Дүүгийн хайрын захидал /сургамжит өгүүллэг/

Twitter Print
2015 оны 04-р сар 23-нд 16:07 цагт
Мэдээний зураг,

Миний ихрийн өрөөсөн охин дүүг маань Ниша гэдэг. Ниша бид хоёр адилхан хүрэн шаргал бужгар үстэй, инээмсэглэх үед хацар маань хонхойдог, төрхгүй байдлыг илтгэх үл мэдэг шантгар хамартай, тунгалаг хөх нүдтэй гээд яриад байвал дүр төрхийн хувьд усны дусал мэт хэр баргийн хүн андуурам л даа.

Аав ээж маань бид хоёрыг дээд тэнгэрийн хайрласан хамгийн эрхэм нандин эрдэнэ хэмээн үзэж олонхи ихэр хүүхэдтэй эцэг эхчүүдийн адил ав адил хувцсаар ижилсүүлэн гоёдог юм. Гэхдээ ингэх нь миний хувьд хамгийн баларсан хэрэг болдог байв. Энэ хорвоо дээр өөртэй чинь ив ижилхэн хувцас хунар, үсний засалттай хүн гарч ирчихээд үргэлж өөрөөс чинь салахгүй хамт явдаг бол бусад хүмүүс хэн нь хэн болохыг ялгаж танихгүй бөөн яршигтай хэрэг болно гэдгийг та төвөггүй ойлгож байгаа биз дээ.

За энэ ч яах вэ гэж бодоход хамгийн гол нь миний охин дүү Ниша надтай царай зүс дүр төрхөөр ижлээс бусдаар бол тэс өөрт хэргийн учир байгаа юм. Тэр гөжүүд ааштай, дэггүй, шалгалт болгон дээр ангидаа араасаа удаалдаг төдийгүй өдий бага юм байж бүр эрэгтэй найзтай болоод амжсан гээд та бодоод үз дээ. Харин би бол хичээл сурлага, амьдралын хэвшлийн хувьд өөлөөд байх юмгүй сайн охин байгаа юм.

Нэг удаа баахан хүүхдүүд намайг явж байтал замд тааралдчихаад гараараа зааж чичлэн “Хөөе, та нар түүнийг харав уу? Нөгөө ангийн багшийнхаа өөдөөс хэдэрлэн цохиод авдаг Ниша гэдэг зартай охин чинь тэр шүү дээ” гэдэг байгаа. Би өөрийгөө Ниша биш, Сантос болохыг хамаг байдгаараа учирлан хэлсэн боловч тэд итгэхийг ч хүсээгүй юм.

Нэгэн орой нусгай юм байж архи үнэртүүлсэн нэг банди манай орцны үүдэн дээр намайг явуулахгүй ээрчихээд “Ниша чи яагаад надаас больчихоод тэр муу өөдгүй Торитой үерхэж байгаа юм бэ?” гээд байхаар нь би өөрийгөө Ниша биш болохыг хичнээн учирлаадч тэр итгээгүйгээр барахгүйн адаг сүүлд нь намайг бүр хорсолтой нь аргагүй алгадаад авч байгаа юм даа. Товчоор хэлбэл надтай тохиолдож байгаа золгүй хэрэг бүхэн бусад хүн намайг Нишатай эндүүрснээс болдог байв. Энэ бүхний улмаас би нас нэмэх тусмаа охин дүүгээ улам бүр үзэн ядах болж аль болох хурдан түүний бараан сүүдрээс холдох юмсан гэж боддог байлаа. Яагаад гэвэл Сантос би Нишагаас тэс өөр хүн болохоор тэр л дээ.

Би хүний нүдэнд төлөв даруухан харагдуулахаар биед эвлэг бошинз, үдээстэй шаахай өмсөж байя гэж ээжээсээ гуйдаг байв. “Цаад Ниша чинь угаас хурц тод өнгийн хувцсанд дуртай, тэгээд ч тэр үхэж байсан ч ширэн шаахай өмсөхгүй” гэж ээж маань амыг маань тагладаг байлаа. Энэ болгонд ээж маань цаагуураа Нишагийн талд ороод байгаа мэт санагдаж уур хилэн маань өөрийн эрхгүй дотроо багтаж ядна. Нэгэн удаа “Би яахаараа заавал Нишатай адилхан хувцаслах хэрэгтэй гэж вэ? Би түүнтэй адилхан хувцасладагтаа ичиж үхэх шахах юм” гэж бачимдан хашгирахад ээж маань цочсон байртай намайг харснаа нэлээд бодол болсны эцэст миний шаардлагыг биелүүлэхээр болсон билээ.

14 нас хүрдэг жилийн зун би анх удаа өөрийн хүссэнээр хувцаслаж Нишагийн муу нөлөөнөөс ангижирсан юм. Би Нишагаас ондоо харагдах юм шүү гэсэндээ тэгэхээс тэгэх гэсэн шиг хондлой шүргэсэн урт үсээ дал мөрөө хүртэл богиносгон тайрууллаа. Хоног хугацаа өнгөрөх тусам хүмүүс аяндаа биднийг ялган таних болж үсээ задгай тавьж хурц тод өнгийн хувцас өмссөн нь сурлага гэж авах юмгүй танхай охин Ниша, харин түүнийг бодвол богино тайрмал үстэй, ногоон өнгийн урт банзалтай охин бол “Таван онцын эзэн” Сантос гэдгийг андахаа байцгаав.

Ниша миний шинэ хувцаслалтыг харчихаад өөрийн эрхгүй түсхийтэл инээд алдаж “Шал мангар хувцаслах юм” гэж билээ. Харин би дотроо “Чамтай л андуурагдаж байхгүй бол би гуйлгачингийн төрхөнд хувирсан ч яадаг юм” гэж бодож байв.

16 нас хүрдэг жил би ангийнхаа нэг хүүд сайн болчихоод удтал бодсоны эцэст түүнд хайрын захидал бичихээр шийдлээ. Тэр бол амьдралдаа анх удаа өөр хүнд сэтгэл алдарч байгаа минь бөгөөд уртаас урт хайрын захиан дундаа таван настай үеийнхээ зургийг хавчуулж нэр усаа ч бичилгүй шуудангаар явуулчихав. Юмыг яаж мэдэх вэ, тэр зөвшөөрөөгүй хариу өгөх юм бол би бичсэн юм шүү гэдгээ нуух гэж ийм ядмагхан арга хэрэглэсэн хэрэг л дээ.

Тэр сэтгэлээ илчилсэний минь хариуг өгөлгүй таг чиг болчих вий гэдгээс хамгийн ихээр айж байв. Гэтэл дараачийн өдөр түүнээс ч долоон доор юм болсон нь юу гэвэл үд дундын их завсарлагын үеэр мань хүн том том алхлан самбарын өмнө гарч ирээд ангийнхны дунд миний хайрын захиаг өндөр дуугаар уншиж гардаг байгаа. Түүнийг захидал задлах үеэр захидалд хавчуулсан таван настай үеийн зураг маань газар унасныг эхний ширээний хүүхэд шүүрэн авав. Би таван настай үеийн зургаар маань тэд намайг бичсэн гэдгийг мэдэхгүй гэж аргаа барсан хариугүй бодлоор өөрийгөө хуурахчаа аядаж байтал нөгөө муу чинь цэгцтэй цэвэрхэн бичсэн хайрын захидлыг өндрөөс өндөрт өргөн нийтэд харуулсан нь намайг хаашаа ч гарах гарцгүй болгож орхив. Миний нэр төрөө эрхэмлэх сэтгэл агшин зуурын төдийд шороотой холилдох шиг болж болдогсон бол газрын гаваар шурган ормоор санагдаж байлаа.

Энэ үеэр ангийн хамгийн арын ширээнд сууж байсан Ниша ухасхийн босож ирээд самбарын өмнө очиж нөгөө өөдгүй амьтны гараас захидал зураг хоёрыг шүүрэн авч, тасхийтэл алгадаж орхих нь тэр. Дараа нь охин дүү маань бусдыг голоосоо үзэн ядах үедээ гаргадаг араншин нь болох эрхий хуруугаа гозойлгосоноо газар руу зааж, мөнөөх өөдгүй амьтанд хандан “Би чам шиг адгийн шаарыг далдуур хайрлаж явсаныхаа төлөө үнэн голоосоо ичиж байна” гээд хэлээд тавьчихав.

Нишагийн энэ богино хугацаанд хийсэн үйл хөдлөл бүхэн манай ангийнхныг ёстой нэг алмайруулж орхилоо. Бичиг гэж авах юмгүй мань хүнийг ийм цэвэр сайхан хайрын захидал бичнэ гэж хэн санах билээ дээ. Харин Ниша тэр бүхний хариуд огтхон ч цочирдсонгүй багшийн сандал дээр лагхийтэл суух зуур “Та бүхнээс нуух юу байх билээ, би арван фүнт стерлингээр өөрийн онц сурлагатан эгчийг хахуульдаж байгаад энэ захидлыг ийм гоё бичүүлсэн юм л даа. Эгч маань угаасаа би гэж бүтэлгүй амьтны ёсгүй шаардлагыг няцааж байсан удаа үгүй гэдгийг та бүхэн мэднэ” хэмээн хээв нэг зарлав. Түүнийг ийм үнэмшилтэй ярихыг хараад манай ангийнханд эргэлзсэн хүн ганц ч гарсангүй.

Ниша маань өөрийн ихрийн өрөөсөн эгчийнхээ түүнд учруулсан ичгүүрийг ийнхүү цээжээрээ хамгаалан өнгөрөөж байхад түүний эгч Сантост тийм зориг зүрх үгүй байлаа.

Харин би түмэнтэйеэ ичингүйрч доош тонгойх зуур надтай ив ижилхэн төрсөн мөнөөх зоримог охинд хандан сэтгэл зүрхнийхээ угаас “Энэ өдрөөс хойш би чамтай ав адилхан хувцаслаж, үсээ ижилхэн засуулж байя. Бидэн хоёрыг ижил төрхтэй болгож ихэр одонд төрүүлсэн дээд тэнгэр чамдаа баярлалаа. Ийм дүүтэйгээ хамт хүний амьдралын жаргал зовлон хосолсон он жилүүдийг туулахад юунаас айх билээ” хэмээн дотроо шивнэн суусан билээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.