Төсвийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг бас л дэмжсэнгүй...

Twitter Print
2018 оны 11-р сар 23-нд 15:37 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр ихээхэн хэл амтай хутгалдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс “Та сайн дураараа ажлаа өгөөд, хууль хяналтын байгууллагуудын өмнө өөрөө яваад оч” гэсэн зэмлэл сонсож, гишүүдийнх нь 40 нь бойкот зарлан даргалсан хуралдаанд нь орж ирэхгүй байгаа М.Энхболд даргатай УИХ нь Аюулгүй байдал, гадаад бодлогын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Өргөдлийн, Төрийн байгуулалтын, Төсвийн, Хууль зүйн, Эдийн засгийн гэсэн 8 байнгын хороотойгоор үйл ажиллагаа явуулсан болж байгаа билээ.

Тэгвэл тун саяхан дээрх 8 Байнгын хорооны нэг Б.Чойжилсүрэн даргатай Төсвийн байнгын хороо 19 гишүүнийхээ 14-тэй нь буюу Б.Чойжилсүрэн, Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн, Ц.Мөнх-Оргил, Н.Амарзаяа, Н.Номтойбаяр, З.Нарантуяа, Д.Тогтохсүрэн,Ц.Нямдорж, Ч.Улаан, Ж.Мөнхбат, Ц.Даваасүрэн, Б.Баттөмөр гэсэн 73.7 хувийн ирцтэйгээр хуралдаж, Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 оны Улсын төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг авч хэлэлцээд өмнөх Хууль зүйн байнгын хорооны нэгэн адил “Дэмжихгүй” гэсэн олонхийн санал дэмжигдсэнээр өндөрлөв.

Өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгчийн 2019 оны Улсын төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг өмгөөлөн хамгаалахаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ганцаараа оролцсон тул эрх баригч МАН-ын Бүлгийн хэл ам ихтэй гишүүд болох Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Н.Номтобаяр, Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нарын тулган шаардлага, ширүүн асуулт, эсэргүүцэлтэй байнга тулгарсаар эцэстээ ийнхүү ялагдсанаар Байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн юм.

Энэхүү хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Монголын толгой баян Нямтайширын хүү Номтойбаяр нэлээн ширүүхэн үг хэлж байсны нэг нь “Сүүлийн үед УИХ-ын дарга М.Энхболд руу хийж байгаа дайралт хэрээс хэтэрлээ. Миний хувьд түүнийг Улаанбаатарын газраас дур мэдэн зарж, үрж байхыг ганц ч удаа хараагүй шүү” хэмээн “Оюун санааны эцэг”-ээ өмөөрч байсныг дурдах ёстой.

Харин Ц.Мөнх-Оргил гишүүн Ерөнхийлөгчийн 2019 оны Улсын төсвийн хуульд санал болгосон “Экспортын чиг баримжаатай, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсуулах  нэн шаардлагтай үйлдвэрүүдийг дэмжих 500 тэрбум төгрөгийг төсөвт тодотгол оруулах замаар шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасугай” гэснийг дэмжих горимын санал гаргасныг хуралд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнээр дээрх асуудлыг Засгийн газраар хэлэлцэх нь тодорхой болж байгаа юм.

Тэгвэл ойрын үед тун ч уур хилэнтэй, басхүү багагүй будлиан самуунтай л яваад байгаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мөнөөх л зангаараа 2019 оны Улсын төсөвт бүхэлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг тун ширүүн эсэргүүцэж, ширүүхэн үг хэлж байсныг нь Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн ч тун уриалгахан өлгөн авч, түүний ярих минутыг сунгаж өгөөд байсныг дурдах ёстой болов уу.

Ж.Мөнхбат гишүүний ууртай ширүүхэн үгсийн дунд “Тэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэдэг нөхөр санхүү төсвийн хөрөнгө оруулалтын талаар хачин жигтэйхэн олон юм л яриад яваа. Монгол Улсын Сангийн сайд хэмээх энэ чухал ихээхэн мэдлэг чадвар шаардсан ажилд Ч.Хүрэлбаатар мэтийн Англи хэл жаахан гадарладаг гэсэн нөхдийг тавьж байснаас жинхэнэ санхүүгийн мэдлэг, чадвартай, хариуцлага сахилгатай хүнийг сонгон тавьж болдоггүй юмуу. Би хувьдаа тэр Ч.Хүрэлбаатар гэгчийн үгэнд огтхон ч итгэдэггүй шүү” хэмээсэн хатуухан үгс хавчуулагдаж явсныг урдах ёстой.

Харин энэ хуралдааны үеэр ХХААХҮ-ийн шинэхэн сайдаар томилогдохоор Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны 16-ны өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжигдээд байгаа Ч.Улаан, МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын гишүүд арай аяс намдуухан, асуудлыг дэврүүлж, хурцдуулаагүй үг хэлж байсныг дурдах нь зөв санагдав.

Ийнхүү УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж, хуралдаанд оролцсон 14 гишүүний олонхий саналаар дэмжигдээгүй Ерөнхийлөгчийн 2019 оны Улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсан байнгын хороо хэрхэн дүгнэсэн талаар яг одоо гишүүдийнх нь тал нь буюу 44 хүнтэй хуралдаж байгаа УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн болж байна...    

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.