“Арслан” Г.Доржсамбуу агсныг эргэн дурслаа...

Twitter Print
2018 оны 11-р сар 16-нд 17:12 цагт
Мэдээний зураг,

Монголын ард түмний зүрх сэтгэлд “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрээрээ эгнэгт мөнхрөн хоногшсон, нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны 70 насны ой ирэх жил болох бөгөөд түүнийг хамтран зүтгэгчид, шавь нар нь эргэн дурсаж, гэгээн сайхан дүр төрх, эгэл жирийн сайхан эр хүнийх нь энэ хорвоод үлдээсэн буян нүнжигийг нь олонд дэлгэн таниулах “Арслан” номын нээлт өнөөдөр Үндэсний төв номын сангийн гурван давхрын уншлагын танхимд болж өнгөрлөө.

Монголын ард түмэнд Арслангийн дүр, сүрлэг том бие хаа, нүүр дүүрэн цацруулдаг хүнгэнэсэн инээдээрээ эгнэгт мөнхөрсөн Г.Доржсамбуу найруулагч 1949 оны гуравдугаар сарын 22-нд Улаанбаатар хотод Д.Жамъянгийн хүү болон мэндэлж, зураач Арнайн Гүрсэд хэмээх айлд үрчлэгдсэн гэдэг. Бага насаа уран бүтээлийн жаргал зовлон хосолсон орчинд өнгөрөөсөн нь түүнийг ирээдүйн мэргэжлээ сонгож, өөрийн гэсэн үзэл бодолтой болон төлөвшихөд ихээхэн нөлөөлсөн түүхтэй юм билээ.

1966 онд театрт хөл тавьж, дагалдан жүжигчнээр ажиллаж байгаад цэргийн алба хаахаар морджээ. Цэргээс халагдсаны дараа ажилдаа эргэн орж, 1971 оны дөрөвдүгээр сарын 19-нд УДЭТ-ын үндсэн жүжигчин болж, уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн гэдгийг Монголын драмын театрын жүжигчдээс хамгийн ахмад нь болж, 78 нас сүүдэр зооглоод байгаа МУГЖ З.Жарантав гуай “Арслан” номын нээлт дээр сэтгэлийнхээ дурсамжийг өгүүлэхдээ хэлнэ лээ.

Ингээд “Арслан” маань 1973 онд Д.Мягмарын “Нандин эрдэнэ” жүжгийн Жанцан, 1974 онд Армяны зохиолч А.Папаяны “Цаг өөр болжээ” жүжгийн Эдуард, 1975 онд төрийн шагналт, зохиолч Ч.Чимидийн “Маш нууц” жүжгийн Жамьяндоод тоглосноор “За драмын театр нэг сүрхий том биетэй ч айхтар чадалтай жүжигчинтэй болжээ” гэсэн бишрэн дэмжигчдийнх нь яриа дэлгэрсэн гэдэг.

Удалгүй “Энэ том биет ер нь жүжигчин ч биш, яваандаа сайн найруулагч болох бүх талын авъяастай нөхөр байна” гэсэн үнэлэлтийг тухайн үеийн театрын удирдлагууд, мэргэжил нэгтнүүдээсээ олонтаа авч байсныхаа хүчинд тухайн үеийн ЗХУ-ын Украйн улсын Киев хотын Театрын дээд сургуульд суралцаж төгссөн байдаг. Сургуулиа төгсч ирээд тухайн үеийн УБДС-ийн Кино драмын ангид багшлан олон арван авьяаслаг шавь нарыг бэлтгэн гаргасан байдаг. Түүний гарын шавь нараас өнөөдрийн Драмын Эрдмийн театрын захирал МУУГЗ Д.Цэрэнсамбуу, Ч.Ганхуяг, Н.Пүрэвдорж нарын зэрэг театрын урлагийн томчууд, С.Лхагвасүрэн, Ж.Алтанцэцэг нарын зэрэг гавьяат жүжигчид төрөн гарсан бөгөөд хичээл заалгасан болон удирдлагад нь ажиллаж байсан жүжигчдээс Ж.Сүххуяг, Ц.Төмөрхуяг, Л.Дэмидбаатар нарын олон алдартнууд төрөн гарсан байдаг. Тийм ч болохоор хүндэт, хайртай багшийнхаа дурсамжийн "Арслан" номын нээлтэд бие жаахан барагтайхан ч МУГЖ Ж.Сүххуяг ч хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлнэ лээ.

Өнөөдөр тоост хорвоод амьд мэнд байсан бол Монголын театрын урлагийг арай л өөр түвшинд барьж байх байсан их авъяастан, эгэл жирийн тэр хүн 1980-1990-ээд онуудад Монголын театрын урлагийн гол багана нь болж УДЭТ-ын Ерөнхий найруулагчаар ажиллаж байв. Энэ үедээ "Найрын ширээний ууц", "Нора", "Нийгмийн санаа", "Туйлшрал", "Альбин", "Цусан тахилга", "Өрлөг жанжны өчил" зэрэг олон арван жүжиг, "Найрын ширээний ууц", "Монголын гурван өдөр" уран сайхны кино найруулсан юм. Мөн тэрээр “Говийн зэрэглээ”, “Гарын таван хуруу”, “Ирэх хаврын цэцэг” зэрэг уран сайхны кинонуудад бүтээсэн дүрээрээ дэлгэцнээ мөнхөрч, Монголын ард түмний зүрх сэтгэлд одоо ч тодхон бадамласаар л байдаг билээ.

Тухайн үедээ Монголын театрын гол гол найруулагчид болох Г.Доржсамбуу агсан, өнөөдрийн Ардын жүжигчин Б.Мөнхдорж, Дарханы театраас гараагаа эхлүүлсэн Н.Нямдаваа гурав авъяас онгод нь оволзож, ур чадвараараа ч жинхэнэ өрсөлдөгчид байсныг өнөөдөр олон хүн дурссан. 

Өнөөдрийн номын нээлтэд олон хүмүүс “Г.Доржсамбуу найруулагч, багш, найз маань үнэхээр энгийн, жаахан хэнэггүйдүү, хүүхдэд жигтэйхэн хайртай, хэний ч хүүхдэд халаасандаа байгаа бүх л мөнгөөрөө чихэр жимс авч өгчихөөд автобусны мөнгөгүй алхаад явчихдаг хүн байсан. Гэхдээ замын хажуугаар том биеэ ганхуулан хэнэггүйхэн алхаж байхад нь араас нь ирсэн жолооч болгон таньж, "Хүүе та чинь Арслан байна шүү дээ, та суу суу" хэмээн машиндаа урин суулгангуутаа хүргэж өгөөд буухад нь “Арслангаасаа ганц ч төгрөг авахгүй. Таныг хэзээд хүргэж өгөхөд бэлэн шүү” гээд инээлдээд л давхиж оддог байсан” хэмээн дурссан юм.

Өнөөдрийн “Арслан” номын нээлтийн гол хүн нь түүний насных нь хань, хоёр хүү, ганц охиных нь ээж Буриадын гавъяат жүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан тухайн үедээ драмын театрын хамаг л гол дүрүүдийг бүтээж явсан авъяаслаг жүжигчин Ц.Цолмон байлаа. Ханиа хүний амьдралын ид үе болох 45-хан насандаа буюу 1994 оны наймдугаар сарын 2-нд бурханы харъяат болсоныг дурсахдаа тэрбээр нулимс унагаж харагдсан. Өнөөдөр хоёр хүү нь аавынхаа үргэлжлэл болж яваа бол аавыгаа тэнгэрт халихад 23 настай байсан охин нь өнөөдөр 47 настай болж, ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа гэлээ.

Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран “Анд нөхрөө эргэн дурсахад гунигтай хэрнээ сэтгэлд дулаахан сайхан байна. Тэр маань даанч залуугаараа биднийгээ орхисон нь нэн харамсалтай. Хэрвээ Доржоо маань өнөөдөр амьд байсан бол ёстой л шуугиулж явах их авъяасын ундарга, эгэлгүй сайхан эр хүн байсансан. Тэр маань Ц.Цолмонд жигтэйхэн дурлаад тэгээд эргэлт буцалтгүй гүйж байгаад ханилан сууж, богинохон ч гэсэн хүний дээд хань байж, энэ хоёр маань сайхан л амьдрал туулсан. Харин Доржоо маань тэнгэрт гарсны дараа Ц.Цолмон маань нэг хэсэг огт өөр хүн болж, өөрийгөө таг мартаж, бараг л хөсөр хаячихаж билээ. Тэгээд Доржоогийн маань шавь нар нь, анд нөхөд нь Ц.Цолмондоо захиж хэлж байж эргүүлээд л сэхээ оруулж, хөл дээр нь босгоод авч байж билээ” хэмээн халуун сэтгэлээ илэрхийлсэн юм.

Дашрамд дурдахад Г.Доржсамбуу хэмээх энэ том биетэй, том ч урлагтай эрхэм хүнийг дурссан "Арслан" номыг туурвин бүтээхэд өнөөдөр Японд амьдардаг Х.Эрдэнэцэцэг хэмээх бүсгүй хүч чармайлт, оюун сэтгэлээ зориулсан гэдгийг дурдах ёстойгоос гадна Г.Доржсамбуу агсны ойр дотны хүмүүс, хамтран зүтгэгчид, шавь нар болох 140 гаруй хүнээс яриа дурсамжийг нь авч, хоёр жилийн хугацаанд энэхүү номыг бүтээсэн зохиогч нь болох чөлөөт уран бүтээлч, сэтгүүлч  Н.Туяа, "Ардын эрх" сонины албаны даргаар ажиллаж байсан сэтгүүлч Г.Сонинбаяр болон Д.Амар, Ц.Дэнсмаа, М.Цэцэгмаа, Р.Алтайсайхан, Р.Батпүрэв, Б.Эрхэм-Үжин, номын дизайнер Ж.Батбаатар нарын хөдөлмөр зүтгэлийг ч дурдах нь зүйтэй болов уу.

Харин энэхүү номыг хэвлэлийн "Мөнхийн үсэг" ХХК өнгө зүс сайтай, зураг чимэглэл тун боломжийн хэвлэн гаргасан байна лээ.  

Ямартай ч Монголын теарт урлагын нэрт зүтгэлтэн ард түмэндээ “Говийн зэрэглээ”-гийн Арслан дүрээрээ мөнхрөн үлдсэн найруулагч Г.Доржсамбуу агсныг дурсан санасан, ирэх жил тохиох 70 насных нь ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцаж эхэлсэн “Арслан” номын нээлт сэтгэл хөдлөм, ижилгүй сайхан дурсамж дүүрэн болж өндөрлөв.

Сайхан дурсамж бүхэн сэтгэл сэргээж, гэгээн тунгалаг бүхнийг эргүүлэн сануулах юм даа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.