С.Дамбий: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай 2011 оны хуулийг өөрчлөн шинэчлэх цаг нь болчихсон...

Twitter Print
2018 оны 11-р сар 12-нд 11:21 цагт
Мэдээний зураг,

ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын Хэлтсийн дарга С.Дамбийг төрийн ордонд яамныхаа сайд С.Чинзоригтой уулзахаар ч юмуу, аль эсвэл удахгүй УИХ-аар хэлэлцэгдэн батлагдахаар зэхэж байгаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар УИХ-ын гишүүдтэй ярилцахаар явж байхад нь таарч дараах ярилцлагыг авсан юм.

Ер нь өнөөдрийн байдлаар Монголд ядуурал, ажилгүйдэл ихээхэн газар авч, ард иргэд маань ч тэр талаар багагүй сэтгэл зовлонтой явцгаадаг нь нууц биш зүйл билээ. Тэгэхээр ард иргэдээ ажилтай, орлоготой байлгахад голлох үүрэг гүйцэтгэх учиртай ХНХЯ-ны зүгээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг шинэчилж, үүрэг ойролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр энэ хуулийн төсөл дээр нэлээн сайн ажиллаж байгаа бололтой юм. Ингээд тэр талаар ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын Хэлтсийн дарга С.Дамбийн яриаг болгооно уу.

-Ер нь ХНХЯ-ны зүгээс яагаад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг шинэчлэх ёстой гэдэг байр сууринд хүрсэн талаарх асуултаар ярилцлагаа эхлэх үү?

-За тэгэхээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай энэ хууль нь 2001 онд батлагдаж байсан л даа. Энэ хуулийн гол зорилго нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлсэн маш чухал хууль байгаа юм. Ер нь 2001 оноос өмнө бол энэхүү эрх зүйн үндэс бүрдээгүй байсан учраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн төрийн бодлого, байгууллагууд нь яг ямар байх ёстой гэдэг асуудлууд нь  бүрхэг байсан л даа. Тэгээд яг ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулах ёстой вэ гэдэг нь ч ихээхэн бүрхэг байсан юм. Тэгээд ч тэрхүү үйл ажиллагаануудыг зохион байгуулах хөрөнгө мөнгийг хаанаас гаргах вэ зэрэг асуудлууд тун бүрхэг байсныг хэлэх ёстой. Тухайн үеийн үзэмж шийдвэрээр л асуудлуудыг шийдвэрлэдэг байсан. Харин 2001 онд энэ хууль гарснаар Хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу яам байх ёстой, аймаг бүрт энэ асуудлыг хариуцсан төрийн байгууллагууд байх ёстой, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны гол бодлогын зарчим, стратегийг зөвхөн төр биш, эзэд, үйлдвэрчний холбоодтойгоо хамтарч, нийгмийн түншлэлийн хэмжээнд харилцан санал солилцсоны үндсэн дээр шийдвэр гаргадаг ийм бүтэц байх ёстой гэж дүгнэсэн юм. Тэгэхдээ эдгээр үйл ажиллагаануудын нийт зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас  санхүүжүүлж явуулна гээд, энэ бүх асуудлуудыг цогцоор нь энэ хууль шийдвэрлэж өгснийг дурдах ёстой.

Мөн энэ хууль гарахтай зэрэгцээд гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтнүүд авах тухай хууль бас батлагдаж байсан юм. Ингэхээр энэ хоёр хууль нь ижилхэн концевцитой, нэг нь бол “Хэрвээ гадаад хүн Монголд ирж ажиллавал, ажлын байрны төлбөр төлөх ёстой. Тэрхүү төлбөрийн мөнгө нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд орж, Монгол хүнийг ажилтай, орлоготой болгоход зарцуулагдах ёстой” гэсэн утгатай хууль байсан. Тэгээд энэ хууль маань 2011 онд бас шинэчилсэн найруулгатай болж, өөрчлөгдөж байсан юм. За тэгээд 2011 оноос өнөөдрийг хүртэл хэрэгжиж явж байгаад, одоо бид нар энэхүү шинэчилсэн найруулгыг хийхээр ажиллаж байгаа юм.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд 2012-2017 оны хооронд давхардсан тоогоор 500 гаруй мянган иргэн хамрагдаж, үүнээс 300 мянга гаруй байнгын болон түр ажлын байр бий болсон гэж байсан. Гэхдээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг судлаачид дүгнэхдээ 2011 оноос хойш шинэчилсэн найруулгын үзэл баримтлалаар дэвшүүлсэн зорилгоо хангалттай биелүүлээгүй, Хөдөлмөрийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг үр дүн гараагүй гэсэн байдаг л даа. Энэ талаар өөрөө ямар бодолтой явдаг бол?

-Тэгэхээр гол үндэслэл нь хууль эрх зүйнхээ хувьд аваад үзвэл 2011 онд шинэчилсэн найрууллага хийгдсэнээс хойш буюу 2015 онд Монгол Улс Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын хоёр конвенцид нэгдэж орсон байдаг л даа. Энэ нь бол Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай, Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагуудын тухай гэсэн хоёр конвенци юм л даа. Тэгэхээр Олон улсын ийм конвенцид нэгдэж орно гэдэг маань тэрхүү конвенцийнхоо бүх л зүйл заалтыг Монгол Улс дагаж мөрдөх ёстой гэсэн үг л дээ. Энэ нь бол Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай, Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагуудын тухай гэсэн хоёр конвенци гэдгийг сайтар ойлгох шаардлагатай болсон л доо. Тэгэхээр бид нар эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд хуулиуддаа өөрчлөлт оруулах замаар хэрэгжүүлэх ёстой болдог. Ингэхээр нь энэ нь хууль эрх зүйн хувьд хууль батлагдсанаас хойш элсэж орсон дээрх конвенцид нийцүүлж өөрчлөх шаардлага нэгдүгээрт үүссэн гэж болно. Хоёрдугаарт Монгол Улсын Засгийн газар Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн маш олон зорилтуудыг 2016 онд дэвшүүлсэн л дээ. Үүнтэй холбоотойгоор хууль эрх зүйн орчныг нь өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсон юм. За практик үндэслэл шаардлагыг нь аваад үзвэл 2011 онд энэ хуулийн шинэчилсэн найрууллага батлагдсанаас хойш мэргэжлийн судалгааны байгууллагууд болон судлаач нар нэлээн олон судалгааны ажил хийсэн байдаг. Түүндээ энэ хуулийн хэрэгжилт ямархуу түвшинд байна, хуулийн хүрээнд ямар тодорхой үр дүн гарсан байна гэдэг дээр мэргжлийн түвшинд судалгаанууд хийгдсэн байдаг. Тэгээд тэрхүү судалгаануудыг багцлаад, ерөнхий дүгнэлтийг нь хараад үзвэл 2011 онд шинэчилсэн найрууллага хийсэн үеийнхээ зорилтыг хангалттай сайн биелүүлж чадаагүй байна гэсэн дүгнэлтүүд гарсан байдаг юм.

Бид нар энэхүү судалгааны дүгнэлтүүдийг үндэслэл болгоод энэхүү ажлаа сайжруулах, эрчимжүүлэх чиглэлээр ажиллах ёстой болсон. Үүнийхээ ч дагуу энэ хуулийнхаа шинэчлэлийн хүрээнд зарим зүйлүүдийг өөрчлөхөөр ажиллаж байгаа болно.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд багтсан чухал асуудлуудын нэг нь яах аргагүй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлоготой холбоотой асуудал гэдэг нь ойлгомжтой зүйл. Тус санд 2012 онд 53.5, 2013 онд 47.1, 2014 онд 53.2, 2015 онд 36.4, 2016 онд 32.1, 2017 онд 29.7 тэрбум төгрөгийг тус тус гадаадаас авах ажиллах хүчин, мэргэжилтнүүдийн ажлын байрны төлбөрөөс төвлөрүүлж байсан байдаг. Тэгэхээр хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой нэлээн өөрчлөлт байгаа гэсэн. Тэгэхээр одоо хэрэгжиж байгаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хүрээнд явж байгаа төслүүдээ хэрхэн яаж санхүүжүүлэх юм бол, тэрхүү журам процессын талаар ярихгүй юу?    

-Тэгэхээр Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, үйл ажиллагаанд нь зарцуулах журмыг нь батлан гаргадаг л даа. Энэ журмынх нь хүрээнд бид нар хуулинд заасан заалттайгаа нийцүүлээд дээрх журмын хүрээнд нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн үйл ажиллагаа, үйлчилгээнүүдийнхээ зардлыг гарган санхүүжүүлээд явдаг. Энэхүү Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан бол зөвхөн зээл өгдөг зэрэг сан биш л дээ. Энэ нь цэвэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээнүүдийг санхүүжүүлдэг юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаанд хамрагдаж байгаа зорилтот хүмүүс нь хэн бэ гэвэл нэгдүгээрт ажилгүй, орлогогүй иргэд байдаг л даа. Ер нь манай сангийн гол зорилго нь ажилгүй, орлогогүй иргэдэд зориулж үйл ажиллагаагаа явуулж, тэр хэрээр ч үйлчилгээнийхээ зардлыг гаргаад явдаг.

За Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийг бид нар өөрчлөн шинэчлэх гээд байгаа гол зорилго, шалтгаан нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хаанаас яаж бүрдүүлэх вэ гэдэг асуудал байгаа юм л даа. Тэгэхээр одоогийн нөхцөлд бол бид нар Гадаад ажилчдын ажлын байрны төлбөрөөс л энэ хөрөнгө үндсэндээ бүрддэг юм л даа. За энэ хөрөнгөөр бол манай улсад 2012-2013 оны үед барилгын салбарт нэлээн гайгүй хөрөнгө оруулалтууд хийгдэж байсан л даа. Тийм болохоор тэр үед гадаадаас ажиллах хүчийг ихээр оруулан ирж байсан байдаг. Тийм болохоор тэр үед жишээлбэл гадаад ажилчдын ажлын байрны төлбөр нь энэ санд маш ихээр орж ирж байсан байдаг. Гэтэл одоо бол нөхцөл байдал их өөр болчихсон л доо. Тухайлбал Монгол Улсын Засгийн газар гадаад ажилчдын тоог 50 хувиар бууруулах чиглэлд дорвитой шийдвэр гаргаад ажиллаж байгаа шүү дээ.

Тэгэхээр энэ зорилт нь манай Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлого, өнөөгийн нөхцөл байдалтай агуулгаараа ч өөр болсон юм. Тэгэхээр бид нарын зүгээс одоо хуулийнхаа шинэчлэлийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан бол дан ганц гадаад ажилчдын ажлын байрны төлбөрөөс хамааралтай биш, Улсын төсвөөс ерөнхийд нь санхүүжүүлдэг сан байх ёстой гэдэг асуудлыг хуулиндаа тодорхой тусгаж өгөхийг хичээж байгаа юм.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд илүүтэй анхаарсан өөрчлөлтүүд орно гэж байсан. Энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу?   

-Тэгэхээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөдөлмөр эрхлэлт гэдэг асуудал бол цаанаасаа маш эмзэг асуудал байдаг л даа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг бол өөрөө өөрийгөө аваад ажилтай, орлоготой болоод явна гэхэд ихээхэн хүндрэлтэй бүлгийн хүмүүс байдаг л даа. Зах зээл өндөр хөгжсөн орнуудад бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талд маш их хэмжээний хөрөнгө мөнгө хаяж, дэмжлэг үзүүлэн ажилладаг тогтолцоотой байдаг. Харин манай орны хувьд бол эдийн засгийн нөхцөл байдал, зах зээл зэрэгтэйгээ хамааруулаад тэр болгон өндөр санхүүжилт, дэмжлэгийг өгч чадахгүй хэмжээнд байгаа л даа. Гэхдээ бид нар энэхүү хуулийнхаа хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг онцгойлон анхаарах тухай асуудлыг тусгаж өгөхөөр ажиллаж байгаа юм. Өмнө нь буюу одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг бол “Ажил олоход хүндрэтэй иргэн” гэсэн тодорхойлолтод хамаарагдаад явж байгаа л даа. Тэгээд яг энэ иргэнд зориулж юу хийх вэ гэдэг тодорхой заалтууд байгаагүй л дээ. Тэгэхээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчид урамшуулал олгоно гэсэн заалт л байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зээл, дэмжлэг үзүүлнэ гэсэн ерөнхий байдлаар байсан. Харин одоо бид нар бол энэ асуудлыг нэлээн сайн тодруулан оруулж өгөхөөр ажиллаж байна. Энэ ч утгаараа бид нар энэ хуулиндаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн бүр нэг бүлгийг тусгайлан гаргахаар ажиллаж байгаа юм. Бид энэхүү бүлэг дотроо ямар зүйл, заалтууд оруулах вэ гэдэг тусгай Ажлын дэд хэсэг байгуулснаар асуудлыг үндсэндээ шийдэх тал руугаа явж байгаа гэж ойлгож болно. Энэ бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-уудын төлөөлөл, иргэдийн төлөөлөл бүхий 18 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын дэд хэсгийг байгуулсан юм. Зөвхөн энэ Ажлын хэсэг ч гэлтгүй энэ асуудалд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд саналаа ирүүлэх нь нээлттэй байгаа. Ажлын хэсэг дээрээ бид нар энэ бүлэг дотроо ямар зүйл заалт оруулах вэ гэдгээ хэд хэдэн удаа вакумжиж хуралдаад, энд оруулах зүйлсээ гаргаад ирчихсэн байгаа. Хуулиндаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр юу юу тусгах вэ гэхээр ер нь эдгээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд жуучлахад зориулсан тусгай үйлчилгээ байх ёстой гэсэн асуудлыг сайн тусгаж оруулахаар болж байгаа. Энэ нь ямар учиртай гэхээр манай хөдөлмөрийн байгууллагууд дээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэд яваад очиход тэр хүн хэрвээ харааны бэрхшээлтэй байвал хөтөч хэрэгтэй болдог л доо. Тэгэхээр тэнд нь ажиллах тэрхүү хөтөчийн үйл ажиллагаа, хөл, нуруу нугасны гэмтэлтэй хүн бас л ажил олгогчидтой уулзахад нь дэмжлэг үзүүлэх тусгай үйлчилгээ байх ёстой гэсэн асуудлыг дэвшүүлэн оруулсан байгаа.

Бас Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувиараа хөдөлмөр эрхлэх гэж байгаа тохиолдолд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэсэн асуудлыг энэхүү хуулиндаа тодорхой оруулан өгч байгаа.

-Миний санаж байгаагаар энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр та бүхэн Баянгол дүүрэгт “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” байгуулж байсан байх аа?

-Тийм шүү. 2018 оны хоёрдугаар сарын 26-нд Нийслэлийн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэд "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв"-ийг байгуулж, нээлтийг нь тус дүүргийн Засаг дарга С.Одонтуяа даргатай хамт хийж байсан юм. Тэрхүү нээлтийн ажиллагаанд  Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг, Швейцарын хөгжлийн агентлаг, Хамтын ажиллагааны дэд захирал Илариа Дали, Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Мэндбаяр, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн захирал Т.Энхтуяа болон албаны бусад хүмүүс оролцож байсан санагдаж байна. Ер нь иймэрхүү үйл ажиллагааг хойшид ч олшруулж, залуучуудаа ажлын байраар хангах үйл ажиллагааг эрчимжүүлэх бодолтой байгаа.

-За та бүхний шинэчлэн боловсруулж байгаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд дээрх өөрчлөлтүүд орж байгаа бол Ахмад настнуудын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд ямар өөрчлөлтүүд орж байгаа бол?

-За Ахмад настнуудын Хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг бол Монгол Улс зайлшгүй харж, ярих шаардлага бий болчихсон  л доо. Учир нь манай улсын хүн амын нэлээн хэсэг нь удахгүй Ахмад настнуудын эгнээнд шилжинэ шүү дээ. Тэгэхээр тэр үед нөхцөл байдал бол шал ондоо болоод явчихна л даа. Ийм учраас бид нар одооноос үйл ажиллагаандаа анхаарал хандуулж, Ахмад настай иргэдийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэр үед Тэтгэврийн даатгалын санг алдагдалгүй ажиллуулах нөхцөл, орчныг бүрдүүлэх чиглэлд онцгой анхаарах шаардлага урган гарч байгаа юм. Жишээлбэл Япон улсад бол Ахмад настнуудынхаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн тусгай хууль хүртэл байдаг юм билээ. Тэгэхээр бид нар ч гэсэн үүн дээрээс үндэслэл болгоод одооноос энэ асуудлыг эхлэх ёстой, энэ чиглэлийн зүйл заалтуудыг энэхүү хуулиндаа ч тусгах ёстой гэдэг байдлаар ажиллаж байгаа болно. Монгол Улс бол хүн хүчний нөөц, хүн амын тоо багатай ийм орон л доо. Тэгэхээр бид нар хүссэн хүсээгүй өндөр өсөлттэй эдийн засаг, ДНБ-нээ огцом нэмэгдүүлье л гэж бодож байгаа бол ирээдүйд Ахмад настнуудаа тодорхой ажлын байруудад ажиллуулах, Ахмад настнуудынхаа үр бүтээлийг нь ч хангалттай хэмжээгээр ашиглах шаардлага угаасаа цаанаасаа бий  болно л доо. Тэгэхээр бид нар энэ чиглэлээр хуулиндаа эхний ээлжинд нээлттэй байдлаар зүйл заалтуудыг оруулахаар ажиллаж байгаа. Ялангуяа өндөр мэргэжлийн ахмад настнууд нь залуу халаагаа бэлтгэх, залуу үедээ зөвлөн туслах чиглэлийн зүйл заалтуудыг оруулахаар ажиллаж байгаа юм.

-Хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой, түүний эрэлт нийлүүлэлтүүдтэй холбоотой судалгаанууд руу чиглэсэн өөрчлөлтүүд байгаа болов уу?

-Ер нь Хөдөлмөрийн асуудал хариуцсан яамны үндсэн гол үүрэг нь Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт ямар байна, нийлүүлэлт нь ямархуу түвшинд байна гэдэг дээр анализ хийгээд үүн дээрээ үндэслээд Боловсролын яаманд захиалга өгөх чиглэлээр л голлон ажилладаг л даа. Тэгэхээр энэ хүрээнд ХНХЯ-д судалгааны институт байгуулчихаад ажиллуулж байгаа. Гэхдээ хууль эрх зүйн орчин нь хангалттай биш байгаа л даа. Ийм ч учраас бид нар энэ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулин дээрээ Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлох, судалгаа хийх үйл явц, судалгаа хийх байгууллагуудын тогтолцоо зэрэг бүх л зүйлүүдийг тусгахаар ажиллаж байна.

-За Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиа шинэчилж, ард иргэдээ тодорхой ажил, орлоготой болгох чиглэлд дэвшил гаргахаар ажиллаж байгаа ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын Хэлтсийн хамт олон та бүхэнд амжилт хүсье. Тэр талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа?

-За өөрт чинь ч гялайлаа. Бидний ажиллаж байгаа, шинэчлэхээр зүтгэж байгаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай энэ хууль батлагдан гарснаар Монголд ажлын байр нэлээн нэмэгдэж, тэр хэрээр ч иргэдийн маань ажил, орлого нэмэгдэх учиртай юм. Ямартай ч энэ хууль маань удахгүй шинэчлэгдэн батлагдах нь тодорхой гэж дүгнэж байгаагаа эцэст нь тэмдэглэчихье. За баярлалаа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.