Монголын улстөрд тэмүүлэгч ХҮН-аас мэдээлэл хийв...

Twitter Print
2018 оны 11-р сар 21-нд 16:05 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд тун ч их хүч гарган оролцсон ч Монголын улстөрд орж ирж чадаагүй Хөдөлмөрийн Үндэсний намын дарга Б.Найдалаа нарын нөхөд дөнгөж саяхан мэдээлэл хийв. Тэд хийсэн мэдээлэлдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх та гурав гурвуулаа огцорч, Монголын улстөрөөс зайлаад өг” гэсэн нь нэлээн ширүүхэн тулгалт байв. 

Тус намын дарга Б.Найдалаа энэхүү мэдээллийг ерөнхийд нь даргалж мэдэгдэл хийхдээ “Монгол хүн бүр ууртай байна. Бидний итгэж найдаж сонгосон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, сайд нар бүгд Монгол Улсын төлөө ажилладаггүй. Монгол Улсыг, биднийг бодож байгаа хүн 76 дотор нэг ч алга. Бид үнэхээр ууртай байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮХС-гийн зээл авсан, өөрийн мэдлийн хүмүүст хариуцлага тооцож чадахгүй бол өөрөө огцрох хэрэгтэй. Хуулийн байгууллагаас ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийнх нь асуудлыг оруулж байхад эрхийг нь түдгэлзүүлэхгүй хаацайлж байгаа бол УИХ тарж, М.Энхболд өөрөө огцрох хэрэгтэй. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга ЖДҮХС-тай холбоотой баримт нь тодорхой байгаа. Дээр нь хүүгийнхээ хар тамхины хэргийг прокурорын байгууллагаас татаж авсан. Ийм тодорхой гэмт хэрэг, ёсзүйн асуудал байсаар байхад яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ.

Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар ямар ч ажиллагаагүй болжээ. Ард түмний нэр барьж өөрсдийн эрх ашиг, гэмт хэргээ хаацайлан тэмцэлдэж байна. Ямар ч үр дүнгүйгээр Монгол Улсын хөгжлийн зам, монгол хүний сайхан амьдрах боломжуудыг булааж авч байна. Ерөнхийлөгчөөсөө эхлээд бүгдээрээ эрхээсээ түдгэлзэж, огцрох хэрэгтэй” гэсэн юм.

Тэд мэдээллийнхээ эцэст “Манай намаас Монголын төрийг бусниулж байгаа хулгайч, дээрэмчдийн эсрэг хүчтэй тэмцлийг эхлүүлж байгаа. Тэгээд ч бид намынхаа вэб сайтад “Дэмжигчдийн хуудас”-ыг нээж Монголчуудаа уриалан дуудаж эхлээд байгаа” гэсэн юм.

Ямартай ч тэдний хувьд ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд тун ч идэвхтэй оролцож, Монголын улстөрд гарч ирээд дараагийн их хөрөнгөтнүүд, эрх мэдэл, сүр хүчээр далайлгагч нар болохыг тун ч хүчтэй мөрөөдөж, түүнийгээ ч ажил хэрэг болгохоор ханцуй шамлан дайрцгааж эхэлсэн нь ойлгомжтой болов.

Ялзарч, хулгайч луйварчдын үүр уурхай болсон Монголын улстөр ийнхүү дараагийнхаа үеийг бэлдэж эхэллээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.