагддаг. Манайд жилд ирдэг жуулчдын тоо дээд тал нь 490 мянгад хүрч байна.

Иймд Засгийн газраас 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээж авна гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Аялал жуулчлалын салбарын хөгжил нь олон салбараас хараат байдаг. Дэлхийн эдийн засгийн форумаас улс орнуудын “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индекс”-ийг тогтмол гаргадаг шүү дээ. Тэгвэл 2017 оны үзүүлэлтээс харахад дэлхийн 136 орноос манай улс 102-т эрэмбэлэгдэж байна.

-Манай улс нэлээд доогуурт орсон байна шүү дээ. Аялал жуулчлал хөгжихөд юу нөлөөлж байна вэ?
-Энэ үзүүлэлтээс харахад бүх төрлийн дэд бүтцийн хөгжил, аялал, жуулчлалын үйлчилгээний дэд бүтцийн хөгжил болон аялал жуулчлалын олон улсад нээлттэй  байдлын үзүүлэлт доогуур үнэлэгдэхэд ихээр нөлөөлж байна.

-Аялал жуулчлалын нээлттэй байдал гэдгийг тодорхой тайлбарлаж өгнө үү?

-Цэвэр визний асуудал л даа. Монгол Улсад зорчиж буй жуулчдын тоо давхардсан тоогоор жилд хоёр сая орчим байдаг. Тухайн иргэн суралцах юм уу, ямар нэгэн улсад очоод цалин авч ажиллахаас бусад зорилгоор 24 цагаас дээш нэг жилээс дотогш хугацаагаар гадаад оронд зорчиж байгаа тохиолдолд тэр хүмүүсийг жуулчны тоонд оруулж тооцдог.

Жуулчид аялахдаа визгүй улсуудыг эхэлж сонгодог.

Монгол Улс визний нөхцөл нэлээн хатуу мөрдөгддөг улсын тоонд ордог. Тиймээс энэхүү нөхцлөөс шалтгаалж, жуулчдын тоо өсөх боломжийг хязгаарлаж байна гэсэн үг.

Жуулчин хамгийн ихээр хүлээж авах боломжтой зуны улиралд бүр гурван сарын өмнөөс билет олдохгүй тохиолдол гардаг. Тиймээс хоёрдогч, гуравдагч тээвэрлэгчийг оруулж ирэх, эсвэл нийт нисч байгаа нислэгийн суудлын тоог нэмэх асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй.

Энэ мэт асуудлыг шийдвэрлэж чадаагүй болохоор хэчнээн аялал жуулчлалыг хөгжүүлье гээд дотооддоо хөрөнгө оруулалт, гадаад сурталчилгаа хийсэн ч гаднаас орж ирж байгаа урсгалаа тээврээр хязгаарлаад байгаа юм. Эдгээр асуудал шийдэгдсэн тохиолдолд жуулчдын тоог өсгөх боломжтой. Ирэх оноос энэ асуудал цэгцрэх байх.

-Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд ямар ажлуудыг зохион байгуулж байгаа вэ?

-Манай улс өргөн уудам газар нутагтай учир ирсэн жуулчид нь Улаанбаатараас эхлэлтэй орон нутаг руу дамжиж явдаг аялал жуулчлалын онцлогтой.

Манайд жилд ирдэг жуулчдын тоо дээд тал нь 490 мянгад хүрч байна

Энэ жил БОАЖЯ-ны хувьд хэд хэдэн чиглэлээр бодлогын баримт бичгүүдийг боловсруулах үйлчилгээний стандартуудыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Энэ оны зургадугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын 171 дүгээр тогтоолоор “Аялал жуулчлалын гол чиглэл” гэсэн баримт бичгийг баталсан.

Энэхүү баримт бичгийн хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам, БОАЖЯ, үндэсний хөгжлийн газар, Сангийн яам хамтраад аялал жуулчлалын дэд бүтцийг хэрхэн хөгжүүлэх тухай төлөвлөгөө боловсруулсан. Үүний үр дүнд авто тээврийн, төмөр замын, агаарын тээврийг хөгжүүлнэ гэсэн үг. Монгол улсад аялал, жуулчлалд зориулсан агаарын тээврийн ганцхан орц байдаг.

Заавал улаанбаатар хотоор дайрч байж Хэнтий, Хөвсгөл аймаг руу явах болдог. Тэгэхээр агаарын тээврийн зардал өндөр болохоор жуулчид өөр орныг сонгодог. Тиймээс орон нутагт амрах гэж ирдэг жуулчдыг тухайн бүс нутагт буух боломжийг бүрдүүлэхээр болсон.

Улаанбаатар хотоос гадна Увс, Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Дорнод болон Хөвсгөл гэсэн зургаан аймагт агаарын тээврийн олон улсын нисэх буудлыг байгуулахаар төлөвлөсөн.

Үүнийг бүсчилсэн хөгжлийн бодлого гэж хэлж болно.

Үүнээс гадна, албан болон бизнес, нүүдлийн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр зуны гурван сар гэхгүйгээр бусад улиралд жуулчид хүлээн авах боломжтой болох юм.

Энэ мэтчилэн бодлогынхоо зорилтуудыг тодорхойлоод дараа жил үйлчилгээний чанарыг сайжруулан, аялал жуулчлалыг дэмжих жил болгоод улсын хэмжээнд үйлчилгээний стандартыг нэг түвшинд аваачихаар зорьж байна. Мөн аялал жуулчлалын маркетинг болон жуулчдын тоог нэмэх гэсэн чиглэлд анхаарч ажиллана.

Түүнчлэн, дэлхийн аялал жуулчлалын байгууллагын зүгээс Монгол Улсын цахим аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, олон улсын донор байгууллагуудын санхүүжилтийг татахад хамтран ажиллахаар болсон.

-Манай улсад ирж байгаа жуулчдын хамгийн ихээр сонирхдог зүйл нь юу юм бол?

-Монголд ирж байгаа жуулчдын дийлэнх 36 хувь нь байгаль, 28 хувь нь нүүдлийн соёл ахуй, бусад нь адал явдалт аялал жуулчлалын төрлийн хэлбэрүүдийг сонирхдог. Тухайлбал, ууланд аялах, шувуу үзэх, ангийн аялал гэх мэтчилэн төрөл хэлбэрүүд байна. үүнээс гадна, манай улсын түүх соёлын аялал жуулчлалыг ихээр сонирхдог.



-Та түрүүнд бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө хийж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Бүс бүр харьцангуй өөр байдаг. Хангайн бүс гэхэд илүү байгаль дээр түшиглэсэн. Тиймээс бүс болгонд бусдаас ялгарах бүтээгдэхүүн үйлчилгээ болоод очих газруудаа тодорхойлж байгаа юм.

Баруун аймгуудад гэхэд адал явдалт аялал жуулчлал зонхилж байна.

Бүс нутаг болгоныг онцлогтой байдлаар нь хөгжүүлж чадах юм бол давтан ирэх жуулчдын тоо нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхгүй бол Улаанбаатар хотод ирээд Хөвсгөл, говь ороод буцах юм бол бидэнд дахин санал болгох бүтээгдэхүүн байхгүй. Тиймээс баруун аймагт адал явдал үзүүлээд дараа нь зүүн аймагт ирэхэд түүхэн аялал жуулчлалаа үзүүлнэ. Хангайд очиход байгалийн аялал жуулчлал, говьд ирээд динозавр палентлогын олдвор үзэх ялгарлыг бий болгохыг зорьж байна. Заавал гадаадын гэлтгүй дотоодын жуулчдаа бас байнга Хөвсгөл яв гэхгүйгээр Увс, дараа жил Хэнтий явах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.