“Бишрэлт”-ийн эзэн Б.Ундармаа 7.6 тэрбум төгрөгийг хааш нь хийсэн бэ...

Twitter Print
2018 оны 11-р сар 14-нд 12:36 цагт
Мэдээний зураг,

Уг нь энэ УИХ гэдэг “Хууль тогтоогчид” чинь анх 76-уулаа байсан нь саяхан сан. Гэтэл энэ 76 товаришын нэг, Хэнтийн 42-р тойргоос ялалт байгуулан УИХ-д орж ирсэн Д.Гантулга нь 2017 оны зургаадугаар сарын 11-нд иргэн Ч.Наранзаяа гэгчийг хүчиндсэн хэрэгт холбогдон УИХ-ын гишүүнээс хасагдсан билээ.

Тэгээд өнөөдөр 75-уулаа хэрүүл, тэмцэлтэй бужигналдаж байгаа эдгээр “Хууль тогтоогч” нарын дундаас Монголын эгэл жирийн иргэд болох ЖДҮ-ийг яаж ийгээд   хөгжүүлчих санаатай, тэгснээрээ экспортыг орлох их хэмжээний үйлдвэрлэл явуулах гээд чадахгүй, арга мухардсан хэдэн мянган хүмүүсийн  яаж ч хүсч, хөөцөлдөөд авч чаддаггүй ЖДҮХС-ын зээлийг хэдэн зуун тэрбумаар нь өөрсдийн болгосон олон этгээд тодрон гарч, жирийн иргэдийг байж ядтал нь бухимдуулж байгаа. Тэдгээр олон луйварчин, дээрэмчдийн дундаас хамгийн эхлээд ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзориг гэгч нөхөр л улстөрийн хариуцлагаа хүлээн өөрөө хүсэлт гаргаж сайдынхаа суудлаас ховхроод байгааг Монголчууд харцгаасан. Тэгээд ч түүний жишгээр УИХ-ын гишүүн, буурал генерал Жадамбаагийн хүү бас л буурал Ж.Энхбаяр ЖДҮХС-аас авсан 950 сая төгрөгөө “Хас” банкнаас зээл авч төлж барагдуулчихаад ард иргэдээсээ уучлал гуйж харагдсан.

Ж.Энхбаярын араас Их засаг Их сургуулийн эзэн Ням-Осорын хүү Н.Учрал бас л ЖДҮХС-аас салгаж авсан мөнгөө төлөх шиг болно лээ. Түүний араас УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүү С.Батерөөл 80 хувийг нь эзэмшдэг “Рэд Стар Клуб” ХХК нь зээлсэн мөнгөө төлсөн болов уу.

Уг нь бол Монголын нийгэмд дундаж давхаргыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлж, хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгох зорилгоор УИХ-аас 2016 онд 56.7 тэрбум төгрөг, 2017 онд  50.6 тэрбум төгрөг, 2018 онд 65 тэрбум төгрөгийг тус тус Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд улсын төсвөөс төсөвлөж өгсөн юм билээ. Харин өнгөрсөн хугацаанд ЖДҮХС-ийн үйл ажиллагаа ил тод бус, төсөл сонгон шалгаруулагчид нууцлагдмал байсан нь энэ зээл эздэдээ хүрдэггүй байсны хамгийн тодорхой нотолгоо гээд ойлгочиход буруудахгүй. Хамгийн сүүлд тодорхой болсон баримтаар ЖДҮХС-ийн зээлд хамрагдахаар 1034 аж ахуй нэгж хүсэлтээ гаргасан ч 134 Аж ахуйн нэгжид нь л зээл олгосон нь тодорхой болсон. Үүний 122 Аж ахуйн нэгж нь УИХ болон Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүсийн компани байсан нь илэрхий болчихсон.

Харамсалтай нь ЖДҮ-ийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх гэж өдөр шөнөгүй зүтгэж, унаж босч яваа Монголын жирийн иргэд ЖДҮХС-ийн зээлийг хөөцөлдөөд бараг л ихэнх нь огт бүтэхгүй, хэдэн сар, жилээр хохирсоор суугаа нь яалт ч үгүй өнөөдрийн эмгэнэл болчихоод байгаа юм.

Тэгтэл УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг эхнэрийн мэдлийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбумыг, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар 1.2 тэрбумыг,  гишүүн Г.Солтан 950 саяыг, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мөн 950 саяыг, Х.Энхбаяр мөн л 950 саяыг за тэгээд А.Сүхбат, Н.Оюундарь, Н.Учрал, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Б.Ундармаа гээд маш олон гишүүн ЖДҮХС-ийн зээлтэй холбогдсон нь тодорхой болсон.  

Ингэхээр ЖДҮХС-гийн 65 тэрбумын 4.5 тэрбум нь  УИХ-ын дөрөвхөн гишүүнд оччихсон байгаа юм. Цаашлаад дэд сайд Ш.Лхамсүрэн, Д.Дорлигжавын дүү, Ерөнхийлөгч Х.Баттулгын дүү Х.Баттуул зэрэг хүмүүсийн нэрс ч ил болчихсон л байсан. Ер нь бол энэ удаагийн УИХ-ын 75 гишүүний 50 гаруй нь ЖДҮХС-ийн зээлд хамрагдчихсан гэдгийг ч сөрөг хүчнийхэн мэдэгдэж л байсан. Мэдээж 2012-2016 онд эрх баригч байсан өнөөдрийн сөрөг хүчин АН-ынхны хувьд ч өөрсдөө тийм ч ариухан, цэвэр гартангууд биш гэдэг нь Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан УИХ дахь АН-ын Бүлгийн дарга Д.Эрдэнэбат өөрөө ЖДҮХС-ийн мөнгөнөөс хэдэн тэрбумийг бусдад зээлүүлээд өгч байсан баримтаар ил болчихсон.

Гэтэл энэ бүхнээс ч илүү гэм, нүгэл тарьсан, хөрөнгө мөнгөний асар их сонирхол, шуналтай нэгэн эмэгтэй энэ УИХ-ын гишүүд дундаас тодорсон нь “Бишрэлт” групп болон “Капитал” банкны эзэн Б.Ундармаа гэгч болох нь тодорхойлогдож Улаанбаатарчууд байтугай нийт Монголчуудыг гайхшруулан дуу алдуулж эхлээд байна.

Тухайлбал энэ баян авгай өөрийн эзэмшлийн “Капитал” банкаараа Монголын төрийн 300 гаруй тэрбум төгрөгийг дамжуулан зарцуулсан нь тодорхой болоод байгаа юм. Энэ их мөнгө нь чухам аль сангийн мөнгөнүүд байсныг тодруулвал Эрүүл мэндийн даатгалын сангийн 131 тэрбум, Нийгмийн даатгалын сангийн 109 тэрбум, ЖДҮХС-ийн 51 тэрбум, “Жайка”-гийн хоёр үе шаттай ЖДҮ-ийн 12 тэрбум төгрөгийн зээл зэрэг мөнгийг өөрийнхөө “Капитал” банкаар дамжуулан зарцуулчихсан байгаа юм.

Гэтэл энэ баян авгай 2017 оны ХОМ-тээ “Миний өөрийн үл хөдлөх болон нийт хөрөнгийн хэмжээ нь 128 тэрбум төгрөг” хэмээн ичих ч үгүй мэдүүлсэн байдаг. Тэгтэл тийм баян мөртлөө л огтхон ч айж эмээж, далдирч буцалгүй өөрийнхөө “Капитал” банкаар Монголын төрийн мэдлийн тэрхүү 300 гаруй тэрбум төгрөгийг захиран зарцуулж, ёстой л нэг “Дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэх” шиг л болсон байхыг та бүхэн дээрх баримтаас мэдэрсэн болов уу.

Гэхдээ энэ баян УИХ-ын гишүүн өнөөдөр ч ЖДҮХС-д төлөх ёстой 40 гаруй  тэрбум төгрөгөө төлөөгүй л яваад байгаа дуулдсан. Ингэхэд хувьдаа 128 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон бусад хөрөнгө орлоготой энэ баян авгай яахаараа Монголын төрийн мэдлийн 300 гаруй тэрбум төгрөгөнд эзэн суучих шахан өөрийнхөө эзэмшлийн “Капитал” банкаар дамжуулан зарцуулж байдаг хэрэг вэ. Үүнийг нөгөө сүрхий АТГ, за тэгээд Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан яагаад өнөөдрийг хүртэл шалган нотолж, гэм бурууг нь тогтоодоггүй хэрэг юм бол. Энэ бүхнийг эргэцүүлэн бодохоор өнөөдөр чинь ямар жигтэйхэн, баян ядуу, эрх мэдлийн ялгаа зааг нь дээд цэгтээ тулсан хачин гайхалтай нийгэмд Монголчууд бид амьдраад байгаа юмуу , амьдрах гэж оролдоод ч байгаа юмсан уу...

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.